Я.Эрдэнэсайхан: ЖДҮХС-г корпорацын хэлбэрт шилжүүлнэ
2022-04-27

              УИХ-ын Үйлдвэржилтийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар төсвийн тодотголыг хэлэлцэж, жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих асуудлаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны холбогдох мэдээллийг сонслоо. Гишүүд энэ үеэр жижиг, дунд үйлдвэрийг дэмжих чиглэлээр ямар хөрөнгө оруулалт, бодлого баримтлах талаар түлхүү тодруулав. Гишүүдийн тавьсан асуулт болон хариултыг тоймлон хүргэе.     

Б.Чойжилсүрэн: Жижиг, дунд үйлдвэрийн корпорац байгуулах чиглэлийг байнгын хорооноос өгч байгаа юм билээ. Тус байгууллага ямар бүтэцтэй ажиллах вэ. Жижиг, дунд үйлдвэрийн техник технологийг шинэчлэх зорилгоор эм импортолж байгаа үйлдвэрийн зориулалттай тоног төхөөрөмжийг гаалийн болон НӨАТ-аас чөлөөлөх талаар санал боловсруулах гэсэн юм аа. Бид нар импортолно л гэсэн сэтгэхүйтэй. Жижиг, дунд үйлдвэрийн тоног төхөөрөмжийг дотооддоо үйлдвэрлэвэл мөн адил аж ахуйн нэгжийн орлогын албан татвар, НӨАТ-аас чөлөөлөх асуудлыг орхигдуулсан юм биш биз дээ. Бид нар ерөөсөө л НӨАТ руу “дайраад” байна. Ямар тохиолдолд НӨАТ руу дайрч болох вэ гэхээр жижиг, дунд үйлдвэрийн тоног төхөөрөмжийг импортолсон, мөн дотооддоо үйлдвэрлэснийг нь худалдаж аваад өөр этгээдэд борлуулахгүйгээр өөрийн үндсэн хөрөнгөд бүртгэсэн бол НӨАТ-аас чөлөөлөх нь зүйтэй. Үүнийг нарийвчлалтай авч үзэх хэрэгтэй. Жижиг, дунд үйлдвэрийн тоног төхөөрөмжийг дотооддоо үйлдвэрлэх цаг нь болсон. Ийм тохиолдолд илүү их хөнгөлөлт үзүүлэх ёстой.

Ж.Бат-Эрдэнэ: Нийт экспортын дөрөв орчим хувийг л жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдийн бүтээгдэхүүн эзэлж буйг бид хөндөж байна. Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих, хөнгөлөлттэй зээл олгох бодлого баримталсан ч өнөөдрийг хүртэл бодитоор хөгжиж чадахгүй ирлээ. Тиймээс тоног төхөөрөмжөө шинэчлэхтэй холбоотой дэмжлэгийн тухайд Засгийн газар тодорхой судалгаа хийж, татваруудаас чөлөөлөх ямар боломж байгааг тодорхойлох хэрэгтэй. Мөн бүсчилсэн байдлаар нь харж, аль хэсэгт ямар чиглэлийн үйлдвэр байх вэ гэдгийг тодорхойлж, тоног төхөөрөмжийн ямар дэмжлэг үзүүлэх талаас нь заалт тусгасан. Дотооддоо үйлдвэрлэхийг нь дэмжих таны саналыг үүнд оруулахад буруутахгүй. Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих сан (ЖДҮДС) гэж бий. Жижиг, дунд үйлдвэрийн газар (ЖДҮГ)-ыг ажиллуулж байгаа. Тэгэхээр сангийн үйл ажиллагааг корпорац хэлбэрт шилжүүлж, бие даасан байдалд нь тодорхой хэмжээнд түлхэц өгье гэж үзсэн. Нэг хэсэг хугацаанд сангийн хөрөнгийг улсын төсвөөс суулгаж байсан бол сүүлийн 2-3 жилд уг санхүүжилтийг өгөхөө больсон. Өөрөөр хэлбэл, өөрсдөө санхүүжилт олох буюу аж ахуйн хэлбэрээр ажиллаж, сангаа хөгжүүлж, гадаад, дотоодын хөрөнгө оруулалтыг татах боломжийг нь нээе гэж ХХААХҮЯ-наас санал оруулсан.

Я.Эрдэнэсайхан (ЖДҮГ-ын дарга): ЖДҮГ нь ЖДҮХС-гийн зээл олгох үйл ажиллагааг хэрэгжүүлдэг. Түүнчлэн бодлого, түүний хэрэгжилтийг хангадаг. Эрх мэдлийн хуваарилалт нь буруу байна гэж үзсэн. Байгуулагдсанаасаа хойш ямар нэг доголдол гаргаагүй ч системийн хувьд энэ нь буруу. Өөрөө олгочихоод өөрөө хянаад, өөрөө мониторинг хийнэ гэдэг нь учир дутагдалтай. Одоогийн бүтэц, бүрэлдэхүүн зээлийг зөв журмаар олгож байгаа ч цаашид өөр хүмүүсийг томилсон тохиолдолд өмнөх алдаа давтагдах магадлалтай. Тэгэхээр олон улсын байгууллага, хувийн хэвшил, төрийн хамтарсан бүтцийг бий болгож, зээл олгох механизм нь тусдаа, хянадаг аппарат нь ч салангид байх нь зүйтэй. Бид банкуудын холбоо, Азийн хөгжлийн банк, ЖАЙКА, Европын сэргээн босголт, хөгжлийн банкны төлөөлөлтэй уулзсан. Өнөөдрийн хэлбэрээр буюу ЖДҮХС-гийн бүтэц нь зөвхөн төрийн оролцоотой байсаар байвал зээл олгох, дэмжлэг үзүүлэх боломжгүйг олон улсын донор байгууллагуудаас илэрхийлсэн. Донор байгууллагын төлөөлөл нь зээл олгодог, хянадаг механизмд багтаж, корпорац хэлбэрээр ажиллан, сангийн үйл ажиллагааг ил тод, шилэн болговол хөнгөлөлттэй эх үүсвэрээс зээл олгох боломжтой гэж хэлсэн. Улсын төсвөөс санхүүжих боломжгүйг бүгд хүлээн зөвшөөрч байгаа учраас ямар нэг гарц гаргалгаа олох ёстой. Энэ гаргалгаа нь ЖДҮХС-г корпорац болгох гэж үзсэн.

Сэтгэгдэл