FACTCHECK: Зөвхөн төрийн үйлчилгээний албан хаагчийн тоо нэмэгдээгүй
2022-04-27

              УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар төсвийн тодотголыг хэлэлцсэн. УИХ-ын гишүүн Ж.Ганбаатарын асуултад ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдорж хариулахдаа төрийн албан хаагчийн тоотой холбоотой төөрөгдүүлсэн шинжтэй мэдээлэл өглөө.

Хуралдаанаар ямар асуултад хэрхэн хариулсныг хүргэе.

УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар: Төр хүчтэй байх ёстой гэдэгтэй санал нэг байгаа. Бүгдээрээ л төрийн хүмүүс сууж байна. Төрийн байгуулалтын байнгын хороон дээр ярьж байна. Хамгийн гол сулруулж байгаа асуудал нь данхар байгаатай л холбоотой. Орлого өсөх болгонд л энэ нь нэмэгдээд байдаг. Байнгын хороо, УИХ, Засгийн газар ч тэр данхар байдлаасаа л салах хэрэгтэй байхгүй юү. Тэгвэл төр хүчтэй болно. Ё.Баатарбилэг гишүүний сая хэлсэн олон асуудалд анхаарах чадвартай болно. Тэгээд л жоохон орлого нэмэгдэхээр баахан агентлаг байгуулдаг. Эсвэл чиг үүрэг нь адилхан баахан газрыг давхцуулан байгуулчихдаг. Хятадын боомтын хүмүүс хэлдэг юм билээ. Манайд ирээд хэнтэй ярилцах вэ гэхээр 10 хүн өөдөөс нь хараад сууж байдаг. Хятадын талд нэг хүн сууж байдаг. 10 хүнийх нь чиг үүрэг нь ойролцоо, 10 том даргатай. Гараад дандаа өөр өөр ажил яриад явчихдаг. Тэгэхээр төрийнхөө давхцалыг зоригтой арилгах ёстой. Төрийн байгууллагууд, агентлагуудыг хооронд нь нэгтгэх ёстой. Төрийн өмчийн алдагдалтай компаниудаа зоригтой татан буулгах ёстой...  

ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдорж: “Засаг захиргааны” шинэ хуулиар орон нутгийн ИТХ-ын аппаратын, ЗДТГ-ын орон тоог Засгийн газар тогтоох эрхтэй болсон. Үүний дагуу шийдвэрээ гаргачихсан. Өмнө нь байснаас ихэсгэсэн зүйл байхгүй. Нийслэлд жоохон л өссөн, орлогчийн тухайд. Ер нь төр данхайж байна гэдэгт гишүүд зөв талаас нь харж, нөхцөл байдлаа сайн ойлгож, ярьж байхгүй бол болдоггүй л асуудал. Төрийн албан хаагчдын орон тоо хэт томроод байгаа чинь цэвэр шинээр барьж байгаа цэцэрлэг, сургуультай л холбоотой асуудал. Гурван ээлжээр хичээллэж байсан сургуулийг өнгөрсөн нэг ээлжтэй болгоно гэж баахан цэцэрлэг, сургуулийг дөрвөн жилийн хугацаанд барьсан. Тэрийг дагаж, төрийн үйлчилгээний албан хаагчдын асар олон орон тоо нэмэгдэнэ. Энэ дөрвөн жилд Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгаснаар 200 сургууль, 240 цэцэрлэг барих ёстой. Цэцэрлэгийн дийлэнх нь Улаанбаатар хотод баригдах юм шиг байна. Эдгээр цэцэрлэгийг барьсны дараа үйлчилгээний албан хаагчдын тоо хэдэн зуугаараа нэмэгдэнэ шүү дээ. Тэгээд л орон тоо нэмэгдчихлээ гэдэг яриа гардаг... Үндсэн өсөлт бол сургууль, цэцэрлэг, эмнэлэг, соёлын төвд л байгаа шүү. Шинэ соёлын төв барьдаг, орон тоо нэмэгддэг. Орон тоо нэмэхээс өөр аргагүй. Тэр нь үйлчилгээний албан хаагчийн ангилалд багтдаг. Ингээд л өсөөд байгаа шүү дээ гэв.      

Төрийн албаны тухай хуульд зааснаар төрийн албан тушаалыг доор дурдсанаар ангилна. Үүнд

  1. төрийн улс төрийн албан тушаал
  2. төрийн захиргааны албан тушаал
  3. төрийн тусгай албан тушаал
  4. төрийн үйлчилгээний албан тушаал багтдаг.

            ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдорж “Төрийн албан хаагчдын орон тоо хэт томроод байгаа чинь цэвэр шинээр барьж байгаа цэцэрлэг, сургуультай л холбоотой асуудал… Үндсэн өсөлт бол сургууль, цэцэрлэг, эмнэлэг, соёлын төвд л байгаа шүү” гэж мэдэгджээ. Сургууль, цэцэрлэг, соёлын төв, эмнэлгийн албан хаагч нь дээрх ангиллаар бол төрийн үйлчилгээний албан тушаалд хамаардаг. Өөрөөр хэлбэл, сайд Ц.Нямдорж төрийн албан хаагчийн тоо өссөн нь үйлчилгээний албан хаагчид нэмэгдсэнтэй л холбоотой гэж тайлбарласан байна.

             Гэтэл албан ёсны эх сурвалжуудын мэдээлэлд үндэслэн, төрийн албан хаагчийн тоо хэрхэн өссөнийг UIH.mn нягтлахад энэ нь төөрөгдүүлсэн шинжтэй мэдээлэл байлаа.  

           Үндэсний статистикийн хорооны 1212.mn цахим сан дахь төрийн албан хаагчтай холбоотой, энэ сарын 18-нд шинэчилсэн мэдээллээс үзэхэд төрийн албан хаагчийн тоо сүүлийн гурван жилд дараах байдлаар өсжээ.  

 

2019 он

2020 он

2021 он

Бүгд

198 463

205 011

208 864

Төрийн улс төрийн алба

3 585

3 619

4 165

Төрийн захиргааны алба

19 080

20 553

21 135

Төрийн тусгай алба

38 567

45 453

45 899

Төрийн үйлчилгээний алба

137 231

135 386

137 665

 

Хүснэгтээс харахад

  • Төрийн улс төрийн албан хаагчийн тоо 2019-2020 онд 36, 2020-2021 онд 546-гаар нэмэгдсэн
  • Төрийн захиргааны албан хаагчийн тоо 2019-2020 онд 1473, 2020-2021 онд 582-оор нэмэгдсэн
  • Төрийн тусгай алба хаагчийн тоо 2019-2020 онд 6886, 2020-2021 онд 436-гаар нэмэгдсэн
  • Төрийн үйлчилгээний албан хаагчийн тоо 2019-2020 онд 1845-аар буурсан бол 2020-2021 онд 2279-өөр нэмэгдсэн байна.

 

            2019-2021 онд буюу хоёр жилийн хугацаанд улс төрийн албан хаагчийн тоо 582, захиргааны албан хаагчийн тоо 2055, тусгай алба хаагчийн тоо 7322, үйлчилгээний албан хаагчийн тоо 434-өөр нэмэгджээ. Өөрөөр хэлбэл, үйлчилгээний албан хаагчийн тоо төрийн бусад албаны орон тооноос хамгийн багаар нэмэгдсэн байна.  

           Үүнээс үзэхэд, төрийн албан хаагчийн тоо өссөн нь сургууль, цэцэрлэгийн тоо нэмэгдсэн буюу тэнд ажилладаг төрийн үйлчилгээний албан хаагчийн орон тоо бий болсонтой холбоотой гэж үзэх нь өрөөсгөл. Харин ч захиргааны, тусгай, улс төрийн албан хаагчийн тоо ихээр нэмэгдсэн байна.  

         Засгийн газар 2019-2021 онд Усны газар, Боловсролын ерөнхий газар, Үндэсний геологийн алба, Жижиг, дунд үйлдвэрийн газар, Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрыг байгуулсан. Усны газрын орон тооны дээд хязгаарыг 36, Үндэсний геологийн албаныхыг 35, Жижиг, дунд үйлдвэрийн газрынхыг 39, Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрынхыг 132 байхаар тогтоол баталжээ. Энэ нь төрийн захиргааны албан хаагчийн тоо өссөн үндсэн шалтгаан болсон байна.

            Төрийн улс төрийн албан тушаалд Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд, сайд нар, УИХ-ын дэд дарга, гишүүд, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга, ЗГХЭГ-ын дарга, дэд сайд багтдаг. Үүнээс гадна зөвлөх, Засаг даргын орлогч, нам, эвслийн бүлгийн Ажлын болон Хэвлэл мэдээллийн алба хамаардаг. Ерөнхийлөгч, УИХ-ын дарга гэх мэт хуульчилсан, ганц байдаг орон тоог нэмэхгүй. Тэгэхээр улс төрийн албан хаагчийн тоо 2019-2021 онд өссөн нь зөвлөх, орлогч, хэвлэлийн төлөөлөгч нарын орон тоог нэмсэнтэй холбоотой байна.                

            Төрийн тусгай албаны тухайд хуулиар төрийн нууцад хамааруулдаг.

 

Эх сурвалжТөрийн албаны тухай хууль, Төрийн албаны зөвлөл, Үндэсний статистикийн хорооЗасгийн газрын 2016 оны дөрөвдүгээр тогтоол  

 

Сэтгэгдэл