“Электрон тамхийг цахилгаан бараанд хамруулдаг учир онцгой албан татвар ногдуулдаггүй”
2022-05-11

             УИХ-ын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Ерөнхий боловсролын сургуулийн үйл ажиллагааны /тамхины хэрэглээ/ тухай Боловсрол, шинжлэх ухааны сайд болон Эрүүл мэндийн сайдын мэдээлэл сонсов. Мөн Биеийн тамир, спортын тухай хуулийн хэрэгжилтийг хангах зарим арга хэмжээний тухай 2021 оны аравдугаар сарын 19-ний 08 дугаар тогтоолын хэрэгжилтийн талаар Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан танилцууллаа. Энэ үеэр гишүүд асуулт тавьж, хариулт авсан юм.

 

Т.Аубакир: Үндэсний цөөнхийн хүүхдүүдийг сурах бичгээр хангах ёстой. Сурах бичгээр хангах хөтөлбөр боловсруулах асуудлыг тухайн салбарын сайд зохион байгуулахаар хуульд заасан. Үндэсний цөөнхийн хүүхдүүд эх хэлээрээ боловсрол эзэмших эрхтэй. Тэгэхээр үндэсний цөөнхийн хүүхдүүдийг сурах бичгээр хангах, сурах бичгийн стандартыг хангах тал дээр ямар ажил төлөвлөж байна вэ?

Л.Энх-Амгалан: Баян-Өлгий аймагт боловсролын бодлого алдагдчихсан юм билээ дээ. Үндэстний онцлогийг нь оошоогоогүйгээс сургалтын чанар, хичээлийн хоцрогдол нь ихэсч, олон жилийн ужиг үүссэн. Хичээлийн хоцрогдлыг цар тахлын өмнөх ба дараах гэж хоёр үед авч үзэж байгаа. Цар тахлын өмнөх үед Баян-Өлгий аймагт хичээлийн хоцрогдол нь хэлний асуудлаа болж үүссэн юм байна. Баян-Өлгийд хэрэглэдэг сурах бичгийг Боловсролын судалгааны үндэсний хүрээлэнд олон жилийн турш ажиллаж ирсэн Канад гэж ганцхан хүн бичдэг. Гэхдээ тэр хүний хэлээр бичсэн сурах бичгийг хүүхдүүд ойлгодоггүй юм билээ. Салбарын хамтарсан томоохон баг Баян-Өлгий аймагт өнгөрсөн намар хоёр ч удаа очиж, ажиллан, судалгаа үнэлгээ хийсэн. Цаашид Боловсролын судалгааны үндэсний хүрээлэнгийн салбарыг тус аймагт байгуулна гэж төлөвлөж байгаа. Баян-Өлгийн хүүхэд, залуусын хэл нь Казакстан хэлэнд нэлээд дөхсөн, ахмад, дунд үеийнхнийх нь бас өөрчлөгдсөн юм билээ. Тэгэхээр өнгөрсөн жилд хос хэлээрх сурах бичгийн боловсруулж, түгээсэн. Цаашид Боловсролын багц хуулийг баталбал үндэсний цөөнхийн хэл, сурах бичгийн асуудлыг тусад нь бодлогоор зохицуулах зайлшгүй шаардлага бий. Энэ зохицуулалтыг хуулийн төсөлд тусгасан.

Б.Баярсайхан: 2020 онд 2047 ширхэг электрон тамхи импортолсон бол 2021 онд энэ тоо 2.6 сая ширхэг болж огцом өссөн. Электрон тамхины хэрэглээ өссөн цаад учрыг сонсмоор байна. Зөвхөн нэг жилийн дотор худалдан авах хэмжээ нь 1300 дахин өсөж, улсын хэмжээнд 11 тэрбум төгрөг зарцуулаад байгаа электрон тамхины одоогийн нөхцөл байдлыг шинжиж харвал үүнийг импортлоход татвар авдаггүй юм байна. Мөн үнэ нь хямд, залуусын дунд “тренд” болж байгаа гэсэн учир шалтгаан бий гэж харж байна. Манай улс ийм төрлийн тамхийг хилээр цахилгаан барааны нэр төрөлд хамааруулж, нэвтрүүлдэг гэнэ. Тиймээс 2021 онд хүртэлх хугацаанд импортолсон электрон тамхинаас онцгой албан татвар авах нь бүү хэл ямар ч хяналт шалгалтгүйгээр чөлөөтэй нэвтрүүлсэн гэж ойлгож байна. Тамхины хэрэглээг бууруулахад холбогдох яамнаас ямар бодлого хэрэгжүүлж байна вэ. Электрон тамхи хүний эрүүл мэндэд ямар нөлөө үзүүлдэг вэ. Тархины хорт хавдар үүсгэх сөрөг нөлөөтэй гэдэг нь үнэн үү. Цаашид ямар арга хэмжээ авах вэ?

Б.Буянтогтох (Эмнэлгийн тусламжийн бодлого, хэрэгжилтийг зохицуулах газрын дарга): Тамхины хяналтын тухай хуулиар электрон тамхинд ямар ч зохицуулалт үйлчлэхгүй учир тус хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хэрэгцээ шаардлага бий. Мөн дагалдан гарах хууль буюу Онцгой албан татварын тухай хуульд үүнтэй холбоотой зохицуулалт тусгах ёстой. Хэчнээн нэгжээр татвар ногдуулах вэ гэдгийг ажлын хэсэг судалж байгаа. Электрон тамхийг урт хугацаанд хэрэглээгүй учраас нэг, хоёр л сөрөг тохиолдол бий. Энэ нь электрон тамхинаас болж үүссэн гэхэд ч хэцүү. Баталгаатай судалгаа байхгүй учир уг тамхинаас болж тархины хорт хавдар туссан гэж хэлэх боломж үнэндээ бага байна. ДЭМБ-аас тамхи хэрэглэдэггүй хүнийг хэрэглэхээс нь урьдчилан сэргийлэх, хэрэв хэрэглэдэг бол татгалзахад нь чиглэж ажиллах зөвлөмжийг өгдөг. Бидний хувьд хэлбэрээс нь үл хамаарсан алхмыг чухалчилж байгаа.

Б.Ганбаяр (БШУ-ы дэд сайд): Тамхины хяналтын тухай хуулиар дотоод орчин утаат тамхи татахыг хориглосон. Харин электрон тамхины хэрэглээнд ийм зохицуулалт үйлчлэхгүй учраас дотоод орчинд үүнийг татах нь нээлттэй. Энэ нь электрон тамхины хэрэглээ өссөн нэг нөлөөлөл гэж үзсэн. Өсвөр насны хүүхдүүдийн гуравны хоёр нь электрон тамхи хэрэглэж байгаа. Тиймээс эрүүл мэндийн хичээлээр тамхины сөрөг нөлөөний талаар хичээл мэдээж заадаг. Гэвч сургуулийн орчинд электрон тамхины худалдааг хориглохгүйгээр хэрэглээг нь хазгаарлахад хүндрэлтэй. Сургуулиас 150 метр радиуст худалдахыг хориглоно гэсэн заалтыг хэрэгжүүлэх боломжгүй. Байшин, гэр хороололд энэ хэмжээг баримтлахад хүндрэлтэй байгаа. Цаашид архи тамхийг бүх дэлгүүр бус, төвлөрсөн цэгүүдээс олгодог болж, худалдааг нь зохицуулахгүй бол болохгүй нь.

Г.Амартүвшин: Электрон тамхийг битүү орчинд татах боломжтой, мөн үнэргүй учир хүүхдүүд их татаж байна. Хуулийн цоорхой л байна. Электрон тамхийг цахилгаан барааны төрөлд хамруулдаг, Тамхины хяналтын тухай хууль үйлчилдэггүй. Тэгэхээр олон нийтэд зөв ойлгуулах, таниулах тал дээр ажиллах хэрэгтэй. Жишээ нь, АНУ, Европт электрон тамхины орцын хэмжээг хуульчилсан байдаг. Никотины дээд хэмжээг нь хуульчилсан, түүнчлэн 21-ээс доош насныханд борлуулахыг хориглодог. Үүнд анхаарлаа хандуулах хэрэгтэй.  

Б.Ганбаяр: Электрон тамхийг сургуулийн орчинд худалдах нь хориотой л байгаа. Хамгийн гол нь залуус, хүүхдүүд цахим сүлжээгээр дамжуулан бие биедээ түгээдэг. Эцэг, эхчүүдийн хараа хяналтыг орхичихоод байна. Бүх зүйлийг төрөөс хянах боломжгүй. Хүүхдүүд нь хаана, юу хийж байгааг мэддэг эцэг, эхчүүд хэр их байгаа вэ. 16 настай хүүхдийг CU, GS25-д ороод бэлэн гоймон, эсвэл электрон тамхи худалдаж авч байгааг төр хянах ямар ч боломжгүй. Сургуулийн орчинд утаат, электрон тамхийг борлуулах нь хориотой. Хэнтий аймагт сургуулийн хашаанд тамхи татаж байгаа 18 настай хүүхдэд багш шаардлага тавихад тухайн хүүхэд багштайгаа хэрэлдээд, алгадуулсан тохиолдол гарсан. Тухайн багш багшлах эрхээ хасуулж, ажлаасаа халагдсан. Уг нь шаардлага нь зөв ч илэрхийлэх арга барил нь буруу учир ажлаа өгсөн. Тэгэхээр эцэг, эхчүүдийн анхаарлыг сайжруулах шаардлагатай. Эрүүл мэндийн болон БШУ-ы сайдын хамтарсан, сургуулийн 150 метр орчмын радиуст чипс, электрон тамхи худалдахыг хориглосон тушаал гаргасан ч ТҮЦ эрхлэгчдийн эсэргүүцэлтэй тулгарсан. Яагаад гэвэл ТҮЦ, дэлгүүрийн хамгийн гол орлого нь чипс, газтай ундаа юм билээ. Тэгэхээр хууль, эрх зүйн орчныг нь яаралтай өөрчлөх, сайжруулах шаардлагатай.

 

 

Сэтгэгдэл
Иргэг2023-07-03 04:45202.55.188.117
Чипс газтай ундаа хоргүй тээ? Ганбаяраа хуцаарай чи.