МАН: LRT төслийг дахин хэлэлцэх шаардлагатай тул ажлын хэсэг байгуулна
2022-04-25

                   УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр хуралдаж, хоёр асуудал хэлэлцжээ. Зөрчлийн тухай болон Зөрчлийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжиж, ажлын хэсэг байгуулахаар боллоо. Ажлын хэсгийн дүгнэлтийг бүлгийн хуралдаанаар дахин хэлэлцэх шаардлагатай гэж үзсэн байна. 

                  Төсвийн тодотголыг УИХ-аар өнгөрсөн долоо хоногт хэлэлцэх үед дагалдуулж 10 хууль, 4 тогтоолын төслийг УИХ-д өргөн барьсан. "Шинэ сэргэлтийн бодлого"-ыг хэрэгжүүлэх хүрээнд Засгийн газраас зээлийн баталгаа гаргах тухай тогтоолын төсөл үүнд багтсан юм.  Тодруулбал, Тулгуурт гүүрэн байгууламж бүхий нийтийн тээврийн үйлчилгээ (LRT) нэвтрүүлэх төсөл”-ийн бүтээн байгуулалтын ажилд шаардагдах 510 сая ам.доллар хүртэлх эх үүсвэрт Засгийн газрын өрийн баталгаа гаргах тогтоолын төслийг МАН-ын бүлэг өнөөдөр хэлэлцжээ. УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар уг тогтоолыг хэлэлцэх үед гишүүд хот, хөдөөгөөрөө талцан маргалдаж, ийм их хэмжээний хөрөнгөөр LRT нэвтрүүлэх шаардлагатай, үгүйд ам зөрсөн тул МАН-ын бүлгийн гишүүд нэгдсэн ойлголтод хүрэхээр өнөөдөр танилцуулга сонссон аж. 

                Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах асуудал учраас нийслэлийн удирдлагууд өнөөдрийн хуралдаанд оролцож, LRT төслийн танилцуулга хийсний дараа гишүүд асуулт асууж, хариулт авчээ. Бүлгийн гишүүд төслийг дахин хэлэлцэх шаардлагатай гэж үзээд, УИХ-аас ажлын хэсэг байгуулахаар болсон байна. 

Сэтгэгдэл