"Айргийн өргөө" зэрэг 33 арга хэмжээг төсвийн тодотголоор хасна
2022-04-20

                УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өнөөдөр 14.20 цагт яаралтай горимоор хуралдаж, Засгийн газраас өргөн барьсан 2022 оны улсын төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. Сангийн сайд Б.Жавхлан уг төслийг өнөөдөр 13.30 цагт өргөн барьсан. Чуулганы нэгдсэн хуралдааны эхэнд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ төслийн талаар танилцуулав. Тэрбээр ямар төслүүдийг хэрэгжүүлэхээ зогсоох талаар төсвийн тодотголд тусгасныг дурдсан юм. Мөн энэ удаагийн төсвийн тодотголын дөрвөн онцлог шинжийг нэрлэж, дэлгэрүүлэн тайлбарлав. Үүнд

  1. Төрийн хэмнэлтийн тухай анхдагч хуулийн төслийг боловсруулж, төсвийн тодотголыг дагалдуулан өргөн барьж байна. УИХ, Засгийн газрын харьяа агентлаг, төрийн өмчит үйлдвэрийн газрууд дэд дарга, орлогч даргатай байхыг хориглоно. Нийслэлийн Засаг дарга 2, аймаг, дүүрэг, сумын Засаг дарга 1-ээс илүү орлогчтой байхыг хуулиар хориглоно. Төсөвт байгууллагын автомашиныг ухаалаг хяналтын системд оруулна. Төсөвт байгууллагын удирдлага бие даан орон тоо нэмэх, нэмэгдэл хөлс, урамшуулал олгохыг хуульчлан хориглоно. Зочин төлөөлөгч хүлээн авах, бэлэг солилцох, төсвийн хөрөнгөөр дайллага зохион байгуулах, үндсэн чиглэлээсээ бусад тохиолдолд урлаг, спортын арга хэмжээ ивээн тэтгэх, сургалтын төлбөр санхүүжүүлэх, хандив, тусламж олгох, гадаадад томилолтоор явахдаа бизнес ангиллаар зорчих, төрийн тусгайгаас бусад албан хаагч дүрэмт хувцас хэрэглэхийг хориглох юм.
  2. Конторын барилга зургаа, наадмын барилга гурав, соёлын төв долоо, спорт заал болон цогцолбор гурав, усан бассейн хоёр, конторын тоног төхөөрөмж 18, конторын их засвар 12, айргийн өргөө нэг, орон нутгийн тохижилт зургаа, нийтийн эзэмшлийн зам, талбай гурав зэрэг нийт 33 арга хэмжээг хассан. Цаашид хөшөө дурсгал, угтах, үдэх хаалга зэрэгэ орон нутгийн шинж чанартай үрэлгэн төслүүдийг улсын төсвөөс санхүүжүүлэхийг энэ хуулиар хориглоно. Ингэснээр үйл ажиллагааны болон удирдлагын зардал 20 гаруй хувиар нэмэгдэж, 1500 гаруй орон тоог хасахаар тооцжээ. Төрийн хэмнэлтийн бодлогын хүрээнд хэмнэсэн зардлыг үнийн өсөлтөөс сэргийлэх, иргэдийн амьжиргааг дэмжих байдлаар дараах хэлбэрээр санхүүжүүлнэ. Үүнд
  • ​нийгмийн даатгалын шимтгэлээ өөрөө хариуцан төлсөн, 1 сая ба түүнээс доош орлоготой даатгуулагчийн шимтгэлийн 50 хувийг сар бүр буцаан олгоно.
  • хүүхдийн 100 мянган төгрөгийн мөнгө дэмжлэгийг үргэлжлүүлнэ.
  • дотооддоо хүнс үйлдвэрлэх, хүнсний нөөц бүрдүүлэх, хаврын тариалалтын бэлтгэл ажлыг хангах, дөрвөн улиралын хүлэмж, агуулах, зоорь барихад зориулж 1 их наяд төгрөгийн хөнгөлөлттэй зээлийн хүүгийн татаасыг улсын төсвөөс олгоно.
  • импортын гол нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүн болох цагаан будаа, элсэн чихэр, ургамлын тосны үнийн өсөлтийн дарамтыг бууруулах зорилгоор импортын гаалийн албан татвараас чөлөөлнө.
  • дотоодод үйлдвэрлэсэн ургамлын тосыг НӨАТ-аас чөлөөлнө.
  • УИХ-аас баталсан, Гол нэр төрлийн бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт, хомстолоос сэргийлэх, сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийг хэрэгжүүлж эхэлснээр олон улсын зах зээлд өсөж буй бензин, шатахууны үнийг Засгийн газраас тогтвортой барих, шатахуун импортлогч компаниудад шаардлагатай валютын эх үүсвэрийг хөнгөлөлттэй нөхцөлөөр олгох, зээлийн хүүгийн татаасыг төрөөс хариуцах, эргэлтийн хөрөнгөтэй холбогдох асуудлыг бүрэн шийдвэрлэх зэрэг багц арга хэмжээ, мөн Засгийн газар хэрэгжүүлэх шаардлагатай зардлыг төсвийн тодотголын төсөлд тусгасан. Энэ багц арга хэмжээнд шаардагдах 100 орчим сая ам.долларыг Засгийн газрын болон мөнгөний бодлогын хүрээнд зохицуулна. Түүнчлэн төрөөс үйлдвэрлэгчдэд хөнгөлттэй зээл олгох, тариаланчдад хуримтлагдсан өмнөх жилийн улаанбуудайн нөөцийг худалдаж авах, улмаар дэлхий дахинд үүсэж буй улаанбуудай болон үр тарианы хомстолоос урьдчилан сэргийлэх боломж бүрдэнэ гэж үзжээ. 
  1. Төсвийн тодотголын бас нэг зорилго бол төрийн өмчит аж ахуйн нэгжүүдийг олон нийтийн хяналтад оруулах томоохон шинэчлэлийн эхлэлийг тавихад оршино. Төрийн өмчит аж ахуйн нэгжүүдийг олон нийтийн хяналтад оруулах, нээлттэй, ил тод засаглалыг бүрдүүлэхийн тулд Монголын хөрөнгийн бирж, Монголын цахилгаан холбоо, Мэдээлэл холбооны сүлжээ, Мэдээлэл технологийн үндэсний парк, Үндэсний давхар даатгал болон Авто замын засвар ашиглалт, Цахилгаан түгээх сүлжээ зэрэг төрийн өмчит аж ахуйн нэгжүүдийг дотоодын хөрөнгийн биржээр дамжуулж, нэг иргэн-хуулийн этгээдэд ногдох оролцоог таван хувиас хэтрүүлэхгүй байх, улс төрд нөлөө бүхийн этгээдүүдийн хамаарал бүхий аж ахуйн нэгжүүдийн оролцоог хязгаарласнаар хөрөнгийн тэгш бус байдлыг багсгах, бизнес эрхлэгчдэд тэгш боломж олгох, шударга өрсөлдөөнийг хангах тогтолцооны шинэчлэлийг бий болгож чадна гэж үзсэн байна.
  2. Улаанбаатар хотын хэт төвлөрлийг сааруулах эхлэлийг тавьж байна. Монгол Улсын нийт газар нутгийн 0.3 хувийг эзэлдэг Улаанбаатар хотод манай улсын хүн амын 50 орчим хувь нь амьдарч байгаа. Жил бүр нэг аймгийн хүн амтай тэнцэх хэмжээний буюу 35 мянган иргэнээр Улаанбаатар хот нь “бүл нэмж” байна. Өсөн нэмэгдсээр байгаа хүн амын эрэлт хэрэгцээг Улаанбаатар хотын орон зай, ажлын байр, цэцэрлэг, сургууль, дэд бүтцийн бодит хүртээмжээр хангаж чадахгүй болсон. Залуусын жагсаалын үеэр тавьсан гол шаардлагын нэг нь цэцэрлэгийн хүртээмжийн асуудал байсан. Одоогоор нийслэлд 270 гаруй цэцэрлэгийг барих шаардлагатай аж. Барьсан ч нийслэл рүү шилжих иргэдийн урсгалыг зогсоохгүйгээр энэ асуудлыг шийдэх боломжгүй. Тиймээс их төвлөрлийг сааруулж, хот хөдөөгийн тэнцлийг хангах цогц үе шаттай бодлогын хүрээнд энэ удаагийн төсвийн тодотголоор эхний ээлжид дараах арга хэмжээг авахаар тусгажээ. Үүнд
  • Цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлж, сугалаагаар цэцэрлэгт хамруулдаг явдлыг богино хугацаанд шийдвэрлэх зорилгоор улсын болон нийслэлийн төсвөөс 200 тэрбум төгрөгийг зарцуулах
  • 2 настай хүүхдийн эцэг, эх, асран хамгаалагчид хүүхдээ гэртээ асрахад дэмжлэг үзүүлж, хувьсах зардал олгох
  • Улсын болон хувийн цэцэрлэгийн хувьсах зардлыг хоёр дахин нэмэгдүүлэх
  • Хөдөө орон нутагт шилжин суурьшиж, анх удаа орон сууц худалдан авах иргэдийн ипотекийн зээлийн хүүгийн 50 хувийг төсвөөс санхүүжүүлж, иргэн хүсвэл орон сууцын урьдчилгаа төлбөрийн 60 хувийг төрөөс батлан даах
  • Хөдөө, орон нутагт ажлын байр нэмэгдүүлэх зорилгоор бизнес эрхлэх иргэн, аж ахуйн нэгжүүдэд нэг хувийн хөнгөлөлттэй зээл олгох
  • Төвлөрлийг сааруулах Засгийн газрын бодлогыг дэмжиж буй, орон нутагт ажлын байр нэмэгдүүлэх зорилготой хувийн хэвшлийг дэмжих зорилгоор татварын дараах багц асуудлыг төсвийн тодотголд тусгажээ. Үүнд 2023 оноос хойш хэрэгжүүлэх дулаан, цахилгааны төслүүд борлуулалт эхэлснээс хойш 3 жил 90 хувь, дараагийн гурван жилд 50 хувиар тус тус орлогын албан татвараас чөлөөлөх, орон нутагт шинээр үйл ажиллагаа эхлүүлж байгаа уул уурхайн лиценз эзэмшигчдээс бусад аж ахуйн нэгжүүдийг дэмжих зорилгоор орлого олж эхэлсний дараагийн 3 жил 90 хувь, дараагийнх нь 3 жилд 50 хувиар орлогын албан татварыг хөнгөлөх, уул уурхайн лиценз эзэмшдэггүй компани нийслэлд байршилтай үйлдвэр, агуулахаа орон нутагт нүүлгэсэн тохиолдолд нүүлгэн шилжүүлэлтийн зардлыг 50 хувиар нэмэгдүүлэн тооцож, татварт ногдох орлогоос хасаж тооцох, уул уурхайн лиценз эзэмшдэггүй компанийн орон нутагт барьж байгуулсан барилга, байгууламжийг элэгдэлд тооцох хугацааг одоогоор энэ нь 25 жил байдгийг өөрийн сонголтоор таван жилийн дотор түргэн хугацаанд элэгдүүлэн зардлаа хурдан нөхөх боломжийг бодлогоор дэмжих, уул уурхайн лиценз эзэмшдэггүй, тухайн орон нутагт бүртгэлгүй компани ажил хайгч иргэнийг ажиллуулсан тохиолдолд олгосон цалингийн зардлыг 20 хувиар нэмэгдүүлэн,  тооцож, татварт ногдох орлогоос нэг удаа хасан татварын дэмжлэг үзүүлэхээр төлөвлөжээ.
  • Нийслэлд хэрэгжүүлж буй "Хөнгөн галт тэрэг" төсөлд Засгийн газрын баталгаа олгох 
Сэтгэгдэл