АН: Макро эдийн засгийн суурь өөрчлөлтийг тусгасан зөвлөмжийг Засгийн газарт хүргүүлнэ
2022-04-25

УИХ дахь Ардчилсан намын бүлэг ээлжит даваа гаригийн хуралдаанаараа дараах асуудлыг хэлэлцжээ. Үүнд

  • Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Ирээдүйн өв сангийн 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл
  • Төрийн хэмнэлтийн тухай хуулийн төслийн талаарх мэдээлэл
  • УИХ дахь Ардчилсан намын бүлгээс Засгийн газарт явуулах зөвлөмжийн төслүүд

 

                 Тус бүлгийн гишүүд “Он гараад хагас жил ч болоогүй байхад Монгол Улс 2022 оны төсвөө хоёр дахь удаагаа өөрчлөхөөр тодотгол оруулж ирлээ. Ингэснээр ердөө таван сарын дотор улсын төсвийг гурав дахь удаагаа хэлэлцэж байна. Хоёр сар тутам төсвийн бодлогоо өөрчилдөг улс дэлхий дээр байхгүй. Төсөвт тодотгол хийх шалтгаануудыг хуулиар тодорхой заасан байдаг. Тухайлбал, ДНБ-ий хэмжээ гурван хувиар буурвал тодотгол хийх хуультай. Гэвч өнөөгийн тодотгол дайн, цар тахлаас шалтгаалсан гэх боловч ДНБ яг хэдэн хувиар буурсан тодорхой тоо алга байна. Тодотгол хийх шалтгаан нь бүрхэг, хуульд нийцээгүй байгаад Ардчилсан намын бүлэг шүүмжлэлтэй хандаж, төрийн бүх ажил хууль дээдлэх зарчмыг баримтлах учиртай”-г хөндсөн байна.

         Төсвийн тодотголд эдийн засгийн суурь реформуудыг тусгаагүй, орлого бүрдүүлэх салбарт анхаараагүй, зардлаа хэмнэнэ гэх боловч хэмнэлт нь ердөө 39 тэрбум хэрнээ Засгийн газрын өрийг долоон их наядаар нэмэгдүүлэн оруулж ирсэнд ихээхэн шүүмжлэлтэй хандаж буйгаа илэрхийлжээ. Төр өөрөө өөрийгөө хуурч зарим өрийг өөр ангилалд оруулж байгаагаас бус, өр ДНБ-ий зохих хэмжээнээс хэт давсан нь улсаа өрийн “хавх”-нд оруулах эрсдэлд хүргэж буйг мөн онцолсон аж. Түүнчлэн хэмнэлтийн хууль баталж, хэдэн дэд сайд цомхотгохоос илүүтэй, төрийн өмчит компаниудаа яаралтай хувьчлах шаардлагатай гэдэгт бүлгийн гишүүд санал нэгджээ.

      “Төсвийн шинэчлэл, бодлогын реформ нэн даруй хийх ёстой. Эдийн засаг хүндэрсэн энэ үед хувийн хэвшлээ тэлэх, эдийн засгийг чөлөөлөх, эрчим хүчний хараат байдлаасаа гарах, төрийн өмчит том компаниудыг хувьчлах гэх мэт зарчмын суурь асуудлууддаа анхаарсан, төсвийн шинэчлэл, төлөвлөлт, хяналт, төсвийн сахилга бат, үр ашгаа сайжруулах нь чухал”-ыг АН-ын бүлгээс анхааруулсан байна.  

 

Бүлгийн хурлын дараа олон нийтэд хандаж мэдээлэл хийсэн. Энэ үеэр ямар байр суурь илэрхийлснийг хүргэе.  

УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Ганбат: Төсвийн хэмнэлтийг дэмжиж байгаа. Гэвч Засгийн газрын өр 26 их наядад хүрсэн. Оруулж ирж буй төсвийн тодотголоор энэ их өрийг дахин 7 их наядаар нэмж 33.9 их наяд болгохоор байна. Энэ бол Монголбанкны Хятадтай хийсэн 3 тэрбум ам.долларын своп хэлэлцээний дүн ороогүй тоо юм. Монгол Улс урьд өмнө хэзээ ч байгаагүй их хэмжээний өртэй боллоо. Гадны санхүүгийн байгууллагуудын судалгааны дүнд дурьдсанчлан өрийн хавханд ороод байгаа 5 улсын тоонд манайх багтсан байгаа. Гэтэл нэмж өр тавихаар оруулж ирж буй нь өрийн хавханд орох бодит эрсдлийг нэмэгдүүлж байна.

 

УИХ-ын дэд дарга С.Одонтуяа: Миний хувьд цэцэрлэгийн асуудлыг дэмжиж байгаа. Цэцэрлэг олноор байгуулснаар эцэг, эх нь ажилдаа явах боломжтой болж, татварын орлого нэмэгдэж, ядуурал буурна. Улс бэлэн мөнгө тараадаг биш, ажлын байрыг олноор бий болгох бодлого хэрэгжүүлэх ёстой. Хэмнэлтийг ойр зуур аргацаасан байдлаар бус өргөн хүрээнд хийхийн тулд ТӨХК-иудаа зоригтой хувьчилж эхлэх хэрэгтэй. ТӨХК-иудын нийт хөрөнгө 40 их наяд хэрнээ жилд 100 хүрэхгүй тэрбум төгрөгийн ашигтай ажиллаж байна. Түүнчлэн эдийн засгийн хүндрэлийнхээ оношийг зөв тавьж байж, дараагийн алхам зөв болно. Тиймээс эрдэмтэн, судлаачдын багийг УИХ-ын дэргэд ажиллуулж, нөхцөл байдлаа зөв үнэлэн, оношоо олох нь чухал байна. Мөн экспортын гацаагаа гаргахгүй бол таг зогслоо шүү.

 

              Ардчилсан намын бүлэг эдийн засгийн эрх чөлөөний үзэлтэй баруун төвийн онол дээр суурилсан бодлогынхоо хүрээнд макро эдийн засгийн суурь өөрчлөлтүүдийг тусгасан зөвлөмжийг Засгийн газарт хүргүүлэхээр ажиллаж байгаа талаараа энэ үеэр мэдээллээ.

 

Сэтгэгдэл