"Хөнгөн галт тэрэг"-ний төслөөр хот, хөдөөгөөрөө талцсан долоо хоног
2022-04-24

             УИХ өнгөрсөн долоо хоногт төсвийн тодотголыг хэлэлцэв. Засгийн газраас үүний төслийг лхагва гарагт өргөн барьсны дараахан чуулганы хуралдаан эхэлж, нэгдүгээр хэлэлцүүлгийг нь амжуулсан. Энэ долоо хоногт үргэлжлүүлэн хэлэлцэх төсвийн тодотголыг баталснаар 2022 оны улсын төсөвт хоёр дахь удаагаа өөрчлөлт оруулж буй юм.

Төсвийн тодотголтой холбогдуулан дараах хуулийн төслүүдийг өргөн барьсан. Үүнд

  • 2022 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай
  • Ирээдүйн өв сангийн 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай
  • Нийгмийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай
  • Монгол Улсын нэгдсэн төсвийн 2022 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2023-2024 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай
  • “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд хэрэгжүүлэх хөгжлийн төсөл, арга хэмжээг эрчимжүүлэх тухай УИХ-ын тогтоолын төсөл
  • Хүүхдийн цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх талаар авах арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төсөл
  • Төрийн өмчит хуулийн этгээдийн хувьцааг 2022-2023 онд биржээр олон нийтэд нээлттэй худалдах үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын төсөл
  • Тогтоолын хавсралтад нэмэлт оруулах тухай УИХ-ын тогтоолын төсөл (Гадаадын хөрөнгө оруулалт, гадаад худалдааны газар байгуулах талаарх)
  • Нийгмийн даатгалын шимтгэлээ өөрөө хариуцан төлсөн зарим даатгуулагчийн шимтгэлийн 50 хувийг буцаан олгох тухай
  • Ирээдүйн өв сангийн хуульд өөрчлөлт оруулах тухай
  • Төрийн хэмнэлтийн тухай

 

2022 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд тусгаснаар төсвийн ерөнхийлөн захирагч нарын зарцуулах хөрөнгийн хэмжээтэй танилцана уу.  

 

Бусад хуулийн төсөлд тусгасан онцлог зохицуулалт 

  • Нэг сая ба түүнээс доош төгрөгийн нийгмийн даатгалын шимтгэл ногдуулах сарын хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогоос албан журмаар болон сайн дураар даатгуулсан даатгуулагчид өөрийнх нь 2022 оны 5-12 дугаар сард хариуцан төлсөн тэтгэврийн, тэтгэмжийн, ажилгүйдлийн, үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын шимтгэлийн 50 хувийг сар бүр буцаан олгоно. 
  • Хүүхдийн эцэг, эх, хууль ёсны асран хамгаалагч, харгалзан дэмжигч хүсвэл сард нэг удаа хүсэлт гаргаж, хүүхдийн хуримтлалыг 100 хувь мөнгөн хэлбэрээр авах эрхтэй.
  • Төрийн тусгай чиг үүрэг хэрэгжүүлдэг Засгийн газрын агентлаг, УИХ-д ажлаа шууд хариуцан тайлагнадаг байгууллагаас бусад этгээд дэд, орлогч даргатай байхыг хориглоно. 
  • Засгийн газрын агентлагийн дарга, төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдэд зөвлөх чиг үүрэг бүхий орон тооны этгээд ажиллуулахыг хориглоно.
  • Нийслэлийн Засаг дарга хоёр, аймаг, дүүрэг, сумын Засаг дарга нэгээс илүү орлогч даргатай байхыг хориглоно.
  • УИХ-д ажлаа шууд хариуцан тайлагнадаг байгууллагын тэргүүн дэд, дэд, орлогч дарга, яамны дэд сайд, төрийн нарийн бичгийн дарга, Засгийн газрын агентлагийн дарга, төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдийн захирал, төсвийн байгууллагын дарга хотын дотор албан тушаалын суудлын автомашин ашиглахыг хориглоно.
  • Төрийн болон орон нутгийн өмчид бүртгэлтэй бүх төрлийн авто тээврийн хэрэгсэлд бусад авто тээврийн хэрэгслээс ялгагдах тод дэвсгэр өнгө бүхий улсын дугаар хэрэглэнэ.
  • Төрийн албан хаагчийн албан ажлын өрөөний талбайн хэмжээ, дотоод зохион байгуулалт, тавилга, хэрэгслийн нийтлэг жишгийг Засгийн газар батална.  
  • Засгийн газарт харьяалагдах төсвийн ерөнхийлөн захирагч болон түүнтэй адилтгах, түүнээс дээш албан тушаалтнаас бусад этгээд агаарын тээврийн хэрэгслээр албан ажлаар зорчихдоо энгийн зэрэглэлээс бусад суудлаар зорчихыг хориглоно.  
  • Төсвийн байгууллагын албан хаагчид хууль тогтоомжид зааснаас өөрөөр үндсэн цалин, нэмэгдэл, нэмэгдэл хөлс, олговор, урамшуулал олгохыг хориглоно
  • Гар утасны зардал, албаны бус автотээврийн хэрэгслийн шатахууны төлбөр, ээлжийн амралтаараа дотоодын амралт, сувиллын газарт, эсхүл өөрийн болон эхнэр /нөхөр/-ийн төрсөн нутагт амрах тохиолдолд түүний очих, ирэх замын зардал, хэвлэлийн захиалгын төлбөрийг төсвөөс санхүүжүүлэхийг хориглоно. 
  • Засгийн газрын шийдвэр гарснаас бусад тохиолдолд шинээр хараат болон охин компани байгуулахыг хориглоно.
  • 2 настай хүүхдийн эцэг, эх, асран хамгаалагчид хүүхдээ гэртээ асрахад дэмжлэг үзүүлж, хувьсах зардал олгоно. 
  • Цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлж, сугалаагаар цэцэрлэгт хамруулдаг явдлыг богино хугацаанд шийдвэрлэх зорилгоор улсын болон нийслэлийн төсвөөс 200 тэрбум төгрөг зарцуулна. 
  • Элсэн чихэр, ёотон, хүнсний ургамлын тос, цагаан будааг импортлоход гаалийн албан татвараас тус тус чөлөөлсүгэй
  • Дотоодын түүхий эдээр үйлдвэрлэсэн ургамлын тос, дотоодын хүнсний үйлдвэрт борлуулсан хүнсний зориулалттай тосны ургамлыг нэмэгдсэн өртгийн албан татвараас тус тус чөлөөлсүгэй.
  • Ашигт малтмал, цацраг идэвхт ашигт малтмал, газрын тосны хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшдэггүй aлбан татвар төлөгч нийслэл хотод байрлалтай үйлдвэр, эсхүл агуулахаа нийслэлийн хилийн цэсээс нүүлгэсэн тохиолдолд тухайн нүүлгэн шилжүүлэхтэй холбогдон гарсан энэ хуулийн 13 дугаар зүйлд заасан шаардлага хангасан зардлыг 50 хувиар нэмэгдүүлж албан татвар ногдох орлогоос хасаж тооцно.
  • Ашигт малтмал, цацраг идэвхт ашигт малтмал, газрын тосны хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшдэггүй, нийслэл хотын хилийн цэсээс гадна үндсэн үйл ажиллагаа эрхлэн явуулдаг, хуулийн этгээдийн ерөнхий захиргаа нь орон нутагт бүртгэлтэй, тухайн орон нутгийн татварын албанд бүртгэгдсэн албан татвар төлөгч ажил хайгч иргэнийг хөдөлмөрийн гэрээний дагуу үргэлжилсэн 12 сарын хугацаанд нийт 183 ба түүнээс дээш хоног шинээр ажиллуулсан бол тухайн хугацаанд хамаарах цалингийн зардлыг 20 хувиар нэмэгдүүлж албан татвар ногдох орлогоос нэг удаа хасаж тооцно.
  • Ашигт малтмал, цацраг идэвхт ашигт малтмал, газрын тосны хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшдэггүй албан татвар төлөгч 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хойш нийслэл хотоос бусад аймаг, суманд шинээр бий болгосон энэ хуулийн 17.1 дэх хэсгийн 1-д заасан хөрөнгөд өөрийн сонголтоор 5 жилийн хугацаанд шулуун шугамын аргаар элэгдэл тооцож болно. Энэ тохиолдолд тухайн хөрөнгөд элэгдэл тооцож эхлэхээс өмнө харьяалах татварын албанд мэдэгдсэн байна.
  • Ашигт малтмал, цацраг идэвхт ашигт малтмал, газрын тосны хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшдэггүй нийслэл хотын хилийн цэсээс гадна 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хойш үйл ажиллагаа шинээр эхлүүлсэн, хуулийн этгээдийн ерөнхий захиргаа нь орон нутагт шинээр бүртгэгдсэн, тухайн орон нутгийн татварын албанд шинээр бүртгэгдсэн аж ахуйн нэгжийн үндсэн үйл ажиллагааны орлогод ногдох албан татварыг орлого олж эхэлсний дараагийн тайлант хугацаанаас эхлэн 3 жил 90 хувь, дараагийн 3 жил 50 хувиар хөнгөлнө. 
  • Албан татвар төлөгчийн 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хойш хэрэгжүүлэх дулаан, цахилгаан үйлдвэрлэх төслийн үндсэн үйл ажиллагааны орлогод ногдох албан татварыг орлого олж эхэлсний дараагийн тайлант хугацаанаас эхлэн 3 жил 90 хувь, дараагийн 3 жил 50 хувиар хөнгөлнө. 
  • Аливаа этгээд дангаар болон холбогдох этгээдийн хамт энэ хуульд заасны дагуу нээлттэй хувьцаат компани болсон төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдийн Үнэт цаасны тухай хуулийн 4.1.28-д заасан нөлөө бүхий хувьцаа эзэмшигч байхыг хориглоно. 
  • Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн 3.1.5- д заасан улс төрд нөлөө бүхий этгээд, түүний хамаарал бүхий этгээд биржээр арилжаалах төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдийн хувьцааг эзэмшихийг хориглоно. 

       

          УИХ-ын чуулганы хуралдаанаар төсвийн тодотголыг хэлэлцэх үеэр гишүүд хот, хөдөөгөөрөө талцаж  муудалцсан. Тодруулбал, нийслэлийн ЗДТГ-аас хэрэгжүүлэх “Тулгуурт гүүрэн байгууламж бүхий нийтийн тээврийн үйлчилгээ (LRT) нэвтрүүлэх төсөл”-ийн бүтээн байгуулалтын ажилд шаардагдах 510 сая ам.доллар хүртэлх эх үүсвэрт Засгийн газрын өрийн баталгаа гаргах асуудалд гишүүд ам зөрсөн нь УИХ-ын Төсвийн байнгын хорооны гишүүдийн олонх уг төслийг дэмжээгүйгээс улбаатай. УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар үүнийг дэмжих, үгүйг шийдэхэд гишүүд дараах байдлаар маргалдав. 

Ч.Хүрэлбаатар: Нэг хүн чичрээд дайрлаа гээд төсөвт суулгах албагүй

          Төсвийн байнгын хорооны дарга Ч.Хүрэлбаатар энэ тухайд тайлбарлахдаа "Засгийн газрын баталгаа нь зээлтэй адилхан процесстой. Засгийн газрын баталгаа гаргасан зээл нь төлөгдөхгүй бол тэр хэмжээгээрээ Монгол Улсын өр болно гэсэн үг. Энэ агуулгаараа хоёр хуулийн зохицуулалттай зөрчилдөж байгаа. Нэгдүгээрт, Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасан өрийн хязгаарыг хангах ёстой. Уг төслийг 2.8 тэрбум ам.доллараар хэрэгжүүлнэ. ТЭЗҮ-ийн тооцооллоороо буюу 2.8 тэрбум ам.доллар гэсэн дүнгээрээ Засгийн газрын баталгаа болгож бичнэ. Монгол Улсын өр ДНБ-ий 70 шахам хувьтай тэнцэж байгаа. Тэгэхээр өрийн 1.8 тэрбум ам.долларын орон зай л үлдсэн гэсэн үг. Ирэх жилд өрийн босго 64 хувьд хүрэх буюу буурна. Тэгэхээр Төсвийн тогтвортой байдлын тухай хуультай зөрчилдөнө. Хоёрдугаарт, Өрийн удирдлагын тухай хуультай зөрчилдөнө. Би хууль дээдэлнэ. Нэг хүн чичрээд дайрлаа гээд түүнийг нь төсөвт тусгах албагүй" гэсэн.

Ж.Сүхбаатар: Төсвийн байнгын хороонд манай нийслэлээс сонгогдсон дөрөвхөн гишүүн харьяалагддаг

          Нийслэлийн Баянзүрх дүүргээс сонгогдсон гишүүн Ж.Сүхбаатар "Хөнгөн галт тэрэг барих төслийг Ерөнхий сайд дэмжсэн. Сангийн яам өрийн таазын тооцоогоо хийгээд, энэ талаараа танилцуулсан. Гэтэл Төсвийн байнгын хороон дээр хэдэн дарга нар ярилцаад үүнийг аваад үлдчихэж. Түгжрэлийг бага мөнгөөр шийдэж болохгүй байгаа байхгүй юү. Төсвийн байнгын хороонд манай нийслэлээс сонгогдсон дөрөвхөн гишүүн харьяалагддаг. Ер нь түгжрэлтэй холбоотой асуудлаар 2024 оноос өмнө маш том жагсаал болох байх. Мануухай болж суух гээгүй. Хувийнхаа асуудлыг яриагүй. Яагаад Монголыг хорлодог хүмүүс байдаг юм бэ. Орон нутгийн тойргоосоо дахин дахин сонгогдохдоо итгэлтэй байгаа учраас Улаанбаатарын эсрэг ажилладаг хүн юм уу. Өнөөдрийн хуралдааны протоколыг олон жилийн дараа гаргаж тавина" гэж нэлээд ууртай байр суурь илэрхийлсэн.  

Б.Энхбаяр: Хот, хөдөөгөөрөө ялгарч, зодоон хийх гэж байна 

         Нийслэлийн Баянзүрх дүүргээс сонгогдсон гишүүн Б.Энхбаяр "510 сая ам.долларыг айхтар их мөнгө гэж ойлгож болохгүй. Улаанбаатар хотын түгжрэлийн улмаас алдагдаж байгаа эдийн засгийн боломжийг тооцоолсон. Нэг жилд 100 сая ам.долларын шатахуун зарцуулж байна. Цаг хугацаа, боломж гэдэг өртгөөр нь тооцож үзвэл нэг жилд 2.7 тэрбум ам.доллар алдаж байгаа гэж тооцсон. Мөнгөн дүнгээр авч үзвэл ирэх таван жилийн хугацаанд 8.5 тэрбум ам.долларын алдагдал гарна гэж тооцсон байна. 2024 онд Улаанбаатар хотод бүтэн өдрийн турш тэг зогсоно. Ерөнхий сайд БНХАУ-д айлчлал хийгээд тохиролцсон асуудлыг МАН-ын бүлэг "унагаах" юм уу. Үзэл бодол, хандлагын зодоон хийдэг байсан чинь одоо хот, хөдөөгөөрөө ялгарч, зодоон хийх гэж байна. Би бол үзэлцэхэд бэлэн" гэж байр сууриа илэрхийлсэн. 

Э.Бат-Амгалан: Увсад маш олон тэрбум төгрөгийн хөрөнгө оруулж байсан шүү дээ  

            Ч.Хүрэлбаатар гишүүний тайлбарласан өрийн таазыг хэтрэх эрсдэл байхгүйг Э.Бат-Амгалан гишүүн хөндсөн. Тэрбээр "Хөнгөн тулгуурт метроны асуудлыг хасаад оруулаад ирэхээр төсвийн тодотголыг дэмжих сонирхол алга. Та төслийн ТЭЗҮ-ийг нь унш. 2.8 тэрбум ам.доллараар Засгийн газрын бонд гаргах гэж байгаа юм шиг зүйл хэлэх юм. ТЭҮЗ-ийг нь хийгээд дуусгачихсан. 926 сая ам.доллараар хийж байгаа ажил. 510 сая ам.доллар буюу 50 хувьд нь л Засгийн газар баталгаа гаргаж өгөх асуудал. Сангийн сайдаар ажиллаж байхдаа Увсад маш олон тэрбум төгрөгийн хөрөнгө оруулж байсан шүү дээ, үнэндээ. Улаанбаатарынхан хүн биш үү. Увсынхан хүн юм уу" гэв.   

Ч.Хүрэлбаатар: Хотоос сонгогдсон гишүүд "Танай Увсынхан" гээд их эмоцитой ярьж байна  

            Гишүүд байр сууриа илэрхийлсний дараа Ч.Хүрэлбаатар хариултдаа "Хотоос сонгогдсон гишүүд "Танай Увсынхан" гээд их эмоцитой ярьж байна. Бид үндсэн зарчмаа ярих ёстой. 3.2 сая хүний эрх ашгийг дээдлэх ёстой. Хуулиа баримтлах ёстой. Төсвийн тодотголыг өргөн барихдаа дагалдуулан 3.5 тэрбум ам.долларын Засгийн газрын баталгаа гаргах агуулгатай тогтоолын төсөл оруулж ирж байна. 10 жилээр шүү бүр, та бүхэн сайн уншаарай. 10 жилээр нь төсөв төлөвлөчихсөн. 2032 он хүртэл жил бүр 420 тэрбум төгрөгийг үүнд зарцуулна гэнэ. Дөрвөн УИХ-ын бүрэн эрхэд халдаж, төсвийн шийдвэр гаргаж болохгүй" гэсэн. 

Нийгмийн, эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлд нэр дэвшигчийн сонсгол болов

           УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооноос Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн ажил олгогч болон даатгуулагчийг төлөөлсөн гишүүний нэр дэвшигчийн сонсголыг даваа гарагт зохион байгууллаа. Сонсголд оролцогчдыг танилцуулсны дараа тэд хийх ажлынхаа талаар мэдээлэл өгсөн. Мөн судлаач Д.Далхжав (байнгын хорооны хуралдаанаас гишүүдийн олонхын саналаар томилсон) нэр дэвшигчдэд өгсөн хараат бус дүгнэлтээ танилцуулсан юм. Хараат бус шинжээчийн дүгнэлттэй холбогдуулан УИХ-ын гишүүд, оролцогч нар нэр дэвшигчдэд асуулт тавьж, хариулт авсан. “Капитал” банканд хадгалуулаад алдсан мөнгөн хөрөнгийг төвлөрүүлэх, даатгуулагчийн эрх ашгийг хамгаалах чиглэлээр болон нийгмийн даатгалын реформыг хэрхэн хийх нь зүйтэй талаар түлхүү тодруулж байв. Хараат бус шинжээчийн дүгнэлт учир дутагдалтай байгааг энэ үеэр зарим оролцогч хөндсөн.

               Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн даатгуулагчийг төлөөлсөн гишүүний нэр дэвшигчийн сонсголыг мөн дээрх зарчмаар зохион байгуулав. Цаашид тус зөвлөлд нэр дэвшигчдэд тавих шалгуурыг нарийн тогтоох, нэр дэвшигчдийг нээлттэй сонгон шалгаруулах эрх зүйн орчныг бий болгох нь зөвлөлийн үйл ажиллагааг сайжруулах, засаглалын ил тод байдлыг хангах, даатгуулагчдад ээлтэй, оновчтой шийдвэр гаргахад чухал ач холбогдолтой гэж үзэж байгааг хараат бус шинжээч А.Батбаяр дүгнэлтдээ онцолсон. УИХ-ын гишүүд болон сонсголд оролцогчид нэр дэвшигчдээс эрүүл мэндийн эдийн засаг, нийгмийн эрүүл мэндийн удирдлага, үйлчилгээний багц, үүнийг тойрсон санхүүжилт, тооцоо арга зүйд суралцсан, энэ ажлыг хийж чадах итгэл байгаа, эсэх, хувийн эмнэлэг, улсын эмнэлгийг ижил тарифаар санхүүжүүлэх талаар түлхүү тодруулж байв.

Харъяа байгууллагуудын тайланг хэлэлцлээ

             УИХ-ын холбогдох байнгын хороод Санхүүгийн зохицуулах хороо, Жижиг, дунд үйлдвэрийн газрын үйл ажиллагааны тайланг сонсож, хариуцсан албаныханд асуулт тавьж, хариулт авсан. Жижиг, дунд үйлдвэрийн газрын дарга Я.Эрдэнэсайхан “Жижиг, дунд үйлдвэрийн газрыг 2020 оны наймдугаар сард байгуулснаас хойш Хууль, тусгай активын хэлтсийг байгуулж, таван албан хаагчтайгаар ажиллаж эхэлсэн. Өнөөдрийн байдлаар 350 орчим зээлдэгчтэй холбоотой асуудлаар хууль хяналтын байгууллагатай хамтран ажиллаж байна. Өр төлбөрийг барагдуулах чиглэлээр тодорхой ажлууд хийж байна. Сангийн хувьд өнөөдрийн байдлаар 254 тэрбум төгрөгийн авлагатай. 2019 онд зөрчилтэй зээлдэгчээс 4 тэрбум төгрөгийн эргэн төлөлт хийсэн бол дээрх хэлтсийг байгуулснаар 2020 онд 16 тэрбум төгрөг төвлөрүүлсэн. Энэ жил 36 тэрбум төгрөг төвлөрүүлэхээр төлөвлөсөн”-ийг энэ үеэр онцолсон.

             Олон нийтийн радио, телевизийн тухай хуулийн хэрэгжилттэй танилцах, хянан шалгах үүрэг бүхий ажлын хэсгийн тайлан, санал дүгнэлтийг Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар сонсов. Олон нийтийн радио, телевизийн тухай хуулийн 17.1 дэх хэсэгт заасны дагуу МҮОНРТ-д улсын төсвийн дэмжлэг үзүүлэхээр заасан боловч үүнийг ямар хэмжээгээр тусгаж, хэрхэн, яаж олгох талаар тодорхой зохицуулалт байхгүйгээс телевизийн жил бүрийн төсвийн дэмжлэгийг харилцан адилгүй баталж, санхүүгийн тогтворгүй байдал үүсэх шалтгаан болсныг ажлын хэсэг дүгнэжээ. МҮОНРТ 750 ажилтантай, үүнээс 190 нь удирдлагын хэсэг гэдгийг гишүүд тодотгоод, үүнийг цомхотгох нь зүйтэйг хөндөж байв.   

Сөрөг хүчний өргөн барьсан төслийг “тоосон” нь  

               УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж Нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр, тэтгэмж олгох тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулж, өнгөрсөн хаврын чуулганаар өргөн мэдүүлсэн ч өнөөдрийг хүртэл хэлэлцээгүй. Нийгмийн даатгал төлсөн долоо биш, таван жилийн дунджаар нь тооцож, тэтгэвэр тогтоох зохицуулалттай уг төслийг хуралдааны товд багтаахгүй байгааг гишүүн Б.Пүрэвдорж удаа дараа хөндөж, эцэстээ жагсаал зохион байгуулна гэж “айлгасан”. Үүний эцэст УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хороо хуралдаж, уг төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсэг байгуулах тухай тогтоолын төслийг дэмжлээ. Тус ажлын хэсэгт гишүүн С.Чинзориг, Ц.Туваан Ц.Сандаг-Очир, Ц.Идэрбат, С.Ганбаатар нарыг багтаав.     

Хөгжлийн банкны асуудлаар хянан шалгах түр хороо байгуулав

             Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөлтийн явцын талаар хянан шалгах үүрэг бүхий түр хороог УИХ-аас байгуулав. Хорооны даргаар гишүүн Ж.Сүхбаатарыг сонгосон бол гишүүнээр нь олонхыг төлөөлж УИХ-ын гишүүн Б.Энхбаяр, Э.Батшугар, Б.Бат-Эрдэнэ, Ж.Бат-Эрдэнэ, Ц.Мөнхцэцэг, Д.Батлут, цөөнхийг төлөөлж, УИХ-ын гишүүн Т.Доржханд, Н.Ганибал, Ж.Батсуурь нар ажиллахаар боллоо.

            Уг нь УИХ дахь АН-ын бүлгээс уг асуудлаар хянан шалгах түр хороо байгуулах санаачилга гаргаж, 16 гишүүн дэмжиж, гарын үсгээ зураад байв. 19 ба түүнээс дээш гишүүний саналаар тус хороог байгуулах хуультай. АН-ын бүлгийн санаачилгад нэгдсэн гишүүний тоо тус шаардлагад хүрээгүй байтал МАН-ын гишүүд нэгдэн, үүнээс өөр тогтоолын төслийг өргөн барьж, батлуулсан.      

 

Сэтгэгдэл