“Капитал банкны өрөнд авсан орон сууцуудыг ажилтнуудад зүгээр өгөөгүй, банкны зээлээр олгосон”
2022-05-10

                  УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн 2021 оны үйл ажиллагааны тайланг сонслоо. Тус зөвлөл нь есөн гишүүнтэй, даргаар нь Эрүүл мэндийн сайд С.Энхболд ажилладаг. Эрүүл мэндийн даатгалд хамрагдалтын түвшин 96.8 хувьд хүрчээ. Өнгөрсөн онд тус санд 951.2 тэрбум төгрөг төвлөрүүлэхээр баталсан бол үүнийг давуулан буюу 1.2 их наяд төгрөгийн орлого хуримтлуулсан байна.

              Эрүүл мэндийн даатгалын сангаас 1 159.2 тэрбум төгрөгийг эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардалд гүйцэтгэлээр нь тооцон, эмнэлгийн байгууллагын үйл ажиллагааны зардалд 7.5, Нийгмийн даатгалын ерөнхий газарт олгох зардалд 1.1, бусад зардалд 40.2 тэрбум, Нийгмийн даатгалын тухай хуулийн 19.4 дэх заалтыг үндэслэн, илүү төлсөн шимтгэлийг буцаан олголтод 79.9 сая төгрөг зориулжээ. Мөн тус сангаас давхардсан тоогоор 7 749 699 иргэнд 368.6 тэрбум төгрөг зарцуулсан байна. Тодруулбал, “Ковид-19”-өөр өвчилсөн 296  107 хүнийг хэвтүүлэн эмчлэх зардалд 285.4, гэртээ тусгаарлагдсан 477 278 иргэний эмчилгээнд 44.6, 4 428 731 иргэнийг вакцинжуулахад 22.1, 304 696 иргэний сорьцыг шинжлэхэд 15.2, 2 271 157 хүний ПСR шинжилгээний зардалд 1.1 тэрбум төгрөгийг тус тус зарцуулжээ.

            Эрүүл мэндийн даатгалын сангийн хөрөнгийг Капитал банканд төвлөрүүлж байхад тус банк дампуурсан. Тиймээс өр төлбөрийг барагдуулах чиглэлээр дээрх зөвлөл тодорхой ажлууд хийжээ. Тухайлбал, ЭМДҮЗ-ийн зургадугаар тогтоолоор өр төлбөрт тооцон авах боломжтой 61.7 тэрбум төгрөгийн үнэлгээ бүхий 74 үл хөдлөх хөрөнгийн жагсаалтыг баталж, биелэлтийг нь хангуулж буй аж. Эдгээр үл хөдлөх хөрөнгийг даатгалын санд хүлээн авах, хадгалах, хамгаалах, ашиглах, түрээслүүлэх, худалдан борлуулах журам гаргажээ. Өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 31-ний байдлаар Капитал банкнаас авах ёстой өр төлбөрөөс 8.1 тэрбум төгрөгийг мөнгөн хэлбэрээр, 36.4 тэрбумын өртөг бүхий 39 объект, Нийгмийн даатгалын ерөнхий газартай хамтран 10 объектыг шилжүүлж авсныг Эрүүл мэндийн сайд онцлов. Авлагын үлдэгдэл 91.6 тэрбум төгрөгийг барагдуулах ажлыг энэ онд үргэлжүүлж байгаа гэнэ.

Энэ үеэр гишүүд ямар асуулт тавьж, хариулт авсныг тоймлон хүргэе.

С.Чинзориг: Гүйцэтгэлээр нь санхүүжүүлдэг тогтолцоог эргэж харах хэрэгтэй. Чадавх муутай эмнэлгүүд бий. Жишээ нь, сумын эрүүл мэндийн төв, өрхийн эмнэлгүүд.

Д.Сарангэрэл: Асуудал мөнгөндөө байгаа. Цар тахлын үеэр Эрүүл мэндийн даатгалын сангийн мөнгийг зарцуулсан. 540 тэрбум төгрөгөөс 300 тэрбумыг нь өгсөн бил үү. Цар тахлын үед хэрэглэсэн Эрүүл мэндийн даатгалын сангийн мөнгийг “Ковид”-ын хуулийн дагуу төсвийн ерөнхийлөн захирагч нар хоорондоо гүйлгээ хийж, эргэж өгөх юм билээ. Энэ мөнгийг өгсөн үү. Гүйцэтгэлээр нь санхүүжүүлдэг тогтолцоо эмнэлгийн байгууллагын дарга нарын менежменттэй их холбоотой. Хэрвээ гүйцэтгэлээр нь санхүүжүүлбэл эмнэлгийнхээ ажилтнуудын цалинг нэмэх боломж нээлттэй.

М.Санжаадорж (Сангийн яамны газрын дарга): Эрүүл мэндийн даатгалын сангийн санхүүжилтийн хэлбэрийг нэг талд нь гаргах хэрэгтэй. Нэгдүгээрт, төр даах ёстой үйлчилгээ гэж бий. Хоёрдугаарт, төр даах ёстой шимтгэл. Энэ нь Эрүүл мэндийн даатгалын санд орлого болж ирэх ёстой. Ийм аргаар санхүүжилт өгч болно. Эсвэл сангийн алдагдлыг нь хаах хэлбэрээр санхүүжүүлж болно. Жишээ нь, 2021 онд 580 тэрбум төгрөгийн санхүүжилтийг тус санд өгсөн. Үүний 80 тэрбум төгрөгийг нь төр даах ёстой шимтгэлийн санхүүжилт нэрээр шилжүүлсэн. Үлдсэн нь төрөөс даах ёстой эрүүл мэндийн үйлчилгээнийх.

С.Энхболд: “С.Энхболд”-ын үеийн тусламж, үйлчилгээнд 540 тэрбум төгрөг зарцуулсан. Үүнээс 300 тэрбум төгрөгийг нь 2021 оны төсвөөс гаргасан. 238 тэрбумыг нь энэ оны төсвөөс эхний улиралд олгосон. Тодорхой асуудал үүссэн ч Сангийн яамныхантай ярилцаад, зохицуулж байгаа. Гүйцэтгэлээр нь санхүүжүүлэх тогтолцоог сайн хэрэгжүүлэхэд их хугацаа шаардана.

П.Анужин: Капитал банкны өрөнд авсан орон сууцуудыг ЭМДЕГ-ын ажилтнуудад тараасан нь үнэн үү. Хүүхдүүдэд хэвтэх ор олдохгүй байхад энэ юу болж байна.

Л.Бямбасүрэн (ЭМДЕГ-ын дарга): Капитал банкны эрх хүлээн авагчаас ЭМДЕГ нэлээд олон объект хүлээн авсан. ЭМДҮЗ-ийн 2021 оны 11 дүгээр тогтоолоор ЭМДС-ийн авлагад үл хөдлөх хөрөнгийг хүлээн авах, хадгалах, хамгаалах, түрээслүүлэх, худалдан борлуулах журмыг баталсан. Уг журмын 6.37 дахь хэсэгт “ЭМДЕГ нь сангийн авлагад тооцон авсан орон сууцыг эрүүл мэндийн даатгалын байгууллагын албан хаагчид болон иргэн, хуулийн этгээдэд банкны зээлээр, эсвэл бэлэн мөнгөөр худалдан борлуулах ажлыг зохион байгуулж болно. Энэ тохиолдолд дуудлага худалдааг зохион байгуулахгүйгээр шийдвэрлэнэ” гэж заасан. Капитал банкны өрөнд авсан орон сууцуудыг ажилтнуудад зүгээр өгөөгүй. Тухайн орон сууцын үнийн дүнгээр нь банкны зээлд хамрагдан авах боломжийг л нээж өгсөн. Нийт 29 орон сууц хүлээн авсны 19 нь 80 хүгртэлх метр квадрат хэмжээтэй. Ажилтнууд банкны зээлд хамрагдаад төлсөн мөнгө нь ЭМДС-нд шилжиж орно гэсэн үг.

 

 

 

Сэтгэгдэл