УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг, Г.Амартүвшин, Х.Ганхуяг, Ё.Баатарбилэг нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг Улсын ерөнхий прокурор Б.Жаргалсайхан УИХ-ын дарга Г.Занданшатарт өчигдөр ирүүлжээ. УИХ-ын тухай хуульд заасны дагуу уг саналыг ирүүлснээс хойш ажлын тав хоногийн дотор гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх, эсэхийг УИХ хэлэлцэж, шийдвэрлэх ёстой. Тиймээс УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл өнөөдөр хуралдаж, баасан гаргийн чуулганы нэгдсэн хуралдаанаар уг асуудлыг хэлэлцэхээр товлосон байна.
УИХ-ын тухай хуульд зааснаар бол УИХ-ын гишүүний бүрэн эрхийг хоёр тохиолдолд түдгэлзүүлэх, эсэхийг шийдвэрлэдэг. Нэгдүгээрт, гэмт үйлдлийнх нь явцад, эсхүл гэмт хэргийн газарт нотлох баримттай нь баривчилж, улмаар бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх тухай саналыг Улсын ерөнхий прокурор УИХ-д оруулсан бол хэлэлцэх хуультай. Хоёрдугаарт, гишүүнд холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэсэн бөгөөд Улсын ерөнхий прокурор түүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай саналыг УИХ-д хүргүүлсэн бол бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх, эсэхийг нь шийддэг.
УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг, Г.Амартүвшин, Х.Ганхуяг нарыг эрх мэдлээ урвуулан ашиглаж, Хөгжлийн банкнаас өөрт хамаарал бүхий этгээдэд зээл олгосон, авсан байж болзошгүй үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэсэн тухай мэдээлэл байна. Харин Ё.Баатарбилэг гишүүнийг мөн л Хөгжлийн банкны зээлдэгчээс хахууль авсан гэх үндэслэлээр шалгаж буй аж.
Гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх асуудлыг УИХ-ын гишүүний халдашгүй байдлын дэд хороо, Хууль зүйн байнгын хороо, Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг үндэслэн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж, Төрийн байгуулалтын байнгын хорооны саналаар нууцаар санал хурааж шийдвэрлэнэ. Хуралдаанд оролцсон гишүүдийн олонх гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэхийг дэмжиж санал өгсөн бол энэ тухай тогтоол баталсанд тооцно.
Гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх шаардлагагүй гэсэн шийдвэрийг УИХ гаргасан бол баривчлагдсан гишүүнийг 1 цагийн дотор суллана. Харин гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлсэн үндэслэл арилсан талаар эрх бүхий байгууллагын шийдвэрийг нэгдсэн хуралдаанд Улсын ерөнхий прокурор уншиж танилцуулснаар УИХ-ын гишүүний бүрэн эрхийг сэргээх тухай тогтоол баталсанд тооцох хуультай.