Засгийн газрын өнөөдрийн хуралдаанд Хөгжлийн банкны чанаргүй зээлийн эргэн төлөлт болон 2023 онд хугацаа нь дуусах "Самурай" бондын талаар авах арга хэмжээний талаар Сангийн сайд Б.Жавхлан Засгийн газрын гишүүдэд танилцуулжээ. Тус банкны чанаргүй зээлээс 201 тэрбум төгрөгийн өрийг төлөөд байгаа аж. Мөн “Кью Эс Си” компани 60 тэрбум төгрөгийн зээл нэмж төлөхөө мэдэгдсэн байна. Хөгжлийн банкны чанаргүй зээлийн эргэн төлөлтөөс 2023 оны арванхоёрдугаар сард төлөх ёстой "Самурай" бондыг хугацаанаас нь өмнө төлнө” гэж Сангийн сайд мэдээлэв. Түүнчлэн 2022 онд Хөгжлийн банкны чанаргүй зээлийн 50 хувийг төлүүлэх төлөвлөгөөтэй ажиллаж байгааг хэллээ.
Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн дэмжээд, УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт, Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогод заасныг хэрэгжүүлэх зорилготой хуримтлалын сан болон хөгжлийн сангаас бүрдэх Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг боловсруулах шаардлага үүсчээ. Тус хуулийн төсөл нь үндэсний баялгийн сангийн төрлийг тогтоож, тус сангийн хөрөнгийн удирдлагыг хэрэгжүүлэхэд баримтлах нийтлэг зарчим, сангийн тайлагнал, ил тод байдлыг хангахтай холбогдсон харилцааг зохицуулна. Мөн сангийн үйл ажиллагаанд эдийн засгийн хүртээмжтэй өсөлтийг хангах, ард түмэнд үр өгөөжийг тэгш, шударга хүртээх, хараат бус, бие даасан байх, ил тод, нээлттэй байх, хариуцлагатай байх зарчмыг баримтлахаар зохицуулжээ. Тус хуулийн төслийг дагалдуулж Хөгжлийн сангийн тухай хуулийг боловсруулж, Ирээдүйн өв сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Зөрчлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг тус тус боловсруулсан байна.
“Эрдэнэс Монгол” ХХК-ийн зохион байгуулалтын бүтцийг шинэчлэн баталлаа
“Эрдэнэс Монгол” ХХК-ийн зохион байгуулалтын бүтцийг шинэчлэн баталлаа. Тус компанийн бүтцийг цомхон чадварлаг болгоход анхаарч, давхардсан шаардлагагүй бүтцийн нэгжийг нэгтгэх, чиг үүргийг тодорхой болгох арга хэмжээ авах, түүнчлэн нэгдлийн хэмжээнд санхүүгийн сахилга бат сайжруулах, нэгдсэн удирдлагаар хангах, өртөг зардал бууруулах, үр ашигтай ажиллахад анхаарах, үйл ажиллагаа явуулдаггүй, үр ашигггүй хараат болон охин компани, төслийн нэгжийг татан буулгах, хараат болон охин компаниудын давхардсан Төлөөлөн удирдах зөвлөлийг нэгтгэх, татан буулгах, нэгдийн үйл ажиллагааны уялдааг сайжруулах талаар зохих арга хэмжээ авч эргэн танилцуулахыг холбогдох хүмүүст даалгав.
Тус компани 10 захиралтай. Шинэ бүтцээр удирдлагын зургаан бүрэлдэхүүнтэй ажиллах аж. Мөн орон тооны хязгаарыг нь бууруулж, цомхон чадварлаг бүтцээр ажиллан, холбогдох бусад зарлагыг хэмнэх юм байна. Өнөөдрийн байдлаар стратегийн ач холбогдол бүхий 16 ордын 5 ордод төрийн оролцоог хангаж, эдийн засгийн эргэлтэд оруулах, олборлох, ашиглах ажиллагаанд оролцож, нийт гурван хувьцаат компани, 10 охин болон хараат компани, гурван төслийн нэгж, нэг оператор компанитайгаар үйл ажиллагаа явуулж байна. "Эрдэнэс Монгол" нэгдэл 2007-2020 онд улсын болон орон нутгийн өмчийн төсөвт нийт 770.1 тэрбум төгрөгийн татвар, хураамж болон бусад төлбөрийг төлжээ.
Нөөцийн махны өргөтгөсөн худалдаа зохион байгуулна
Хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний нийлүүлэлтийг сайжруулах, хөдөө аж ахуйг дэмжих багц зээлийг шуурхай олгох чиглэлээр авч хэрэгжүүлж байгаа зарим арга хэмжээний талаар Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайха Засгийн газрын хуралдаанд танилцуулга хийлээ. Улсын хэмжээнд гол нэрийн 10 төрлийн хүнсний бүтээгдэхүүний нийт 204,5 мянган тн нөөцтэй байна. Хоногийн хэрэглээгээр тооцвол гурил, гурилан бүтээгдэхүүн 160, элсэн чихэр 142, төмсний 88, махны 62, төрөл бүрийн будааны 48, давсны 40, ургамлын тосны 30, хуурай сүүний 22, хүнсний ногооны 16, өндөгний дөрөв хоногийн нөөц байна. Энэ сарын 5-ны байдлаар 2143,6 тн нөөцийн мах борлуулсан нь нийт бэлтгэсэн махны 17 орчим хувь байна. Иргэд нөөцийн махны чанарт сэтгэл хангалуун, үнэ зах зээлийн үнээс 35 хувиар хямд байна. Гэсэн ч нөөцийн махны борлуулалтын түвшин өмнөх оны мөн үеэс 45 хувиар бага байна. Иймд салбарын яамнаас Улаанбаатар хотын Захирагчийн Ажлын албатай хамтран нөөцийн махны өргөтгөсөн худалдааг нягтаршил ихтэй төвлөрсөн худалдааны төв, орон сууцны хороолол, захын дүүргүүдэд зохион байгуулахаар төлөвлөжээ.
“Гурил, махны үнийн өсөлт, хомстлоос сэргийлэх зарим арга хэмжээний тухай” тогтоолын дагуу хүн амын 2022-2023 оны хүнсний хэрэгцээнд зориулан нөөцийн мах бэлтгэн нийлүүлэгчид 130, дотоодын улаанбуудайгаар гурил үйлдвэрлэгч аж ахуйн нэгжид 100 тэрбум төгрөгийн зээлийг арилжааны банкны эх үүсвэрээр санхүүжүүлэх ажлыг зохион байгуулж байна.
Засгийн газрын хуралдаанаар дараах шийдвэрийг гаргажээ. Үүнд