Гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэхийг Халдашгүй байдлын дэд хороо дахин хэлэлцэнэ
2022-04-27

                УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг, Х.Ганхуяг, Ё.Баатарбилэг, Г.Амартүвшин нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг Улсын ерөнхий прокурор Б.Жаргалсайхан УИХ-д хүргүүлсэн. Тиймээс УИХ-ын Халдашгүй байдлын дэд хороо өнөөдөр хаалттай хуралдаж, уг асуудлыг хэлэлцлээ.  Тус хороо таван гишүүнтэй. Үүнээс нэг нь буюу хорооны дарга, УИХ-ын гишүүн Н.Энхболд өнөөдөр эрүүл мэндийн шалтгааны улмаас хуралдаанд оролцоогүй аж. Хуралдаанаар ямар нэг шийдвэр гаргаагүйг хорооны гишүүн Ц.Мөнх-Оргил мэдээллээ. Учир нь бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх санал гаргасан дээрх гишүүдийн зарим нь яллагдагчаар татсан тогтоолтой танилцаагүй байгаа гэнэ. Хуралдаанд дөрвөн гишүүн оролцсон тул санал тэнцэх нөхцөл байдал үүсэх учраас бүрэн ирцтэйгээр дахин хэлэлцэхээр болжээ. Улсын ерөнхий прокурор Б.Жаргалсайхан хуралдаанд гишүүн тус бүрээр танилцуулга хийсэн байна.  

            УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил “Шийдвэр гаргахын тулд Халдашгүй байдлын дэд хорооны гишүүд тодорхой итгэл үнэмшилтэй болох ёстой. Итгэл үнэмшилтэй болохын тулд хангалттай мэдээлэлтэй байх ёстой. Прокурор болон албаны хүмүүс бидний асуултад тодорхой хариулт өгсөн. Гэвч нэлээд олон асуултад нэмэлт тодруулга өгөхөөр боллоо. Тодорхой асуултуудаар нэмэлт материал ирүүлнэ. Прокурор, АТГ-ын Мөрдөн байцаах албаны хүмүүсийн тайлбар болон бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх, эсэхийг нь шийдэх гишүүдийн өгсөн мэдээлэлд үндэслэн шийдвэрээ гаргах ёстой” гэв.  

                (УИХ-ын Халдашгүй байдлын дэд хорооны гишүүдийг зурагт үзүүлэв)  

Сэтгэгдэл