Сөрөг хүчний төлөөлөл болох ХҮН, АН, Иргэний зориг ногоон нам, Монголын үндэсний ардчилсан нам, Монголын уламжлалын нэгдсэн нам, Үнэн ба зөв намын дарга, гишүүд Үндсэн хуульд тогтолцооны чиглэлээр яаралтай нэмэлт, өөрчлөлт оруулахыг шаардан, өнөөдөр мэдээлэл хийлээ.
“Мажоритар тогтолцоо нь одоогийн хямралыг авчрах үүдийг нээсэн”
АН-ын Үндэсний бодлогын хорооны гишүүн, УИХ-ын дэд дарга С.Одонтуяа: Монгол Улсад улс төр, эдийн засгийн хямрал болж байна. Болж бүтэж байгаа зүйл тун ховор байна гэж иргэд хүртэл жагсаж байгаа. Иргэд жагсаж, шүүмжлэхээр улстөрчид “гал унтраах” байдлаар хандаж болохгүй. Бид маш холын стратегитай байх хэрэгтэй. Энэ бүгдийн суурь шалтгаан нь сонгуулийн тогтолцоотой холбоотой. Сонгуулийн мажоритар тогтолцоо нь одоогийн хямралыг авчрах үүдийг нээж өгсөн. 2020 оны УИХ-ын сонгуулиар санал өгсөн хүмүүсийн 42 хувийн дэмжлэгийг авсан МАН өнөөдөр парламентын 83, Засгийн газрыг 100 хувь бүрдүүлж байна. Нэг намын хэт давамгайлал нь улсын хөгжлийн гацааг тайлж чадахгүй байгааг энэ нь харууллаа. Би 2012-2016 онд буюу сонгуулийн холимог тогтолцоогоор сонгогдсон парламентад ажилласан. Гишүүн бүр нь завгүй ажилладаг, тэдний үгийг сонсдог, улс төрийн намууд нь хоорондоо зөвшилцдөг, мэтгэлцдэг, нэгнийхээ шүүмжлэлийг хүлээж авдаг сонгодог парламент байлаа. Сүүлийн хоёр удаагийн парламент бол хэн нэгний, намын даалгавраар асуудлыг шийдэж байна.
“Анхан шатанд намчирхдаг, талцдаг байдлыг сааруулах хэрэгтэй”
Монголын үндэсний ардчилсан намын дарга Б.Цогтгэрэл: Үндсэн хуульд 2019 онд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулах ажлын дэд хэсэгт би ажиллаж байсан. Тухайн үед Үндсэн хууль нь зөвхөн тусгаар тогтнолын бус, хөгжил дэвшлийн баримт бичиг байх ёстой гэж үзээд, Үндсэн хуулийн эдийн засаг гэсэн бүлгийг тусгая гэсан санаачилга гаргасан ч орхигдсон. Эдийн засгийн томоохон тухайлбал, үндэсний мөнгөн тэмдэгтийн ханш, инфляц гэх мэтчилэн асуудлыг Үндсэн хуульд бэхжүүлж байж улсаа хурдацтай хөгжүүлэх суурийг тавих юм. Мөн 70 гаруй мянган иргэнээс ирүүлсэн, хөдөө орон нутаг, анхан шатанд намчирхдаг, талцдаг байдлыг сааруулах саналыг Үндсэн хуульд нэг бүлэг болгон оруулах санаачилга гарч 2019 онд байсан. Харамсалтай нь, тухайн үед эрх барьж байсан МАН бүлгийн хурлаараа үүнийг хэлэлцэн, өөрчлөөд, зүгээр нутгийн удирдлагыг төгөлдөржүүлэх чиглэлтэй болгож, хуульчилсан. Намчирхал айл өрх, албан байгууллага гээд бүх шатанд нэвтэрснээс болоод Монгол Улс сонгуулийн эдийн засагтай орон болчихлоо.
“УИХ-ын гишүүдийн тоог нэмж, бүрэн эрхийг нь байхгүй болгох ёстой”
Үнэн ба зөв намын дарга А.Отгонбаатар: 30 жилийн турш хэрэгжүүлсэн тогтолцоо өнөөдөр нурж унаж байна. Та бүхэнд нэг л хүснэгтийг харуулъя. Парламент сонгогдоод Засгийн газраа бүрдүүлдэг, Засгийн газар нь ЦЕГ-ын даргыг, Ерөнхий сайдын санал болгосноор АТГ-ын даргыг томилдог тогтолцоотой. УИХ-ын гишүүн асуудалд холбогдонгуут мөрдөн байцаагч руу бус, Ерөнхий сайдын өрөөнд очдог. “Ерөнхий сайд аа, танай харьяаны цагдаа намайг шалгаад байна, болиул” гэдэг. Ерөнхий сайд нь үгүй гэвэл, чамайг огцруулна гэж сүрдүүлдэг. Ийм үхлийн тойргоор 1990 оноос хойш 14 Засгийн газрыг УИХ огцруулсан байдаг. Үүнийг засах нэг л зам нь улс даяараа нэг тойрог болж, порпорциональ системийг хэрэгжүүлж, чадварлаг иргэд нь УИХ-д сонгогдож байж “салхи сэвэлзэнэ”. Мөн УИХ-ын гишүүдийн тоог нэмж, бүрэн эрхийг нь үгүй болгож, хангамж олгохгүй байх хэрэгтэй. 200-уулаа парламентад сонгогдож, мэтгэлцдэг байх ёстой.
“Намд зүтгэсэн хүмүүсийг Элчин сайдаар томилох учиргүй”
Монголын уламжлалын нэгдсэн намын ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өнөрбаяр: Үндсэн хууль, Улс төрийн намын тухай хууль гээд бүх хуулиа өөрчлөх хэрэгтэй. Өнөөдөр сайн хөгжиж байгаа салбар нэг ч алга. Энэ нь нөгөө л улс төрийн гажуудалтай холбоотой. Мөнгөтэй, намдаа хамгийн их хандив өгсөн хүмүүс нь эрх мэдэл, албан тушаалд хүрдэг ийм тогтолцоог бий болгочихоод байна. Тухайлбал, гадаад харилцааны салбарыг авч үзвэл гадаадад суугаа Элчин сайд нар нь намдаа хамгийн их зүтгэсэн, үнэнч байсан, мэргэжлийн бус хүмүүс байна. Тэгээд Монгол Улсыг төлөөлөөд ажиллаж байх жишээтэй.
“Парламентын тогтолцоогоо төгөлдөржүүлэх цаг ирлээ”
Иргэний зориг ногоон намын дарга Ц.Ганхуяг: Ард түмэн засгийн эрхийг барих эрхээ хэрэгжүүлэх гол газар нь хууль тогтоох байгууллага буюу УИХ. Хоёрхон хөрштэй Монгол Улс өнөөдөр төрөө тогтвортой, хүчирхэг болгох шаардлагатай. Тиймээс парламентын тогтолцоогоо илүү боловсронгуй болгож, төгөлдөржүүлэх цаг иржээ. Энэ хаврын чуулганаар Улс төрийн намын, сонгуулийн хуулийг хэлэлцэхээс өмнө Үндсэн хуульдаа яаралтай өөрчлөлт оруулах хэрэгтэй.
“Эрх баригчдад шаардлага хүргүүлж байна”
ХҮН-ын дарга, УИХ-ын гишүүн Т.Доржханд: Улс төрийн намууд нэгдэн, Үндсэн хуульдаа яаралтай өөрчлөлт оруулахыг шаардаж байна. Өнгөрсөн 30 жилийн тогтолцооны үр дүнд залуус улсаасаа дүрвэж байна, амиа хорлож байна. Залуустай уулзалт хийхэд “Сонгуулийн тогтолцоогоо өөрчилье, хулгай, хууль бус зүйлээ шийдье, үгээ хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрхийг баталгаажуулъя, бизнесээ үргэлжлүүлэх, татварын дарамтаа бууруулах гээд энэ олон дарамтыг шийдэх” санал хэлсэн. Тиймээс Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, УИХ-ын дарга Г.Занданшатар, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нарт шаардлага хүргүүлж байна.