Банкуудын IPO гаргах хугацааг сунгах хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжих асуудлаар гурван удаа санал хураав
2022-05-12

                УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар дөрөвдүгээр сарын 29-нд өргөн мэдүүлсэн, Монгол Улсын хөгжлийн 2023 оны төлөвлөгөө батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэхээр товлосон ч Эдийн засаг, хөгжлийн дэд сайд, хариуцсан албан тушаалтнууд нь байхгүй учраас хойшлууллаа.

           Дараа нь Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв. Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийг 2021 оны нэгдүгээр сарын 29-нд баталсан. Уг хуульд тусгаснаар банкууд ирэх сарын 30-нд багтаан олон нийтэд нээлттэй хувьцаат компанийн хэлбэрт шилжсэн байх ёстой. Тэгвэл уг хугацааг сунгахаар дээрх төсөлд тусгажээ. Төслийн талаар ХНХ-ын сайд А.Ариунзаяа танилцуулав. Тэрбээр “УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны тавдугаар тогтоолоор системд нөлөө бүхий банкуудыг нээлттэй хувьцаат компанид шилжүүлэх хугацааг сунгах тухай саналыг Ерөнхий сайдад ирүүлсэн. Засгийн газар уг саналыг дэмжиж, шийдвэрийн төсөл боловсруулахдаа дараах байдлыг харгалзан үзсэн. Үүнд нэгдүгээрт, цар тахлын хямралаас үүдэлтэй эдийн засгийн хямралыг дагасан үнийн өсөлт, сүүлийн үед олон улсад бий болсон цэрэг, улс төрийн хурдацмал байдлаас шалтгаалан цаашид эдийн засаг, санхүү, төсвийн нөхцөл байдал хүндэрч, хөрөнгө оруулалтын орчин эрсдэлд орох хандлагатай байна. Хоёрдугаарт, уг шалтгааны улмаас инфляцын өсөлт тооцоолсноос өндөр гарч, улсуудын Төвбанк бодлогын хүүгээ өсгөж байна. Үүнийг харгалзан Монголбанкнаас цар тахлын үед мөнгөний бодлогын хүүг зургаан хувь болгож бууруулсныг 2022 оны гуравдугаар сард есөн хувьд хүргэсэн. Гуравдугаарт, дэлхий дахинд бий болоод буй бараа бүтээгдэхүүний тээвэрлэлтийн гацаа болон үнийн өсөлт нь инфляцад нөлөөлж байгаа тул төвбанк мөнгөний бодлогын хүүгээ түр хугацаанд тогтвортой хадгалах, цаашид чангаруулах, ханшийн оновчтой бодлогын дотоод, гадаадын үнийн өсөлттэй уялдуулах, санхүүгийн тогтвортой байдлыг ханган ажиллахын тулд зах зээлд хувьцаагаа гаргахаар төлөвлөсөн банкуудад активын чанарын үнэлгээ хийх шаардлага үүслээ. Банкууд нээлттэй хувьцаат компанид шилжихээс өмнө тэдгээрийн төлбөрийн чадварт цар тахлын үзүүлсэн нөлөөлөл, өөрийн хөрөнгийн хэмжээ, эрсдэлийг харгалзан активын чанарын үнэлгээ хийлгэх, хийлгээгүй тохиолдолд банкны хувьцааны үнэлгээ буруу гарах, улмаар хөрөнгө оруулагчдад эрсдэл тулгарахаар байна. Банкны хувьцааг дотоодын хөрөнгө оруулагчид худалдан авахад эх үүсвэр дутагдаж болзошгүй байна. Системд нөлөө бүхий банкууд 430-580 тэрбум төгрөгийн үнэ бүхий хувьцааг олон нийтэд санал болгох урьдчилсан тооцоо гарлаа. IPO хийх хугацааг хэт ойр тогтоох нь хөрөнгийн зах зээлд банкны үнэлгээ буурах эрсдэлийг дагуулж болзошгүй. Хөрөнгийн зах зээл өсөлттэй байгаа ч виртуаль хөрөнгө буюу койны зах зээлээс авсан сургамж, туршлагад үндэслэн, хоёрдогч зах зээлийн арилжаанд үнэ буурах, ногдол ашиг тараах, эсэхийг харгалзан хөрөнгө оруулагчдын анхдагч зах зээлд оролцох идэвх сонирхол буурч болзошгүй. Ийм банкуудын IPO хийх хуулийн хугацааг сунгаж, энэ хугацаанд Монголбанк банкуудын активын чанарын үнэлгээ хийж, санхүүгийн тайланд нь тусгуулах арга хэмжээ авах нь тохиромжтой гэж үзсэн” хэмээв.

УИХ-ын гишүүд ажлын хэсгийнхэнд асуулт тавьж, хариулт авсныг тоймлон хүргэе.

Н.Ганибал: Дэлхийн түүхэнд, бусад улсад тухайн банкны хувь эзэмшигчийн эзэмшиж буй хувийг захиргааны аргаар буюу хүчээр багасгах арга хэмжээ авч байсан уу. Олон улсын судалгаанаас харахад тухайн банкны нийт хөрөнгийн хэмжээ ихэсвэл таны эзэмшиж буй хувь багасах онолоор хэрэгжиж байсан юм биш үү.

Б.Лхагвасүрэн (Монголбанкны ерөнхийлөгч): Олон улсад тогтоосон жишиг стандарт бий. Тухайлбал, дунджаар нэг эзэмшигч 20-иос илүүгүй хувь эзэмшдэг стандарттай. Тэгэхээр Банкны тухай хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр уг хэмжээг 20 хувь гэж заасан нь жишиг стандарттай ойрхон тусаж байгаа.

Г.Амартүвшин: Энэ хуулийг бөөн юм болж байж баталсан. Олон жилийн турш энэ хуулийн төслийг “дараад”, хэлэлцэхгүй байсан. Арай гэж баталсан хуулийн хэрэгжих хугацааг хойшлуулъя гэж ярих нь зохисгүй. Банкны салбарт заавал хийх ёстой реформ. Олон улсын байгууллага, цар тахал, шинжээчийн зөвлөмж гэсэн шалтгаанаар банкны IPO хийх процессыг зогсоож болохгүй. Банкуудын өөрийн хөрөнгө нь 2021 оны эцсийн байдлаар хангалттай буюу 15 хувьтай байгаа. Хөрвөх чадвар нь 41 хувьтай. Системийн ач холбогдолтой таван том банк 500 тэрбум төгрөгийн ашигтай ажилласан. Монголын банкны холбооны саналыг авсан уу. Таван том банк IPO хийхэд бэлэн, бэлтгэлээ хангасан, аудитаар хянуулсан тайлангаа бэлтгэж, Санхүүгийн зохицуулах хороонд хүргүүлсэн. Гэтэл яагаад хугацааг нь бүтэн жилээр хойшлуулахаар болчив. Миний хардаж байгаагаар 1-2 банкны лобби орсон байна. Бэлтгэлээ хангаагүй, нээлттэй хувьцаат компани болох сонирхолгүй банкуудын лобби юм биш үү. Койн гэсэн “хадны мангаа”-гаар айлгах нь зохимжгүй.   

Б.Лхагвасүрэн: Хойшлуулж байгаа зүйл огт байхгүй. Зөвхөн хугацааг нь сунгаж байгаа. Банкууд өнөөдрийн байдлаар ХХК хэлбэрээр үйл ажиллагаа явуулдаг. Банкийг олон нийтэд нээлттэй хувьцаат компанид шилжүүлэх процесс зургадугаар сарын 30-наар дуусна. Ийм богино хугацаанд системийн нөлөө бүхий таван том банк хувьцаагаа нэгэн зэрэг олон нийтэд санал болговол үнэ ханшид нь нөлөөлөх нөхцөл үүсэх эрсдэлтэй. Тиймээс банкны хэлбэрээ шилжүүлэх хугацааг нь ирэх оны зургадугаар сарын 30 болгож сунгаж байгаа юм. Бэлэн болсон банкууд IPO зарлах нь нээлттэй.

Г.Амартүвшин: Хугацааг нь яагаад нэг жилээр сунгаж байгаа юм бэ. Есдүгээр сарын 30 хүртэл сунгаж болдоггүй юм уу. Ийм удаан хугацаагаар сунгахаар банкуудын өнгөрсөн онд аудитаар баталгаажуулсан тайлангаа танилцуулж, IPO хийж чадахгүй болчихно.  

Б.Лхагвасүрэн: Төвбанкны хувьд хугацааг нь тодорхой хэмжээгээр сунгаач гэсэн хүсэлтийг л тавьсан. Хагас, эсвэл бүтэн жилээр нь сунгах тухайд зарчмын байр суурь илэрхийлээгүй. Засгийн газрын хуралдаанаар уг асуудлыг хэлэлцэх үед нэг жилээр сунгах тухай санал дэмжигдсэн. IPO хийхээс өмнөх хугацаанд банкуудад активын чанарын үнэлгээ хийнэ. Үүнийг ирэх долоо хоногоос эхлүүлнэ. Хоёр сарын дараа дуусах байх.

С.Ганбаатар: УИХ өөрийнхөө гаргасан шийдвэрийг өөрчлөх гэж байна. Энэ нь Монголын эрх баригчид, шийдвэр гаргагчид барьцаалагдсан байна гэсэн үг. IPO гаргахад бэлэн болсон банк байна уу. Нэрийг нь хэлж болох уу. Ганцхан энэ банк бэлэн биш байгаа гэсэн шалтгааныг надад хэлээч. Банкны харилцагч, үйлчлүүлэгчдийн саналыг авсан уу.

Б.Лхагвасүрэн: IPO гаргах зөвшөөрлийг хоёр банкнаас Санхүүгийн зохицуулах хороонд хүргүүлсэн гэж Эдийн засгийн байнгын хорооны хурлын үеэр дурдсан. Банкны тухай хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр системийн нөлөө бүхий таван банк заавал олон нийтэд хувьцаагаа нээлттэй худалдах үүрэг хүлээсэн. Үүргээ биелүүлэх хугацаа нь зургадугаар сарын 30-наас хязгаарлагдана. Хэлбэрээ өөрчлөхөд нь 1.5 сарын хугацаа үлдсэн нь богино байна гэсэн асуудал ярьж байгаа. Активын чанарын үнэлгээ хийх зайлшгүй шаардлагатай гэсэн зөвлөмжийг олон улсын шинжээчид өгсөн гэв. 

 

                Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжье гэсэн саналын томьёоллоор санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 51 хувь нь татгалзлаа. УИХ-ын дарга Г.Занданшатар байхгүй гишүүдийн санал эсрэг кнопоор дарагдсаныг хэлсний дараа УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнэ гишүүн дахин санал хураалтыг хүчингүйд тооцох горимын санал гаргав. Горимын саналын дараа дахин санал хураалт явуулахад дээрх төслийг хэлэлцэхийг мөн л гишүүдийн 51 хувь нь дэмжсэнгүй. УИХ-ын дарга Г.Занданшатар миний санал эсрэг гарсан байна гэж тодотгоод, санал хураалтыг дахин явуулснаар дээрх хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжиж, байнгын хороонд шилжүүлэв.

Сэтгэгдэл