Г.Дамдинням: Дархан-Уулын замын II, IV багцыг Хятадын бүтэлгүй компанид “өгсөн” үнэлгээний хороог шалгуулах ёстой
2022-05-05

            УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Олон Улсын авто тээвэрлэлт гүйцэтгэх тээврийн хэрэгслийн багийн ажлын тухай Европын хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцлээ. Засгийн газраас өргөн барьсан уг төслийг Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар танилцуулсны дараа гишүүд асуулт тавьж, хариулт авлаа.

Г.Дамдинням: Олон улсын гэрээ, хэлэлцээрт нэгдэх нь зөв байх. Гэхдээ манай улс дотооддоо чанар, стандартыг хангаж чадаж байна уу гэвэл асуудалтай. Мэдээж үүнд Дархан-Уулын автозамын асуудал хөндөгдөнө. Европоос урагшаа Ази руу чиглэдэг гол магистрал замаа бид дөрвөн жилийн турш “самарчихаад” сууж байна. Дархан-Уулын автозамын эвдрэл гэмтэлтэй холбоотойгоор иргэдэд учирч буй хохирлыг хэн хариуцах вэ. Энэ хохирлын үндсийг анхны үнэлгээний хороо тавьсан. Тодруулбал, Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хийж байгаа Дархан-Уулын автозамын II, IV багцыг Хятадын нэг бүтэлгүй компанид хариуцуулсан үнэлгээний хороог АТГ, хууль, хяналтын байгууллагаар шалгуул гэдэг хүсэлтийг би танд гурван удаа тавьсан. Гэмт хэрэгтэй тэмцэх нь Засгийн газрын үүрэг. Яагаад шалгуулах ажлыг хийхгүй, тойрч зугатаагаад байна вэ. Азийн хөгжлийн банкны зааврын дагуу Зам, тээврийн яам Үнэлгээний хороо байгуулж, шийдвэр гаргадаг хуультай. Дархан-Уулын замд гарсан ослын тоо сүүлийн хоёр жилд цар тахалтай холбоотойгоор 50 хувь буурсан. Засгийн газраас өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг цуцалснаас хойш ослын хэмжээ 38 хувиар өссөн байна. Энэ нь түр замын нөхцөл байдалтай холбоотой. Түр замыг стандартын шаардлагад нийцүүлэх, хөдөлгөөний аюулгүй байдлыг нь хангах, эдийн засгийн болоод эрүүл мэндийн хор хохирол учруулахгүй байх талаас нь хэрхэн анхаарч байгаа вэ?  

Л.Халтар: Үнэлгээний хороог шалгуулахаар АТГ-т ханд гэсэн бичиг таниас ирсэн. Энэ нь цаад утгаараа ЗТХЯ Азийн хөгжлийн банкийг шалгуулахаар АТГ-т хандахтай агаар нэг болчихоод байна. Тиймээс би танд хүсэлт тавьсан. УИХ дээр байгуулсан ажлын хэсгээс ЗТХЯ, Азийн хөгжлийн банк буюу хоёуланг нь АТГ-т “өг” гэж хэлсэн. Бид олон жилийн турш Азийн хөгжлийн банктай хамтран ажиллаж ирсэн. ЗТХЯ Азийн хөгжлийн банктай хамтран тендер сонгон шалгаруулсан. Гэтэл тендерийн үр дүнгээр буцаагаад хамтран ажилласан олон улсын байгууллагыг шалгуулах нь ёс зүйгүй хэрэг болно. Дархан-Уулын замын II, IV багцын хэсэгт цагдаагийн пост ажиллуулж байгаа. Гүйцэтгэгч нарт нэг л зүйлийг анхааруулж хэлсэн. Түр замд хурд хэтрүүлснээс бусад шалтгаанаар буюу замын муугаас болж иргэдийн амь нас, эрүүл мэнд, эдийн засагт хохирол үүсвэл гүйцэтгэгч компани хариуцна. Олон улсын гэрээгээрээ ийм заалттай юм билээ. Мөн манай яам гүйцэтгэгч нартай байгуулсан гэрээнд уг заалтыг тусгасан.

 

Сэтгэгдэл