УИХ-ын гишүүн С.Одонтуяа Ерөнхий сайдад шаардлага хүргүүлэх талаараа өнөөдөр мэдээлэл хийлээ. Тэрбээр УИХ-ын тогтоолын төсөл боловсруулж, өргөн барихаар бэлтгэж буй аж. Үүнээс өмнө уг төсөлд Засгийн газрын саналыг авах хуультай юм байна. Гэтэл Засгийн газар үүнд саналаа ирүүлэхгүй байгаа тул яаралтай хариу өгөх шаардлагыг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хүргүүлэхээ мэдэгдлээ.
Гишүүн С.Одонтуяа “Сонгуулийг холимог тогтолцоотой болгох боломж нь УИХ-д бий. Гэхдээ Үндсэн хуульд цогцоор нь нэмэлт, өөрчлөлт оруулахыг дэмжиж байгаа. Сонгуулийн холимог системийг яаж бий болгох вэ гэдгийг тайлбарлъя. 2016 оны тавдугаар сард хэсэг улстөрч хуйвалдан, Үндсэн хуулийн цэцээр тавдугаар дүгнэлт гаргуулж, УИХ-д оруулж ирсэн. Уг дүгнэлтийн дагуу тогтоол батлахад би хамгийн их эсэргүүцэж байсан. Энэ нь сонгуулийн дэвшилтэт системийг устгана гэдгийг би тухайн үед хөндсөн. Тэгэхээр УИХ хуралдаж, Цэцийн дүгнэлтийн дагуу гаргасан уг тогтоолыг хүчингүй болгоход л бүх асуудал шийдэгдэнэ. Ингэвэл 2012 онд хэрэгжүүлсэн сонгуулийн холимог систем эргэн сэргэнэ. Миний боловсруулсан тогтоолын төсөлд Ерөнхий сайд, Засгийн газраас саналаа ирүүлчихвэл би үүнийг УИХ-д яаралтай өргөн барьж, хэлэлцүүлнэ” гэв. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах нь зөв ч үүнийг багцаар нь, яаралгүй, алдаа мадаггүй хийх нь зүйтэйг тэрбээр онцоллоо.
Үндсэн хуулийн цэцийн тавдугаар дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх тухай УИХ-ын тогтоолыг 2016 оны тавдугаар сарын 4-нд гаргажээ. Уг тогтоолд “Сонгуулийн тухай хуулийн 7.1.1 дэх заалтад "хувь тэнцүүлсэн /пропорциональ/;", 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсэгт "УИХ-ын 48-аас илүүгүй гишүүнийг олонхын сонгуулиар, 28-аас илүүгүй гишүүнийг хувь тэнцүүлэх сонгуулиар тус тус сонгоно." гэж заасны "... 28-аас илүүгүй гишүүнийг хувь тэнцүүлэх сонгуулиар ..." гэж заасан нь Үндсэн хуулийн 21.2 дахь хэсэгт "УИХ-ын гишүүнийг Монгол Улсын сонгуулийн эрх бүхий иргэд ... шууд ... сонгоно.", 21.3 дахь хэсэгт "УИХ-ын гишүүнээр Монгол Улсын хорин таван нас хүрсэн, сонгуулийн эрх бүхий иргэнийг сонгоно." гэснийг тус тус зөрчсөн байна." гэсэн Үндсэн хуулийн цэцийн 2016 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 05 дугаар дүгнэлтийг хүлээн зөвшөөрсүгэй” гэж бичсэн байна.