20 төслийн гүйцэтгэгчийг гэрээ шууд байгуулах аргаар сонгох уу
2022-05-02

          “Тендерийн” гэж товчлон нэрлэдэг Төрийн болон орон нутгийн өмчөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд өөрчлөлт оруулахаар Засгийн газраас төслийг нь өнгөрсөн сард өргөн барьсан. Уг төсөлд “но”-той олон заалт тусгажээ. УИХ-ын чуулганаар өмнө нь үүнийг хэлэлцэх үеэр МАН-ын нэлээд гишүүн дэмжихгүйгээ хэлсэн. Тиймээс УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн уг асуудлаас завсарлага авч, түр хойшлуулаад байв.    

            УИХ дахь намын бүлгүүд өнөөдөр хуралдсан. МАН-ын бүлэг хуралдаанаараа дээрх төслийг хэлэлцсэн, эсэхээ мэдээлсэнгүй. Гэхдээ ирэх пүрэв гаргийн чуулганаар уг төслийг хэлэлцэхээр товлосноос нь үзвэл “Үүнийг дэмжээрэй” гэж намын гишүүддээ захисан гэж хардахаар байна. Мөн энэ сард чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх төслийн жагсаалтад ч үүнийг багтаажээ.

Төрийн болон орон нутгийн өмчөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд ямар зохицуулалт тусгасан бэ.

Таван өдөрт багтаан хэлэлцээнд оролцох хүсэлтээ ирүүлнэ 

               "Тендерийн хууль"-д зааснаар төрийн худалдан авах ажиллагааг дөрвөн журмын дагуу зохион байгуулдаг. Тодруулбал, нээлттэй тендер шалгаруулалтын, тендер шалгаруулалтын онцгой, зөвлөх үйлчилгээний гүйцэтгэгч сонгох, олон нийтийн оролцоотой худалдан авах ажиллагааны гэсэн дөрвөн журмыг баримталдаг. Үүнээс тендер шалгаруулалтын онцгой журмаар тендер зохион байгуулахдаа харьцуулалтын, хязгаарлагдмал тендер шалгаруулалт, гэрээ шууд байгуулах гэсэн гурван аргаас сонгодог.  

          Хуулийн төслийн 341.1 дэх заалтад тусгаснаар бол УИХ-аас баталсан хөгжлийн төслийн жагсаалтад багтсан төсөл, арга хэмжээний гүйцэтгэгчийг гэрээ шууд байгуулах аргаар сонгох аж. Тодруулбал, 2021 оны арванхоёрдугаар сарын 30-нд “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг УИХ-аас баталсан. Уг бодлогыг хэрэгжүүлэх хөгжлийн 20 төслийн жагсаалтыг хавсралтад нь тусгасан байдаг. Үүнд төмөр зам тавих, дулааны станцыг өргөтгөх, барих зэрэг стратегийн ач холбогдолтой төслүүд багтсан. (эндээс харна уу) Тэгэхээр эдгээр төслийг хэрэгжүүлэхэд 341.1 дэх заалт  үйлчилнэ гэсэн үг. 

          Хэрэв төслийн 341.1 дэх заалтыг энэ хэвээр нь баталбал дээрх 20 төслийн гүйцэтгэгчийг дараах байдлаар сонгоно. (Зураг 2, 3-ыг харна уу)

  • Төслийн захиалагч нь дээрх төслүүдийг хэлэлцээ хийж, гэрээ байгуулах зарлалыг Tender.gov.mn хуудсанд байршуулна.
  • Төслийг гүйцэтгэх хүчин чадал, нөөц бололцоотой гэж үзсэн гадаад, дотоодын этгээдэд захилагчаас зарлал хүргүүлж болно.
  • Аж ахуйн нэгжүүд хэлэлцээнд оролцох сонирхлоо зарласнаас хойш таван өдөрт багтаан захиалагчид ирүүлнэ.
  • Хэлэлцээнд оролцох сонирхлоо илэрхийлсэн этгээдүүдтэй хэлэлцээ хийнэ. Хэлэлцээгээр техникийн тодорхойлолт, санхүүжилтийн болон гэрээний нөхцөл зэрэг төсөл, арга хэмжээг амжилттай хэрэгжүүлэхэд шаардлагатай мэдээллийг солилцоно.
  • Захиалагч тендерийн баримт бичиг, тендерийн урилгыг tender.gov.mn-д нийтэлж, тендер хүлээн авах эцсийн хугацааг ажлын 7-гоос доошгүй өдөр байхаар заана.
  • Тендерийг хянан үзэж, шаардлагад нийцсэн тендерийг хуульд заасны дагуу үнэлж, гэрээ байгуулах эрх олгоно.

 

 

 

            

 

 

 

 

          Дээрх процессоор бол хэлэлцээнд оролцох хүсэлтийг тав, тендерийг 10 хүрэхгүй хоногийн хугацаанд хүлээн авч, үнэлснээр гэрээ байгуулах аж. Ийм богино хугацаа тогтоож өгснөөр тендерийн урилгаас аж ахуйн нэгжүүд хоцрох, улмаар танил тал, мэдээлэлд ойр этгээдэд давуу байдал бий болохыг үгүйсгэхгүй. Хэрэв нээлттэй тендер шалгаруулалтын журмаар үүнийг зохион байгуулсан бол тендерийг багадаа 30 хоногт хүлээн авч, нээж, хянаж үзэн, үнэлэхэд 45 хоногийг зарцуулдаг.   

“Хар данстай”, “муу түүхтэй” компаниудыг шалгаруулах боломжтой

             Хуулийн төслийн 341.10 дахь заалтад тусгаснаар бол гүйцэтгэгчийн чадавх, боломжийг тодорхойлохдоо “Тендерийн хууль”-ийн 14.1-т заасан шаардлагуудыг тавихгүй юм байна. Энэ нь “хар данстай”, “муу түүхтэй” компаниудыг гүйцэтгэгчээр сонгох “зам”-ыг нээсэн заалт. Өөрөөр хэлбэл, “Тендерийн хууль”-ийн 14.1-т төлбөрийн чадваргүй, татан буугдаж байгаа, татвар, хураамжаа төлөөгүй, захилагчаас хараат байдлаар үйл ажиллагаа явуулдаг, тендерт өмнө нь оролцохдоо гэрээний үүргээ ноцтой зөрчсөн, илт худал мэдээлэл бүхий тендер ирүүлсэн, авлигын гэмт хэрэг үйлдсэн гэх шаардлагын заасан байдаг. Тэгэхээр эдгээр шалгуурыг үл харгалзан гүйцэтгэгчийг шалгаруулах боломжтой.

               Хөгжлийн төслүүдэд манай улсын эдийн засгийг тэлэх, стратегийн чухал ач холбогдолтой, үндэсний дархлаа болсон бүтээн байгуулалт багтсан. Гэтэл эдгээр төслийн гүйцэтгэгчийг шалгаруулахдаа ингэж “хэнэггүй” хандах учиргүй. Энэ нь Улаанбаатар-Дархан-Уул чиглэлийн замын ажлын адилаар гацах эрсдэлд ч хүргэж болзошгүй.  

“Томчууд” нь хувааж, найрлъя гэж байна”

            Хөгжлийн төслүүдийг санхүүжүүлэх мөнгөн дүн хэдэн зуун тэрбум, их наядаар хэмжигдэнэ. Гэтэл хуулийн төслийн 3.13 дахь заалтад тусгаснаар бол уг төслүүдийн 30-аас доош хувийг төрийн өмчит компаниудаас санхүүжүүлсэн бол “Тендерийн хууль”-ийг мөрдөхгүй. Өөрөөр хэлбэл, улсын төсвийн мөнгийг хэн, хэрхэн зарцуулж буйг хянахад эрсдэл үүснэ гэсэн үг. Тиймээс ч УИХ-ын гишүүн Б.Энхбаяр энэ талаар “Нийт 20 тэрбум ам.долларын буюу 50-60 их наяд төгрөгийн төсөл, арга хэмжээг тендер шалгаруулалгүйгээр хийе гэж байна. “Тендерийн хууль” авлигаас урьдчилан сэргийлэх гэж л байдаг. Засгийн газрын боловсруулсан энэ төслийг дэмжвэл “Тендер”-ийн хуулиа хүчингүй болгочих хэрэгтэй. “Томчууд” нь хувааж, найрлъя гэж байна” хэмээн “ам нээсэн” удаатай.     

Сэтгэгдэл