Т.Доржханд: Сонгуулийн тогтолцоог өөрчлөхгүйгээр хэчнээн жагсаж, шаардаад ч нэмэргүй
2022-05-05

              УИХ-ын гишүүн Т.Доржханд төсвийн тодотголын эцсийн хэлэлцүүлгийн үеэр “Төр хэмнэж чадсангүй. Залуусын шаардлагыг биелүүлсэнгүй. Тогтолцоог нь өөрчлөхгүйгээр энэ бүхнийг шийдэж чадахгүй” гэж бухимдсан. Мөн тэрбээр чуулганы танхимд бус, ХҮН намынхан, иргэдтэйгээ нийлж, тайван жагсаал зохион байгуулахыг мэдэгдсэн билээ. Үүний дагуу “Өөрсдөө өөрчил, үгүй бол тар” уриатай тайван жагсаалыг өнөөдөр 12.00 цагт зохион байгууллаа.

                Гишүүн Т.Доржханд иргэд, залууст хандаж хэлсэн үгэндээ “Энэ бол тайван жагсаал. Монгол Улсын иргэд үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх, тайван цуглаан хийх эрхээ эдэлж чаддаг соёлыг түгээх учиртай. Тиймээс энэ жагсаалд ирсэн иргэд, оролцогчид, цагдаа нар нь бие биенээ хүндэтгэх ёстой. 4 долоо хоногийн өмнө Сүхбаатарын талбайд мянга мянган залуус жагсаж, ирээдүйд минь итгэл өгөөч ээ гэж цугласан. Харамсалтай нь, залуусын “Өөрсдөө хэмнэ”, “Монголдоо сайхан амьдармаар байна”, “Ажлаа хий, асуудлаа шийд” гэсэн шаардлагыг УИХ-д хүргүүлсэн ч хангалттай үр дүнд хүргэж чадсангүй. Хэмнэлтийн тухай хуулийн төслийг Засгийн газар боловсруулж, УИХ-д өргөн барьсан. Гэвч төсвийн тодотголыг хэлэлцэх үеэр алдагдлыг нь бууруулсангүй. 18 их наяд төгрөгийн зарлагатай төсөв хэвээрээ л батлагдлаа. Асуудал нь тогтолцоондоо байна. Данхайсан төрийг цомхотгохгүй бол болохгүй нь ээ. Сонгуулийн системийг өөрчлөхгүй бол засагдахгүй юм байна. Төр хамгийн том бизнес эрхлэгч, ажил олгогч болчихсон байна” гэв.

                    Тогтолцоог өөрчлөхийн тулд Үндсэн хуульд өөрчлөлт оруулах ёстойг гишүүн Т.Доржханд онцоллоо. Хэрэв үүнийг хийхгүй бол УИХ тар, залуус өөрсдөө хийе гэж тэрбээр уриалав. Иргэдийн 40 хувийн саналыг авсан МАН 80 хувийн эрх мэдэлтэй байж таарахгүйг мөн хөндсөн. Жагсаалын дүнд УИХ-д дараах шаардлагыг хүргүүлэх аж. Үүнд  

  • Сонгуулийн холимог тогтолцоог нэвтрүүлэх
  • Үндсэн хуулийн 19.2 дахь заалт буюу улс төрийн нам байгуулахын тулд нийт сонгогчийн 1 хувиас багагүй буюу 20 мянга гаруй иргэн эвлэлдэн нэгдсэн байх ёстой гэсэн зохицуулалтыг хүчингүй болгох
  • Үндсэн хуулиар эдийн засгийн тулгуур төвүүд байгуулах боломжийг бүрдүүлэх
  • Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжүүдийн тоог бууруулах, сумдыг нэгтгэх, бүсчилсэн хөгжлийн боломжийг нээх
  • Аливаа хотын даргыг тухайн нутаг дэвсгэрийн иргэдийнх нь саналаар сонгодог болох
  • УИХ-ын гишүүдийн тоог нэмэх, гишүүн сайдын албан тушаалыг хавсран гүйцэтгэхийг зөвшөөрөх
  • Ерөнхийлөгчийг аймаг, нийслэлийн ИТХ-ын хурлаас сонгон ирүүлсэн төлөөлөгчдийг оролцуулан УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны шийдвэрээр сонгодог болох

 

                Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахыг УИХ-аас шаардахаар иргэд, залуусын гарын үсгийг Сүхбаатарын талбайд цуглуулж байна.

 

 

 

 

 

 

 

Сэтгэгдэл