УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар 2022 оны төсвийн, Нийгмийн даатгалын сангийн 2022 оны төсвийн, Ирээдүйн өв сангийн 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай болон Төрийн хэмнэлтийн тухай хуулийн төслийг хэлэлцлээ. Гишүүд энэ үеэр ямар байр суурь илэрхийлж, асуулт тавьсныг тоймлон хүргэе.
Д.Цогтбаатар: Сүхбаатар дүүрэгт ус зайлуулах байгууламж, далан барих шаардлагатай. Ерөнхий сайд газар дээр нь очиж танилцсан. Хүний амь насанд эрсдэлтэй зүйлээс хөрөнгө хэмнэнэ гэж байхгүй. Сүхбаатар ч гэлтгүй Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр хамаардаг. Усны түвшин нь ихсэж, үер болох эрсдэл үүсэж байгаа. Мөн дэд дарга нарыг цомхотгоно гэнэ. Бодит амьдралд дэд дарга нар нь ажлаа сайн мэддэг, мэргэжлийн хүмүүс байдаг шүү. Арын хаалга нь хүрээгүй учраас дэд даргаар томилогдсон байдаг. Ажлын үр өгөөжид нь үндэслэж, цомхотгох бодлогоо хэрэгжүүлэх ёстой. Хүний эрхийн үндэсний комисс (ХЭҮК)-ын төсвийг танах учиргүй.
Ж.Сүхбаатар: Хүний эрхийг хамгаалах, шударга ёсыг тогтоох нь тэртгүүлэх бодлогын нэг чиглэл. Мөнгө зарцуулахгүйгээр ардчилсан тогтолцоог бэхжүүлэх аргагүй гэдэг. Түүн шиг мөнгө зарцуулахгүйгээр хүний эрхийг хамгаалах, шударга ёсыг тогтоох боломж хомс. Шүүхийн тухай хуулийг шинэчлэн баталсан. 7-8 жилийн турш Улсын дээд шүүхээс бусад шүүхэд хөрөнгө зарцуулаагүй. Уг нь хууль баталснаас хойш хоёр, дөрвөн тэрбумыг төсөвлөсөн. Гэтэл Шүүхийн ерөнхий зөвлөлийн барилгын засварыг 100 хувь бууруулахаар тусгасан байх юм.
Б.Ганбат (Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга): Засгийн газраас гуравдугаар сарын 1-нд багтаан бүх худалдан авалтыг дуусгах чиглэлийг бүх төрийн байгууллагад өгсөн. Шүүхийн ерөнхий зөвлөл (ШЕЗ), ХЭҮК худалдан авалтаа хийгээгүй, гэрээгээ байгуулаагүй байсан учраас танасан. Салбар, байгууллагын онцлогийг биш, худалдан авалт хийсэн, эсэхээс хамаарч төсвийн тодотголын төслийг боловсруулсан.
Д.Зүмбэрэллхам (ШЕЗ-ийн дарга): Шүүхийн тухай хуулийн 46.8.1-д “Улсын дээд шүүх өөрийн, Ерөнхий зөвлөл Улсын дээд шүүхээс бусад шүүхийн үйл ажиллагааны болон хөрөнгө оруулалтын төсвийг төлөвлөн Хууль зүйн байнгын хороонд хянуулахаар хүргүүлнэ” гэж заасан байдаг. Мөн “Засгийн газар Улсын дээд шүүхийн болон бусад шүүхийн төсвийн төслийг бууруулахгүйгээр улсын төсвийн төсөлд тусгаж, холбогдох дүгнэлтийн хамт УИХ-д өргөн мэдүүлнэ” гэж заасан байдаг. Өнгөрсөн нэгдүгээр сард төсөвт тодотгол хийхэд ШЕЗ-ийн төсвөөс хоёр тэрбум төгрөгийг хассан. Одоо хэлэлцэж байгаа төсвийн тодотголоор манай үлдсэн төсвийг танахгүй гэдэгт найдаж, анхаарал хандуулаасай гэж хүсэж байна. Цаашид шүүх хэвийн үйл ажиллагаа явуулахад төрөөс онцгой анхаарахгүй бол болохгүй нь. Бүх шүүхийн танхимтай танилцахад нөхцөл байдал маш хүнд байсан.
Ж.Хунан (ХЭҮК-ын дарга): ХЭҮК-ын 2022 оны төсвийг 3.2 тэрбум төгрөгөөр баталсан. Өнгөрсөн нэгдүгээр сарын тодотголоор үүнийг 2.9 тэрбум болж багасгасан. Одоо хэлэлцэж буй төсвийн тодотголд ХЭҮК-ын төсвийг 373 сая төгрөгөөр танахаар тусгасан байгаа. Энэ нь худалдан авалтын зардал байсан. Тодруулбал, эрүүдэн шүүлтээс урьдчилан сэргийлэх үндэсний механизмыг хэрэгжүүлэх, хүний эрх хамгаалагчийн үндэсний тогтолцоог ажиллуулах, Хувь хүний мэдээлэл хамгаалах тухай хуулийн дагуу ХЭҮК-ын дэргэд бие даасан нэгж байгуулж, ажиллуулахад шаардлагатай тоног төхөөрөмжийг худалдах авах төсвийг хассан. Үүний 111 сая нь тоног төхөөрөмж, 43 сая нь тавилга, 178 сая төгрөг нь тээврийн хэрэгсэл худалдан авах зардал байсан. ХЭҮК-т 143 сая төгрөгийг нэмж тусгах шаардлагатай байна. Худалдан авалтынх нь гэрээг байгуулсан.
Ж.Сүхбаатар: ХЭҮК-т шаардлагатай 140 сая гаруй төгрөгийг хаанаас гаргах вэ. ШЕЗ-ийн барилгыг ч 100 хувь хасмааргүй байна. Байгууллагын онцлог биш, бодлогын эрэмбээ харах ёстой.
С.Бямбацогт: Үндсэн хуульд шүүхийн бие даасан, шүүгчийн хараат бус ажиллах нөхцөлийг төр хангана гэж заасан. Шүүхийн төсвийг Хууль зүйн байнгын хороо хянаж, Засгийн газар луу явуулна. Хүргүүлсэн төсвийг Засгийн газар танахгүйгээр УИХ-д өргөн мэдүүлэх үүрэгтэй. ШЕЗ, Улсын дээд шүүх, Шүүхийн сахилгын хорооны төсвийг Сангийн яам хасаж хэлэлцүүлж буй нь хууль зөрчөөд байна.
А.Ариунзаяа: Хууль биелүүлэх ёстой. Бид тухайн асуудлыг боловсруулж, Засгийн газарт оруулах чиг үүрэгтэй. Тиймээс Засгийн газарт энэ асуудлыг оруулахад Ерөнхий сайд буцаасан. Нэгдүгээрт, цалин хөлсний нэгдсэн бодлоготой байх ёстой гэж үзсэн. Хоёрдугаарт, шүүгчийн туслах, нарийн бичгийн цалинг тусгай хууль гаргаж, ТЗ-6 ангиллаар хоёр дахин нэмэгдүүлсэн дүнгээр олгоно гэж давуу байдал үүсгэсэн нь шударга зүйл мөн үү. Эсвэл цалингийн хэмжээг нь тусгайлан тогтоох ёстой. Түүнээс биш, ТЗ-5, ТЗ-6-г хоёр дахин нэмэгдүүлнэ гэдэг хууль нь өөрөө шударга биш байна. Тиймээс аль ч салбарт тусгай хуулиар өөрт давуу байдал үүсгэдгийг зогсоох нь зүйтэй. Төрийн албаны зөвлөл, УИХ, Засгийн газартай хамтран төрийн албаны ангилал, зэрэглэлээ эргэн харах хэрэгтэй гээд ажлын хэсэг байгуулсан. Тэгэхээр энэ асуудал дээр юу шударга вэ гэдэг өнцгөөс харж, нэгдсэн бодлогоор явах ёстойг Ерөнхий сайдын хувьд хэлсэн, үүний дагуу ажиллаж байгаа.
Б.Энхбаяр: А.Ариунзаяа сайд аа, тун хариуцлагагүй мэдэгдэл хийж байна шүү. Шүүхийн тухай хуулийг шинэчилж, дагалдуулан тогтоол баталсан. Монгол Улсын шүүх бол Засгийн газрын байгууллага биш. Сангийн яам, ХНХЯ-ныхан Засгийн газрын агентлагийн асуудлыг ярьж байгаа юм шиг хандаж байна. Шүүхийнхэн та нарын үүдэнд сууж, төсөв гуйдаг байгууллага биш. Та нарыг төсвөө буруу зарцуулсан, эсэхэд хяналт тавьж, хариуцлага ногдуулдаг бие даасан институц. ШЕЗ ажлаа хий, Д.Зүмбэрэллхам дарга аа. Таныг даргаар томилоход би эсрэг байр суурьтай байсан. Та Засгийн газрын байгууллагын албан тушаалтан биш. Нэгдүгээрт, Шүүх эрх мэдлийн бие даасан, хараат бус байдлыг алдагдуулсан албан тушаалтныг хууль биелүүлээгүй гэдэг үндэслэлээр Үндсэн хуулийн цэцэд “өгнө”. Хоёрдугаарт, энэ нь албан тушаалын эс үйлдлийн шинжтэй гэмт хэрэг болбол эрүүгийн хэрэг үүсгэн, шалгах асуудлыг АТГ-т ШЕЗ-өөс тавина. Гуравдугаарт, Засгийн газрын сайд, албан тушаалтан хууль, УИХ-ын тогтоол биелүүлээгүй асуудлаар захиргааны хэргийн шүүхэд гомдол, нэхэмжлэл гаргах шинэ заалт хуульд бий. УИХ хуулиа гаргасан. Харин биелүүлэхгүй байгаа албан тушаалтан өөрийгөө сая илчиллээ. Одоо ажлаа хий. Протоколоо гаргаад яв.
Ц.Мөнхцэцэг: ХЭҮК-ын зардал бол дарга нарын тансагладаг мөнгө биш. Танах ёстой зардал биш. Тус комиссын үйл ажиллагаа бол газар дээр нь очиж, хүний эрхийн зөрчлийг илрүүлдэг, нарийн мэргэжлийн үйл ажиллагаа. ХЭҮК энэ жилээс эхлэн хоёр шинэ функцийг хэрэгжүүлэх ёстой. Гэтэл зардлыг нь танаж байгаа нь Монгол Улс дахь хүний эрхийн нөхцөл байдал, тэр дундаа үндэсний аюулгүй байдлын хэмжээнд хүртэл ярих ноцтой асуудал. ЦЕГ-ын 10 тэрбум төгрөгөөс 143 саяыг нь ХЭҮК-т шаардлагатай зардал ру шилжүүлэх саналтай байна.
С.Бямбацогт: Төрийн хэмнэлтийн тухай хуулийг том утгаар нь авч үзэх ёстой. 2010 онд манай улсын төрийн албан хаагчийн тоо 155 мянга байсан. Тэр үед төрийн өмчит үйлдвэрийн газрын ажилтнууд төрийн албан хаагчид хамаардаг байлаа. Гэтэл 2021 онд 208 мянгад хүрчээ. Ингэхдээ төрийн захиргааны агентлагуудыг татан буулгаад, төрийн өмчит үйлдвэрийн газар болгосон. Ингээд үзэхээр 12 жилийн хугацаанд төрийн албан хаагчийн тоо 53 мянгаар өссөн байна. Хэрэв агентлаг байж байгаад төрийн өмчит үйлдвэрийн газрууд болгосон байгууллагын албан хаагчдын тоог нэмбэл энэ нь 60, 70 мянгаар ихэснэ. Энэ хэрээр төрийн үйл ажиллагааны бүтээмж нэмэгдсэн үү гэвэл үгүй. Хүнд сурталтай, шан харамж нэхдэг, бүтээмж багатай хэвээрээ л байгаа. Энэ хэмжээгээрээ төсвөөс цалин, орон байр, цахилгаан, дулаан, цэвэр бохир ус, бичиг хэргийн зардал гаргадаг. Үүнээс болж хувийн хэвшлийнхэнд ажиллах хүн олдохгүй байна. Төрийн үйлчилгээ цахимжсан. Тэр хэрээрээ төрийн албан хаагчийн ачаалал буурч байгаа. Энэ чинь төрийн хэмнэлт. Төрийн албан хаагчийн ажиллах нөхцөл хөнгөрч, бүх зүйл механикжсан.
А.Ариунзаяа: Төрийн албан хаагчийн 60 орчим хувийг үйлчилгээний албаныхан эзэлдэг. Тэднийг цомхотгох боломжгүй. Учир нь хүн амд үйлчилгээ үзүүлдэг албан хаагч нар. Хүн амын тоо ихсэхийн хэрээр даган нэмэгдэж байдаг. Төрийн хэмнэлтийн тухай хуулийн төсөлд "Чиг үүргийн давхардалтай, чиг үүрэг ойролцоо бүхий үйл ажиллагаа явуулж байгаа төсвийн байгууллага, орон тоог цэгцэлнэ" гэж заасан.