УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгатай бусад хууль тогтоомжийг нийцүүлэх зорилгоор боловсруулсан хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг явууллаа. Төрийн байгуулалтын байнгын хорооны танилцуулгыг УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг хийв. Тус байнгын хороо УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 42 дугаар зүйлд заасны дагуу нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр олонхын дэмжлэг авсан саналыг хуулийн төслүүдийн холбогдох зүйл, хэсэг, заалтад нэмж тусган хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн аж.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл асуулт асуусан. Тэрбээр "Улаанбаатар хотын 171 хороо 203 болж нэмэгдсэн атал иргэдийн амин чухал асуудлыг шийдвэрлэх боломж нь хомс хэвээр. Хуулийг баталснаар ард иргэдтэй хамгийн ойр байдаг энэ нэгжид асуудал шийдвэрлэх боломж нээгдэх үү" хэмээлээ.
Хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсгийн ахлагч Ё.Баатарбилэг Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуультай бусад хууль тогтоомжийг нийцүүлэх зорилгоор боловсруулсан хуулийн төслүүдийн талаар хэлэлцэж байгааг тодотгоод баг, хорооны талаар нэмж тусгасан зүйл байхгүйг онцолсон.
Ажлын хэсгийн гишүүн Ж.Сүхбаатар "Уг хуульд дүүргийн төсөвт хорооны төсвийг тусгайлан заахаар тусгасан ч хорооны төсөвт өөрчлөлт оруулаагүй байна. Дүүргүүдийн орлого сайжирсан атал хорооны төсөв өөрчлөгддөггүй. Дүүргүүд Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулиа баримтлан хороодын төсвийг нэмэгдүүлээд ажиллах боломжийг нь хангах шаардлагатай" гэсэн хариулт өглөө. Ингээд хуулийн төслүүдийг эцэслэн батлуулах бэлтгэл хангуулахаар Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлэв.
Эрдэнэсийн сангийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн эцсийн хэлэлцүүлгийг явуулав
Дараа нь Эрдэнэсийн сангийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн эцсийн хэлэлцүүлгийг явуулав. Эдийн засгийн байнгын хорооны танилцуулгыг УИХ-ын гишүүн С.Чинзориг хийлээ. Нэгдсэн хуралдаанаар төслийн анхны хэлэлцүүлгийг явуулах үед хуралдаан даргалагчаас УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 42.2.1 дэх заалтыг үндэслэн төслийн 6.1.3 дахь заалтыг гүйцээн боловсруулах чиглэл өгсний дагуу ажлын хэсгээс “Монголбанкны хүсэлтийн дагуу түүх, соёлын хосгүй үнэт дурсгалт зүйлийг Эрдэнэсийн санд шилжүүлэх талаар шийдвэр гаргах;” гэсэн зарчмын зөрүүтэй саналын томьёолол бэлтгэснийг байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн аж.
Байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг явуулах үед ажлын хэсгийн гишүүдийн зүгээс төслийн 14.3 дахь хэсэг, 15, 18 дугаар зүйлийг УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 42.2.3 дахь заалтыг үндэслэн дахин санал хураалгахаар саналын томьёолол бэлтгэснийг байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн гуравны хоёроос доошгүй нь буюу 80 хувь нь дэмжсэн байна.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн С.Бямбацогт асуулт асуусан. Тэрбээр "Хуулийн төсөлд сорьцын хяналтыг зөвхөн төрийн байгууллага биш, итгэмжлэгдсэн хуулийн этгээдүүд хийж болохоор тусгасан байсан. Хэлэлцүүлгийн явцад эрдэнэсийн санд худалдах эрдэнэсийн сорьцыг итгэмжлэгдсэн хуулийн этгээд хийж болох, эсэх асуудлаар гишүүд өөр өөр байр суурьтай байсан. Сорьц тогтоох эрх бүхий байгууллагатай холбоотой заалт өөрчлөгдсөн үү, төсөл дээр заасан хэвээрээ байгаа юу" хэмээн тодруулсан. УИХ-ын гишүүн С.Чинзориг "Эрдэнэсийн санд худалдах эрдэнэсийн сорьцыг асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага тогтоож байх нь зүйтэй гэж гишүүдийн олонх үзсэн. Тиймээс “Иргэн, хуулийн этгээд нь эрдэнэсийн санд худалдах эрдэнэсийг сорьцын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаар сорьц тогтоолгон баталгаажуулсан байх үүрэгтэй” гэж өөрчлөх зарчмын зөрүүтэй саналын томьёоллыг боловсруулсан гэсэн хариулт өгөв.
Ингээд зарчмын зөрүүтэй саналын дөрвөн томьёоллоор санал хураалт явуулахад гурван саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн бөгөөд эрдэнэсийн сорьцыг баталгаажуулахтай холбоотой дээр дурдсан зарчмын зөрүүтэй саналын томьёолол олонхын дэмжлэг аваагүй. Ингэснээр эрдэнэсийн санд худалдах эрдэнэс, тэдгээрээр хийсэн эдлэлийг сорьц тогтоох эрх бүхий хуулийн этгээд, эсхүл сорьцын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаар сорьц тогтоолгон баталгаажуулах тухай төслийн заалт хэвээр үлдлээ.
МАН-ын бүлэг завсарлага авлаа
Зарим төрлийн төрийн хяналт шалгалтын үйл ажиллагааг түр зогсоох тухай хуулийн анхны хэлэлцүүлгээс УИХ дахь МАН-ын бүлэг завсарлага авлаа. Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн, хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн ахлагч Н.Энхболд танилцуулав. Мэргэжлийн хяналтын байгууллагууд хяналт шалгалт явуулаагүйгээс болоод хүний амь нас, эд хөрөнгө, байгаль орчинд хохирол учирвал үүний хариуцлагаас мэргэжлийн хяналтын байгууллага мултарч үлдэх учиргүйг гишүүд хөндөж байв.
УИХ-ын гишүүн Н.Учрал "Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналтгүйгээр иргэдийн эрүүл, аюулгүй амьдрах нөхцөлийг бүрдүүлэх боломжгүй. Манай зах зээл дээр байгаа эмийн үйлчилгээ бусад оронд хэрэглэж буй эмээс 4-5 дахин бага, хугацаа нь хэтэрсэн, чанарын шаардлага хангахгүй байхад төлөвлөгөөт хяналтыг зогсоовол хяналтыг хэрхэн тавих вэ" хэмээн тодруулсан.
Ажлын хэсгийн ахлагч Н.Энхболд "Эм, эрүүл мэндийн салбар өндөр эрсдэлтэй. Төлөвлөгөөт хяналт шалгалтыг хүний амь нас, эрүүл мэнд, хүрээлэн буй орчинд учруулж болзошгүй хор хохирол, үр дагаврыг харгалзан их эрсдэлтэй обьектод хийдэг байхаар хуулийн төсөлд тусгахаар санал боловсруулсан гээд энэ салбарт эрсдэлд суурилсан, төлөвлөгөөт хяналт шалгалтын аль аль нь хийгдэнэ" гэсэн хариулт өгсөн.
УИХ-ын гишүүд аж ахуйн нэгж, иргэдийг хяналт шалгалт нэрээр далайлгадаг тогтолцоог өөрчлөх, хяналтын байгууллагын ажилтнуудыг чадавхжуулах, хууль хоорондын болоод хяналт шалгалтын давхардал, зөрчлийг арилгах, аж ахуйн нэгжүүд дотоод хяналтаа сайжруулах, эрсдэлээс сэргийлэх нөхцөлийг бүрдүүлэх, иргэдийг үнэн зөв мэдээллээр хангах, байгаль орчин, технологийн хяналттай холбоотой асуудалд анхаарахыг захьсан.
Хэлэлцүүлгийн үеэр УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн хуулийн төслийг бүлгийн хуралдаанаар дахин хэлэлцэж, ямар хяналтыг үргэлжлүүлж, ямар хяналтыг зогсоох асуудлыг ярилцаж байр сууриа нэгтгэх шаардлагатай учир тав хоногийн завсарлага авч буйгаа мэдэгдсэнээр хэлэлцүүлгийг хойшлуулан хуралдаан өндөрлөлөө.