Монгол Улсын нэгдсэн төсвийн 2022 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2023-2024 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Ирээдүйн өв сангийн 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон дагалдах бусад хууль тогтоомжийн төслүүдийг УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцлээ. Гишүүд энэ үеэр ямар асуулт тавьж, байр сууриа илэрхийлснийг тоймлон хүргэе.
Ш.Адъшаа: Энэ төсөлд олны анхаарлыг татсан төрийн өмчит компаниудын талаар авах арга хэмжээний тухай юу ч бичээгүй байна.
Б.Жавхлан: Өнгөрсөн нэгдүгээр сард тэтгэвэр нэмэхтэй холбогдуулж нэг удаа тодотгол хийсэн. Тэр үед 640 тэрбум төгрөгийн зохицуулалтыг төсөв дотроо хийсэн. Нийт балансад өөрчлөлт оруулаагүй. Түүн дотор 340 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг хэмнэж, энэ жилийн санхүүжүүлэх дүнгээс нь танасан. Одоо 518, 2022 оны тухайд нийт 860 тэрбум төгрөгийг төсөл, хөтөлбөрүүдийн энэ жилийнх нь санхүүжүүлэх дүнгээс хасаж байгаа юм. Ингэхдээ ямар зарчим баримталсан бэ гэвэл хэрэгжүүлж байгаа төсөл, хөтөлбөрүүдийг огт хасаагүй. Төсөл, энэ жилийн санхүүжүүлэх дүнгээс нь ч хасаагүй. Одоогоор гэрээг нь хийж амжаагүй, тендер зарласан ч оролцогч ирээгүй 91 төсөл, арга хэмжээг энэ жилийн тухайд хойшлуулж болох юм гээд бүрэн зогсоосон. Энэ нь нийт 106 тэрбум төгрөгийн дүнтэй. Бусад төслийн хувьд энэ жилийн санхүүжүүлэх дүнг 80 хувиар бууруулсан. Дээрх 91 төсөл, арга хэмжээний 18 нь төрийн байгууллагын тоног, төхөөрөмжтэй холбоотой, 12 нь төрийн байгууллагад их засвар хийх, 7 нь соёлын төв барих, 6 нь конторын барилга, 6 нь үүрэн холбоо, 5 нь ТЭЗҮ-ийн ерөнхий төлөвлөгөө, 4 нь орон нутгийн тохижилт, 3 нь ахмадын хөгжлийн төв, 3 нь соёлын байгууламж, 3 нь бизнес инкубатор, 3 нь нийтийн эзэмшлийн зам, талбай, 3 нь цэнгэлдэх хүрээлэн, наадмын талбай, 2 нь тус бүр усан бассейн, авто буудал, гүүрэн гарц, спортын ордон, авто зам, спорт заал барих, 1 нь тус бүр спорт цогцолбор, гүүр, мэдээллийн төв, соёлын төсөл, Айргийн өргөө, авто грааш байсан. Ингээд энэ жил санхүүжүүлэх ёстой байсан 518 тэрбум төгрөгийн хэмнэлтийг төсвийн тодотголоор хийх юм.
Ц.Туваан: Төрийн албан хаагчийн цалингийн нэмэгдлийг 40 хувиар олгодог байсан бол 20 болгож бууруулан, олгосон. Үүний зөрүүг олгох уу. Юмны үнэ тэнгэрт хадсан байна. Хүүхдийн үдийн хоол, тэтгэврийн нэмэгдлийн мөнгө нь үнэгүйдэж, авдаг зүйлдээ хүрэлцэхгүй боллоо. Хөдөө, орон нутагт төрийн албанд ажиллаж байгаа залууст ямар ч нэмэгдэл байхгүй байна. Ийм газарт ажиллах хүн олдохгүй байгаа.
Б.Жавхлан: Төрийн албан хаагчийг нэмээрэй гэж байна. Нэммээргүй байна. Төр улам чадварлаг, цахимжсан, ухаалаг, өндөр бүтээмжтэй байхыг нийгэм шаардаж байна. Төрийн өмчит үйлдвэрийн газрын ажилтнуудыг оруулбал, төрд 260 мянган хүн төсвөөс цалин авдаг. Үүнийг хүн амынхаа тоотой харьцуулбал, нэг албан хаагч 14 иргэн үйлчилж байгаа. Уг нь энэ тоог нэмэх ёстой. Төрийн нэг албан хаагч 14 биш, 50 хүнд үйлчилж чаддаг бүтээмж өндөртэй болох ёстой. Тэгэхгүй ажил олгогч, баялаг бүтээгч нартай уралдаад, орон тоогоо нэмээд, ажлын байраар хангагч болж явах ёсгүй. Төсвийн бүтцийг эрүүл болгоё гэдэг зорилт үүнээс эхэлнэ шүү. Агентлаг, төрийн захиргааны байгууллагын орлогч, дэд дарга гэсэн 270 гаруй орон тоог хэмнэж байгаа.
Л.Оюун-Эрдэнэ: Энэ төсвийн тодотголд тусгасан зарчим бүрт ажлын хэсэг байгуулна. Тэгээд 2023 оны төсвийг батлахдаа томоохон зарчмын шинжтэй өөрчлөлт оруулах төлөвлөгөөтэй байгаа. Нэг нь Улаанбаатар хотын төвлөрлийг бууруулах. Спарт ап компаниудын төлөөлөлтэй уулзахад орон нутаг руу нүүвэл төр ямар дэмжлэг үзүүлэх вэ гэж асуусан, саналаа ч танилцуулсан. Тиймээс энэ төсөлд зарим санал нь тусгалаа олсон. Тухайлбал, нийслэлээс нүүж байгаа ажлын байр болгоны ард байгаа ипотекийн зээлийн 50 хувийг төр хариуцъя гэсэн. Нүүлгэлтийн, оффисын зардал болон бусад асуудал дээр төр татварын хөнгөлөлтийг 5-10 жилээр үзүүлэх санал тавьсан. Ингээд төсөлд тусгасан нь тэр. Орон нутаг руу шилжих тусам хэлбэр төдий биш, бодит дэмжлэг үзүүлж чадвал хотоос хөдөө рүү шилжих урсгал нэмэгдэнэ.
Ц.Идэрбат: Оюутолгой, төмөр замтай холбоотой, 10-15 жилийн турш гацсан, Монгол Улсын хөгжлөөс хойш нь татаж ирсэн асуудлууд цэгцэрч буйд баяртай байна. Одоо хэлэлцэж байгаа Газрын, “Тендерийн” хуулийн төсөлд хотоос хөдөө рүү чиглэж буй урсгалыг дэмжих зохицуулалт тусгаж өгөөсэй гэж үзэж байна. НӨАТ-ын буцаан олголтыг нэмэгдүүлж, сугалааг нь болиулах санаачилгыг хэрэгжүүлэх боломжтой юу?
Б.Жавхлан: Дэлхийн 36 улсад 10 буюу түүнээс доош хувиар НӨАТ авч байгаа. Дэлхийн 160 улсаас. БНХАУ 13, ОХУ 20, европт 21 хувь байх жишээтэй. Манайх буцаан олголтын хэмжээгээ хасвал 8 хувиар л НӨАТ авдаг. Өөрөөр хэлбэл, бид багадаа орно. 1997 онд НӨАТ-ын системд шилжиж, 15 хувьтай эхэлсэн шүү дээ. 2006 онд дөрвөн арвын систем рүү шилжиж байна гээд 10 хувь болгосон. 2015 онд и-баримтын системд шилжүүлсэн. Энэ нь НӨАТ-ын системд маш том хувь нэмэр оруулсан. 2015 онд 46 хувьтай байсан НӨАТ-ын хамрагдалт одоо дөнгөж 61 хувьтай байгаа. Бидний зорилго бол үүнийг 90 хувьд хүргэх ёстой. Төсвийн орлого бүрдүүлэлт талаасаа ч тэр НӨАТ нь маш найдвартай, тогтвортой орлого байж ирсэн. Цаашид ч өсөх хандлагатай байгаа. Одоогоор нийт төсвийн 22 хувийг НӨАТ-ын орлого эзэлдэг. Нийт орлогын 2.7 их наяд төгрөгийг НӨАТ-аас бүрдүүлдэг. НӨАТ-ын системийн далд эдийн засгийг ил болгодог бодлогыг улам хөгжүүлэх хэрэгтэй. Тиймээс энэ тогтолцооны урамшуулал буюу буцаан олголтын хоёр хувийг ойрын жилүүдэд тогтвортой барина. НӨАТ-ын сугалааг бол больсон. Сугалаа нь тодорхой хугацаанд үүргээ гүйцэтгэсэн.