УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Ирээдүйн өв сангийн 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон дагалдах бусад хууль, тогтоомжийн төслүүдийг эцэслэн хэлэлцлээ. Гишүүд энэ үеэр байр сууриа илэрхийллээ.
О.Цогтгэрэл: Төсвийн тодотголыг зардал бууруулах, алдагдлыг нь багасгах зорилгоор боловсруулж өргөн барьсан. Гэтэл бодит байдал дээр юу болж байна вэ. 18.1 их наяд төгрөгийн зардалтай төсвийг хэмнэх зорилгоор тодотгол хийж байгаа ч 17.9 их наяд төгрөгийн зарлагатайгаар батлах гэж байна. Тоон нь бараг хэвээрээ. 2.4 их наяд төгрөгийн төсвийн алдагдал нь ч багасаагүй. Төрийн хэмнэлтийн тухай хуулийн төслийг оруулж ирсэн. Бүхэл бүтэн хууль гаргаад 30 тэрбум төгрөгийг л хэмнэх нь. Энэ нь их мөнгө юм шиг мөртлөө 18.1 их наяд төгрөгийн зарлагатай нь харьцуулбал 600 хуваасны нэг. Аяга будаанаас атгаад авбал багасаж байна гэж ярина. Гэтэл аяга будаанаас ганц, хоёр ширхэгийг авахыг юу гэж хэлэх вэ.
Ч.Хүрэлбаатар (Төсвийн байнгын хорооны дарга): Зарчмын том хандлага гарч байгаа. Иргэдийн нүдээр төр хэтэрхий тансагданхар, цамаан харагддаг болсон. 5-12 сард 39 тэрбум төгрөг хэмнэж байгаа юм шиг харагдаж буй. Гэвч 12 сараар нь тооцоод, цаашлаад авч үзвэл жилд багадаа 100 гаруй тэрбум төгрөг хэмнэгдэнэ. Мөнгө дүндээ биш, хандлага, зарчимдаа Төрийн хэмнэлтийн тухай хуулийн агуулга оршиж байгаа.
М.Оюунчимэг: Хоёрдмол утгатай зүйлээс болж, буруу ойлголт төрүүлсэнд хүлцэл өчье. Хамгийн гол нь айлын жорлон барина гэдгийг Төсвийн байнгын хорооны дарга буруу ойлголт төрүүлсэн. Б.Пүрэвдорж гишүүн ч гэсэн Ховд аймагт бохир, цэвэр усны дундын шугамыг бий болгосон. Жишээ нь, Чингэлтэй дүүрэгт гэхэд 1000 гаруй айл яндан, нүхэн жорлонгоос салсан. Манай намын, Засгийн газрын мөрийн хөтөлбөрт ч хэсэгчилсэн инженерийн дэд бүтэц буюу дундын шугам барьж, асуудлыг шийднэ гэж тусгасан. Энэ бол хэрэгтэй. Эрүүл мэндийн сайдын багцаас 39 тэрбум төгрөгийг танасан байна. Нэн шаардлагатай 16 барилга, байгууламжийг хасжээ. Үүнд нь эх нялхас, хүүхдийн, хавдрын, сүрьеэгийн эмнэлэг багтсан байна. Эдгээрийг барих хэрэгтэй.