“Мэдээлэл хүсэхдээ зорилгоо танилцуулж, зөвшөөрөл авна гэдэг нь маш ноцтой”
2021-11-09

            УИХ-ын Хууль зүйн болон Инновац, цахим бодлогын байнгын хорооны өнөөдрийн хамтарсан хуралдаанаар Хүний хувийн мэдээлэл хамгаалах, Нийтийн мэдээллийн тухай хуулийн төсөл, тэдгээртэй хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцлээ.  

Эдгээр хуулийн агуулгыг товч танилцуулбал:

Хүний хувийн мэдээлэл хамгаалах хууль:

  • Үндсэн хуульд зааснаар Монгол Улсын иргэн нь халдашгүй, чөлөөтэй байх, хувийн ба гэр бүл, захидал харилцааны нууцаа хуулиар хамгаалуулах эрхтэй. Тиймээс хүний хувийн нууцыг хамгаалах зорилгоор манай улсад анх 1995 онд Хувь хүний нууцын тухай хуулийг баталсан. Уг хуульд зааснаар хувь хүний нууцыг захидал харилцаа, эрүүл мэнд, хөрөнгө, гэр бүл, хуулиар тогтоосон бусад харилцаа гэсэн таван төрөлд хуваасан байдаг. Мөн хувь хүн өөрөө нууцаа хамгаалах, нууцыг нь хуулийн дагуу болон итгэмжлэлээр олж мэдсэн этгээд задруулахыг хориглох, шаардлагатай тохиолдолд хувь хүний нууцыг тодорхой үндэслэл, журмын дагуу төр, байгууллага хамгаалалтдаа авч болох зохицуулалттай. Түүнчлэн хувь хүний нууцыг ил болгох үндэслэл, энэ хуулиар хамгаалуулсан эрх, эрх чөлөө нь зөрчигдсөн гэж үзвэл шүүхэд гомдол гаргах болон хүлээлгэх хариуцлагын талаар тусгасан байдаг. Гэвч техник технологийн хөгжил, цахим шилжилттэй холбоотойгоор хүний хувийн нууцыг хамгаалахад илүү нарийн зохицуулалт шаардлагатай болсон учраас Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн төсөл (дээрх хуулийн шинэчилсэн найруулга)-ийг Хууль зүй, дотоод хэргийн яамныхан боловсруулж, 2021 оны хаврын чуулганаар өргөн барьсан билээ.

Хуулийн төслийн онцлог зохицуулалтаас дурдвал:  

  • Хүний хувийн, эмзэг мэдээлэлд юуг хамааруулах, хувийн мэдээлэл цуглуулах, боловсруулах, ашиглах, хүний хувийн мэдээлэл хариуцагч болон боловсруулагч, генетикийн болон биометрик мэдээлэл гэсэн нэр томьёог тодорхойлсон.

  • Хүний хувийн мэдээллийг цуглуулахад мэдээллийн эзнээс нь зөвшөөрөл авах, төрийн байгууллага, иргэн, хуулийн этгээдийн хүний хувийн мэдээллийг цуглуулж, боловсруулж, ашиглах үндэслэлийг тодорхойлсон. Мөн хүний эмзэг, биометрик мэдээллийг цуглуулах, боловсруулах, ашиглах нөхцөлийг тусгасан.

  • Мэдээллийн эзэн болон мэдээлэл хариуцагчийн эрх, үүргийг тодорхойлсон.

  • Мэдээллийн эзэнд мэдээллийг боловсруулах, ашиглахтай холбоотой мэдэгдэл хүргүүлэх, зөрчлийг мэдэгдэх, нөлөөллийн үнэлгээ хийх талаар тусгасан.

  • Дуу, дүрсний бичлэгийн төхөөрөмж байршуулах тохиолдол, тавигдах шаардлага, хориглох, хяналт тавихтай холбоотой зохицуулалт тусгасан.    

Нийтийн мэдээллийн тухай хууль:

  • 2011 онд баталсан, Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хуулийг шинэчлэх шаардлагатай гэж үзэн, Засгийн газраас Нийтийн мэдээллийн тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барьсан. Төрийн байгууллагуудын үйл ажиллагаа, хүний нөөцтэй холбоотой мэдээллийг ил тод байлгах, иргэн, хуулийн этгээдийн мэдээлэл хайх, хүлээн авах эрхийг хангахтай холбоотой харилцааг Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хуулиар зохицуулдаг. Гэвч уг хуулийг хангалттай хэрэгжүүлээгүй гэсэн дүгнэлтийг төрийн болон төрийн бус байгууллагуудын холбогдох судалгаагаар тогтоожээ. Тухайлбал, төрийн байгууллагууд нууцад хамааруулах шаардлагагүй мэдээллийг “албаны нууц” гэж үзэх боломжтой байгаа нь иргэний мэдээлэл авах эрхийг хөндөхөд хүргэж буй юм.

Хуулийн төслийн онцлог зохицуулалтаас дурдвал

  • Нийтийн мэдээллийг нээлттэй, хаалттай, хязгаарлалттай гэж гурав ангилна. Танилцах, ашиглахад хуулиар хязгаарлалт тогтоосон албаны нууц болон хүн, хуулийн этгээдэд хамаарах мэдээллийг хязгаарлалттай мэдээлэлд багтаана. Хуульд хаалттай байхаар заасан, эсвэл төрийн нууцад хамаарах мэдээллийг хаалттай гэж үзнэ.

  • Төрийн байгууллага, төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хувийн эрх зүйн хуулийн этгээд, хууль, эсвэл гэрээний үндсэн дээр төрийн байгууллагын тодорхой чиг үүргийг гүйцэтгэж байгаа этгээд, олон нийтийн радио, телевиз, улс төрийн нам нь мэдээлэл хариуцагч байна.

  • Нийтийн мэдээлэл гэж мэдээлэл хариуцагч хуульд заасан чиг үүргийн хүрээнд цуглуулсан, боловсруулсан, ашиглаж байгаа өгөгдлийн бүрдлийг хэлнэ.

  • Нээлттэй мэдээлэлд байгууллагын чиг үүрэг, үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалт, тэргүүлэх чиглэл, тэдгээрийн хүрээнд авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, хүний нөөц, төсөв, санхүү, худалдан авах ажиллагаа, үзүүлж буй үйлчилгээ (тусгай зөвшөөрөл), эзэмшиж байгаа оюуны өмчийн эрхийн жагсаалт, эзэмшиж буй газрын мэдээлэл, тухайн байгууллагын зардлаар суралцагчийн холбогдох мэдээлэл, олгосон санхүүжилт... зэргийг багтаана.

  • Хязгаарлалттай мэдээлэлд гэмт хэрэг, зөрчил, шалган шийдвэрлэх, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны, мөн төрийн хяналт шалгалтын явцад болон шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд цуглуулсан, нээлттэй байлгах нь соёлын хосгүй өвд аюул учруулж болзошгүй, хууль, гэрээнд зааснаар задруулах нь бизнесийн нууцыг зөрчиж болзошгүй мэдээллийг багтаана.

  • Гэмт хэрэг, зөрчил, шалган шийдвэрлэх, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны, мөн төрийн хяналт шалгалтын явцад болон шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд цуглуулсан мэдээлэлтэй мэдээллийн эзний зөвшөөрөл авахгүйгээр эрх бүхий этгээд хуульд заасан үндэслэл, журмын дагуу танилцах, эсвэл гуравдагч этгээдэд дамжуулна. Харин үүнээс бусад (хүн, хуулийн этгээдэд хамаарах) хязгаарлалттай мэдээллийг хуульд заасан үндэслэл, журам, эсвэл мэдээллийн эзний зөвшөөрөлтэйгөөр танилцах, ашиглах, эсвэл гуравдагч этгээдэд дамжуулна.    

  • Мэдээллийн эзнээс зөвшөөрөл авахдаа мэдээлэл авах зорилго, нэр, утасны дугаар, авах мэдээллийн агуулга, жагсаалт, мэдээлэл авах хэлбэр, боловсруулах, ашиглах хүрээ, хадгалах хугацаа, мэдээллийг ил болгох, бусдад дамжуулах, эсэх, зөвшөөрлийг цуцлах нөхцөл зэргийг танилцуулна.

  • Мэдээллийн эзэн зөвшөөрлөө хэдийд ч цуцалж болно.  

  • Хаалттай мэдээлэлд төрийн нууцад хамаарах, Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 12.3-т заасан (иргэний биеийн давхцахгүй өгөгдлийн, төрийн нууцад хамааруулсан үл хөдлөх хөрөнгийн эд хөрөнгийн бүртгэл болон Гэрч хохирогчийг хамгаалах тухай хуулийн 7 дугаар зүйлд заасан арга хэмжээг авахад хөтөлсөн бүртгэл) зэргийг багтаана.   

 

Уг төслийг хэлэлцэх үед гишүүд ямар байр суурь илэрхийлснийг тоймлон хүргэе.  

-Ш.Раднаасэд: Төсөлд тусгасан, мэдээллийн эзнээс нь зөвшөөрөл авахтай холбоотой зохицуулалт олон нийтийг бухимдуулж байна. Зөвшөөрөл аваагүйгээс болж ямар хохирол үүсэх вэ. Хөрөнгө, орлогын мэдүүлэг бол угаасаа нээлттэй байдаг мэдээлэл. Үүнтэй холбоотой мэдээллийг авахад зөвшөөрөл хэрэггүй. Түүнчлэн аюулгүй байдлын журмыг тухайн байгууллага өөрөө тогтоохоор тусгажээ. Гэтэл байгууллагын удирдлага өөрт хамаарах мэдээллээ аюулгүй байдлын үүднээс хамгаалж байна гээд хаалттай байлгах нөхцөлд хүргэх юм биш үү?  

-Н.Учрал (ажлын хэсгийн ахлагч): Засгийн газраас өргөн барьсан төсөлд “Сэтгүүл зүйн зорилгоор мэдээллийн эзний зөвшөөрлөөр, эсвэл нийтийн ашиг сонирхлыг хамгаалах үүднээс мэдээллийг цуглуулж, боловсруулж, ашиглаж болно” гэж заасан. Ажлын хэсгийнхэн уг заалтын “мэдээллийн эзний зөвшөөрлөөр” гэсэн томьёоллыг нь хасахаар зөвшилцсөн. Тэгэхээр сэтгүүлчид мэдээллийн эзнээс зөвшөөрөл авахгүйгээр мэдээллийг бэлтгэж, түгээж болно гэсэн үг. Гэхдээ үнэн, бодитой эх сурвалжаас мэдээллээ авах ёстой. Төрийн өндөр албан тушаалтнуудын хөрөнгө, орлогын мэдүүлгийг хүний эмзэг мэдээлэлд багтаахгүй гэсэн саналыг ажлын хэсгээс гаргасан. Нийтийн мэдээллийн тухай хуулийн төсөлд зааснаар таван төрлийн 67 мэдээллийг нийтэд нээлттэй болгоно. Үүнд төрийн худалдан авах ажиллагаа, тендертэй холбоотой, лиценз эзэмшигчид, газар зохион байгуулалтын төлөвлөгөө, газар, тусгай зөвшөөрөл эзэмшиж буй иргэдийн мэдээлэл багтана. Эдгээрийг нээлттэй болгох үүргийг мэдээлэл цуглуулж байгаа тал буюу тухайн төрийн байгууллага хүлээнэ.

Ч.Ундрам: Монгол Улсын 1725-1911 оны түүхэнд хамаарах “Хүрээ сайдын хөмрөг”-ийг БНХАУ-ын байгууллагад худалдсан байна. Үүнийг хэвлүүлээд ном болгож гарган, АНУ-ын Конгрессын номын санд Хятадын орон нутгийн түүх гэсэн ангилалд багтаан, хүрээг зөвхөн Хятадын нэг хошуу гэсэн байдлаар гуйвуулан дэлхийд сурталчилж байна. Тэгэхээр дээрх оны түүхэнд хамаарах мэдээлэл нээлттэй юү, хаалттай юм уу.

Х.Нямбаатар (ХЗДХ-ийн сайд): Архив, албан хэрэг хөтлөлтийн тухай хуулийг шинэчлэх шаардлагатай. Түүхийн чухал олдвор, бичгийг нээлттэй мэдээллийн ангилалд багтаагаагүй. Харин шинжлэх ухааны зорилгоор ашиглах боломжийг нь тодорхой хууль, тогтоомжоор баталгаажуулсан. Чин гүрний үед хамаарах архивын ховор баримт бичгийг гадаадад зарсантай холбоотойгоор эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа. Цаашид соёлын өвийн эсрэг гэмт хэрэгт ногдох хариуцлагыг чангатгана.

Ц.Сандаг-Очир: “Мэдээлэл цуглуулах зөвшөөрөлд мэдээллийн эзэн хариу өгөөгүй бөгөөд хариу өгөхөөр тогтоосон хугацаа, эсвэл ердийн боломжит хугацаа өнгөрсөн нь мэдээллийг цуглуулахыг зөвшөөрсөнд тооцох үндэслэл болохгүй” гэж заажээ. Энэ заалт хуулийн зорилгын эсрэг байна.

Н.Учрал: Жишээ нь, ажил олгогч ажилтныхаа хувь хүнтэй холбоотой мэдээллийг цуглуулж байя гэж бодъё. Хэрвээ мэдээллийн эзэн буюу ажилтан нь хариу өгөхгүй байгаа тохиолдолд тогтоосон хугацаа, эсвэл ердийн боломжит хугацаа өнгөрсөн ч гэсэн мэдээллийг нь цуглуулахыг зөвшөөрсөн үндэслэл болохгүй. Мэдээллийн эзэн нь зөвшөөрөл хүсэгчид заавал хариугаа өгөх ёстой.   

Ц.Мөнхцэцэг: Төрийн мэдээллийг хязгаарлалттай гэж ангилан, заавал зөвшөөрөлтэйгөөр олгохыг шаардаж байна. Хязгаарлалттай мэдээллийг эрж хайх, цуглуулах, түгээхийн тулд хариуцагчаас нь заавал зөвшөөрөл авах нь буруу. Мэдээлэл хүсэгч иргэн зорилгоо танилцуулж, зөвшөөрөл авна гэдэг нь маш ноцтой.

Б.Баасандорж (ХДХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга): 2018 онд баталсан Улсын бүртгэлийн багц хуулиар мэдээллийг тодорхой хэлбэрүүдэд ангилсан байдаг. Тухайн иргэний зөвшөөрөлтэйгөөр хүргэж буй мэдээллийг хязгаарлалттай мэдээлэл гэж үзнэ. Жишээлбэл, эд хөрөнгө, эрүүл мэндтэй нь холбоотой мэдээллийг тухайн иргэний зөвшөөрөлтэйгөөр олгоно. Энэ нь иргэн талдаа илүү ашигтай зохицуулалт.

Х.Нямбаатар: Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад бүх мэдээллийг нээлттэй болгож болдоггүй. Өөрөөр хэлбэл, мөрдөн шалгах ажиллагаатай холбоотой мэдээллийг прокурорын байгууллагын зөвшөөрөлтэйгөөр мөрдөн байцаагч буюу мөрдөгч хуульд заасан хүрээнд олон нийтэд ил болгож болно. Мөн төрийн хяналт шалгалт дуусаагүй байхад тухайн аж ахуйн нэгж байгууллагатай холбоотой мэдээллийг ил болгож, бизнесийнх нь нэр хүндэд халдаж болзошгүй учраас үүнийг хязгаарлалттай мэдээлэлд багтаасан.

Ц.Мөнхцэцэг: Нээлттэй өгөгдлийг төлбөртэй болон төлбөргүйгээр ашиглаж болно гэж заажээ. Олон улсын жишгээр бол нээлттэй өгөгдөлд хэн ч чөлөөтэй нэвтэрч, ашгийн бус зорилгоор хэрэглэдэг. Маш олон төрлийн нээлттэй өгөгдлийг төлбөртэйгөөр олгодог болчих вий.     

Б.Баасандорж: Нээлттэй өгөгдлийг нийтлэхээс өмнө авахыг хүссэн бол төлбөртэйгөөр олгож болно. Мөн төлбөр тооцох аргачлалыг нь Засгийн газар батална. Төрийн байгууллагуудад нээлттэй өгөгдлийг боловсруулах үүрэг оноож байгаа. Энэ нь тодорхой хугацаатай. Хэрэв боловсруулж дуусахаас нь өмнө өгөгдлийг авахыг хүсвэл тодорхой төлбөр төлүүлнэ. Нээлттэй өгөгдлийг тухайн төрийн байгууллага заасан хугацаанд байршуулаагүй бол хариуцлага хүлээлгэнэ гэв.      

 

Сэтгүүлч: Бат.Уянга

 

 

Сэтгэгдэл