Ц.Мөнхцэцэг: Эрүүдэн шүүхийн эсрэг ажиллах гишүүнээс олон нийт өндөр хүлээлттэй байгаа
2022-05-04

                УИХ-ын Хууль зүйн байнгын хорооноос Хүний эрхийн үндэсний комисс (ХЭҮК)-ын болон Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүнд нэр дэвшигчтэй хийх томилгооны сонсголыг зохион байгууллаа. Сонсголыг УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг удирдан явуулж, нэр дэвшигчдийг танилцуулав. Сонсголд нэр дэвшигчдийг сонгон шалгаруулах ажлын хэсгийн ахлагч, ХЗБХ-ны ахлах зөвлөх М.Үнэнбат, Төрийн албаны зөвлөлийн гишүүн Б.Идэрчулуун, Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн Э.Мөнгөнцэцэг, ХЗДХЯ-ны Төрийн захиргаа, удирдлагын газрын дарга П.Хадбаатар болон бусад албаны хүн, иргэдийн төлөөлөл ажиглагчаар оролцлоо. 

                   ХЭҮК-ын гишүүнд нэр дэвшигч Сангишарав овогтой Дондов нь 1989 онд МУИС-ийг эрх зүйч мэргэжлээр төгссөн. АНУ, Тайланд, БНСУ болон Норвеги Улсад хүний эрхийн чиглэлээр сургалтуудад хамрагдаж, мэдлэг туршлагаа нэмэгдүүлсэн байна.  1989-1991 онд Баянхонгор аймгийн өмгөөлөгчдийн зөвлөлд өмгөөлөгч, 1991-1996 онд Баянхонгор аймгийн өмгөөлөгчдийн зөвлөлийн дарга, 1996-2002 онд нийслэлийн өмгөөлөгчдийн зөвлөлд өмгөөлөгч, 2002-2010 онд “Хүний эрх хөгжил төв” ТББ-д хүний эрхийн хөтөлбөрийн зохицуулагч, 2010 оноос одоог хүртэл нийслэлийн өмгөөлөгчдийн холбоонд өмгөөлөгчөөр ажиллаж байгаа аж.

                  Нэр дэвшигч С.Дондов нэрээ дэвшүүлэх болсон үндэслэл болон сонгогдсон тохиолдолд хэрхэн ажиллах  төлөвлөгөөгөө танилцуулсны дараа түүнийг сонгон шалгаруулах ажлын хэсгийн тайлан, дүгнэлтийг ахлагч, ХЗБХ-ны ахлах зөвлөх М.Үнэнбат танилцуулав. УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан, С.Одонтуяа, Н.Учрал, Н.Алтанхуяг Ц.Сандаг-Очир, Д.Цогтбаатар болон иргэдийн төлөөлөл нэр дэвшигч С.Дондовоос асуулт асууж, хариулт авлаа. Тухайлбал, УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан хүн худалдаалах гэмт хэргийн тохиолдол манай улсад хэд бүртгэгдсэн, цаашид үүнийг хэрхэн таслан зогсоох болон төр, сүм, хийдийн харилцааны асуудлаар ямар санал бодолтой явдаг талаар нь тодруулсан. УИХ-ын гишүүн Н.Учрал Нийтийн мэдээллийн тухай хууль, Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хууль, Кибер аюулгүй байдлын тухай хууль, Цахим гарын үсгийн тухай хуулийг шинээр хэрэгжүүлж эхэлсэн. Эдгээрийг хэрэгжүүлэхэд ХЭҮК санхүүгийн хувьд хараат бус ажиллах боломжтой, эсэх талаар тодруулж, хариулт авав.

 

                    Дараа нь Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүнд нэр дэвшигч Я.Цэлмэн нэр дэвших болсон үндэслэл, ажлын туршлага, боловсрол болон сонгогдсон тохиолдолд хэрхэн ажиллах талаараа танилцууллаа. Мөн нэр дэвшигчийг сонгон шалгаруулах ажлын хэсгийн тайлан, дүгнэлтийг ажлын хэсгийн ахлагч, ХЗБХ-ны ахлах зөвлөх М.Үнэнбат танилцуулав. 

                Ядамжав овогтой Цэлмэн нь 2006 онд Цагдаагийн академийг эрхзүйч, 2012 онд Орхон их сургуулийг хууль зүйн магистр, 2018 онд Дотоод хэргийн их их сургууль, 2021 онд Хууль сахиулах их сургуульд суралцсан байна. 2008 онд Завхан аймгийн цагдаагийн газар, Завхан аймгийн Тосонцэнгэл сумын цагдаагийн хэлтэс, 2008-201- онд Сүхбаатар дүүргийн цагдаагийн газарт Мөрдөн байцаагч, 2012 оноос ДХИС-ийн Цагдаагийн сургуулийн Эрүүгийн процессын эрх зүйн тэнхимд багш, ахлах багшаар ажиллаж байгаа юм. 

              УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Ц.Сандаг-Очир, Д.Цогтбаатар, Д.Ганбат нар нэр дэвшигч болон ажлын хэсгийн гишүүдээс асуулт асууж, хариулт авлаа. Тухайлбал, УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир Монгол Улсын хүний эрхийн зөрчил, эрүүдэн шүүлтээс урьдчилан сэргийлэх зэрэг том асуудал хариуцах албан тушаалтан гэдгийг онцолж, тухайн ажлыг хариуцахад туршлага талаас нь хэрхэн дүгнэсэн тухайд ажлын хэсгээс асууж тодруулсан. Мөн нэр дэвшигчээс гүтгэлэг доромжлолын асуудал эрүүдэн шүүлтийн нэг хэлбэр мөн эсэх, үүнд ямар байр суурьтай байдаг талаар асууж, хариулт авсан юм. УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар “Технологи, шинжлэх ухаан маш ихээр хөгжиж байгаа өнөө үед бидний тооцоолоогүй эрүү шүүлтийн шинэ хэлбэр орж ирэх магадлал бий юу. Таны хийсэн судалгаанд ийм төрлийн тохиолдлууд харагдаж байна уу. Хэрэв байгаа бол хэрхэн урьдчилан сэргийлж ажиллах вэ” хэмээн асууж хариулт авсан.

                УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг сонсголыг хааж хэлсэн үгэндээ "Сонгон шалгаруулалтыг хэн нэгнээс хараат бусаар явуулах зарчмыг хангах зорилгоор Төрийн албаны зөвлөл, Шүүхийн ерөнхий зөвлөл, Хууль зүй, дотоод хэргийн яам, УИХ дахь олонх, цөөнхийн төлөөлөл, Монголын өмгөөлөгчдийн холбоо, хүний эрхийг хангах, хамгаалах төрийн бус байгууллагын төлөөлөл, Хэвлэл мэдээллийн зөвлөлийн төлөөллийг оролцуулсан ажлын хэсэг хоёр гишүүнийг сонгон шалгаруулж, УИХ-ын Хууль зүйн байнгын хороонд танилцуулснаар энэ удаагийн сонсголыг зохион байгууллаа. Эрүүдэн шүүлтээс урьдчилан сэргийлэх хараат бус гишүүнээс олон нийт өндөр хүлээлттэй байгаа. Тиймээс нэр дэвшигч сонгогдсон тохиолдолд хүний эрхийн асуудал хариуцсан мэргэжилтэн, экспертүүдийн гаргасан зөвлөмжийн дагуу Монгол Улсад эрүүдэн шүүх гэмт хэрэг гарахгүй байх тал дээр анхаарч ажиллах ёстой"-г онцлов. 

                      Нэр дэвшигчдийг томилохыг дэмжих, эсэхийг УИХ-ын Хууль зүйн байнгын хороо өнөөдөр шийдэж, маргааш чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх хуваарьтай байв. Гэвч сонсголыг өчигдөр биш, өнөөдөр болгож хойшлуулснаар тэднийг томилохыг дэмжих, эсэхийг ирэх долоо хоногт хэлэлцэхээр тогтлоо.  

Сэтгэгдэл