"Сонгогчийн боловсрол муугаас болж “буруу” хүмүүсийг сонгосон гэж би хардаг"
2022-04-19

               Японы Хүүхдийг Ивээх Сангийн "Хүүхдийн эрхийн засаглал" хөтөлбөр өнгөрсөн хоёр жилийн хугацаанд "Ардчиллын төлөөх шинэ үе" төслийг Улаанбаатар хотын Баянгол, Чингэлтэй дүүрэг болон Ховд аймагт хоёр жилийн хугацаатай хэрэгжүүллээ. НҮБ-ын “Ардчиллыг дэмжих сан”-гийн санхүүжилтээр “Цогц хөгжлийн үндэсний төв”, “Боловсролын хамтын ажиллагааны нийгэмлэг”, “Хөөрхөн зүрх” төрийн бус байгууллагатай хамран хэрэгжүүлсэн тус төслийн хаалтын хүрээнд “Иргэний боловсролыг хөгжүүлэх нь” хүүхэд, залуучуудын форумыг өнөөдрөөс эхлэн гурав хоногийн турш зохион байгуулж байна. Форумд оролцсон ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын төлөөлөлд ардчилал, хүний эрхийн талаарх цөөн хэдэн асуулт тавьж, хариулт авсныг хүргэе. 

Асуултын дараалал

  1. Ардчиллыг хамгийн энгийнээр юу гэж ойлгож байна вэ?
  2. Ардчилсан нийгмийн хамгийн үнэт зүйл, гол шинжийг юу гэж харж байна вэ?
  3. Хүний эрх гэж юу вэ? Та ямар эрхтэй вэ?
  4. Сонгууль өгөхийн ач холбогдол нь юу вэ?
  5. Иргэний боловсролтой хүн гэж ямар хүнийг хэлдэг юм бол?  
  6. Ардчиллын төлөөх шинэ үе төслийн ач холбогдлын талаар товчхон ярихгүй юу?

 

Г.Дариймаа (Нийслэлийн ерөнхий боловсролын 39 дүгээр сургуулийн сурагч)  

  1. Оролцоонд суурилсан тогтолцоо юм уу даа.
  2. Хүний эрх, нээлттэй байдал, хөгжих эрхийг эдлүүлж буй байдал нь ардчиллын гол шинж гэж бодож байна.
  3. Хүний эрх гэдэг нь маш том ойлголт. Хүний эрх нь ардчилсан нийгэмд оршдог. Гэхдээ зөвхөн оршдог гэж ойлгох нь өрөөсгөл. Ардчилсан нийгэмд хүний эрхийг бүрэн утгаар нь хэрэгжүүлж чаддаг. Ардчилсан нийгмийг бий болгодог үнэт зүйл нь хүний эрх юм. Бид маш олон эрхтэй. Тэдгээрийн нэг болох хөгжих, оролцох эрхээ энэхүү төсөлд хамрагдсанаар эдэллээ.
  4. Одоогийн нийгэм болохгүй байна, асуудал их гарч байна, УИХ-ын гишүүд зөв ажиллахгүй байна гэж ярьдаг. Иргэдийн сонгогчийн боловсрол муугаас болж буруу хүмүүсийг сонгосон гэж би хардаг. Тиймээс сонгуулиа өгөхийн тулд өөрсдөө сонгогчийн боловсролтой байх хэрэгтэй. Тэрхүү боловсролдоо тулгуурлан саналаа зөв өгч, хяналтаа сайн тавьж байж нийгэм зөв болно гэж ойлгодог
  5. Иргэний эрх, үүргээ мэддэг, түүнийгээ хэрэгжүүлдэг, боловсролтой, амьдралаа авч явах чадвартай хүнийг хэлдэг байх.   
  6.  Бусдад, үе тэнгийнхэндээ хүний эрхүүдийн талаар зааж мэдүүлэхээс гадна өөрсдийнхөө хувь хүний чадварыг дээшлүүлсэн. Төсөл боловсруулах, мэдүүлэх, тайлагнах чадварт суралцсан. Мөн бие хүний хувьд өөрийн эрхийн талаарх ойлголтоо гүнзгийрүүлж, оролцоогоо хангасан.  

 

 

Э.Данел (Ховд аймгийн Жаргалант сумын хоёрдугаар сургуулийн сурагч)  

  1. Би таниас өөр үзэл бодолтой байгаа бол түүнийхээ төлөө үгээ хэлж чаддаг, мөн оролцож чаддаг бол ардчилал гэж ойлгодог.
  2. Эхний асуулттай агаар нэг буюу олон ургальч үзлийг дэмжиж, шударга, чөлөөт сонгуулиа зохион байгуулж, иргэн та үүргээ хүлээж, эрхээ эдэлж, оролцож чадаж байвал энэ бол ардчилсан нийгмийн гол шинж юм.  
  3. Хүнд байгалиас заяасан жам ёсны эрх гэж бий. Хүн эрхээ эдлэхийн тулд эхлээд ямар эрхтэйгээ мэдэх хэрэгтэй. Ингэж мэдэх нь хүний наад захын эрх байдаг юм болов уу.  
  4. Сонгуулийн ач холбогдлыг бодитоор нь харъя гэвэл сонгогчийн боловсролтой болсон залуус, иргэд дараагийн, магадгүй түүний дараагийн сонгуульд оролцож, зөв хүнээ гаргаж, нийгэмд эерэгээр нөлөөлж чадаж байвал энэ нь сонгуулийн хамгийн том ач холбогдол байх.  
  5.  Нийгмийн оролцоотой, дуу хоолойгоо илэрхийлдэг, үүргээ ухамсарлаж биелүүлж чаддаг хүнийг хэлэх юм болов уу.  
  6.  Шинэ үеийнхэнд ардчилал, сонгууль, нийгмийн оролцооны талаарх ойлголт, мэдлэг, үзлийг төлөвшүүлж өгсөн.  

 

 

А.Энхлэн (Монгени цогцолбор сургуулийн 12в ангийн сурагч)  

  1. Нийтийн оролцоо гэж ойлгодог. Хэрэв ардчилсан нийгэмд таны эрхийг ноцтой зөрчсөнийг мэдэж буй хэрнээ түүнийхээ төлөө оролцоотой байж чадахгүй бол мануухайгаас ялгаагүй. Монголчууд, тэр дундаа залуу үеийнхэн мануухай болсон гэж хэлж болно. Сонгууль бол ардчилсан засаглалын хамгийн том үнэт зүйл. Гэтэл манай улсын залуус сонгууль, улс төрийг сонирхдоггүй. Та улс төрийг сонирхохгүй байж болно, гэхдээ улс төр чамайг сонирхоно гэдэг алдартны үг бий. Үүнтэй адилаар хэрвээ чи нийгэмдээ оролцоотой байж чадахгүй бол ойд төөрсөн сармагчинтай адил.  
  2. Сонгууль, хүний эрх. Яагаад гэвэл ардчилсан нийгэмд та хүссэн хэн нэгний нэр төрд халдаж, янз бүрээр доромжилж болохгүй.
  3. Хүнд байгалийн ба байгалийн бусаар заяагдсан эрхүүд гэж байдаг. Хүн нийгэмшиж байх явцад зарим эрх нь үүсдэг. Жишээлбэл, саналаа өгөх нь үүрэг биш, эрх. Энэ эрх нь тухайн иргэнийг 18 насанд хүрсэн цагаас нээгддэг.  
  4. Сонгууль өгөхийн ач холбогдлыг Монголын нөхцөлд ирээдүйгээ гэрэлтэйгээр харах гэж ойлгох юм уу даа. Яагаад гэвэл бусад хөгжсөн оронд сонгуулийг шударгаар, зарчмынх нь дагуу явуулдаг. Харин манай улсын хувьд найман настай хүүхдээс наян настай буурал хүртэл бүгд хэлнэ шүү дээ, сонгуулиа ямар тогтолцоогоор, хэрхэн хууль зөрчиж явуулдгийг. Сонгуулийг зөв, шударгаар явуулвал улсын хөгжил, иргэдийн амьдралд шууд нөлөөлөх боломжтой. Хэрэв залуус саналаа өгөхгүй, шуналтай хэн нэгэн нь сонгогдсоор байвал бид хүссэн хүсээгүй талбай дээр жагсана л гэсэн үг. Энэ нь дээр хэлсэнчлэн та улс төрийг сонирхохгүй байж болно, гэхдээ улс төр чамайг сонирхоно гэдэгтэй адил.
  5. Төлөвшсөн гэж ойлгож байна. Төлөвшсөн хүн гэдэг нь нийгэмшсэн буюу таниас нийгэм хүлээж буй шаардлагуудыг та бие даан биелүүлж чадах боломжтой болсон гэсэн үг. Төлөвшсөн, нийгэмшсэн хүн нь биеэ зөв авч явдаг, өөрийнхөө эрхийг мэддэг, үүргээ биелүүлдэг, оролцоотой иргэн юм.  
  6.  Форумд оролцож буй 300 гаруй хүүхэд тодорхой хэмжээнд сонгууль, улс төр, ардчилал, оролцооны талаарх ойлголттой болсон гэж найдаж байна.    

 

М.Дөлнуур (Ховд аймгийн ерөнхий боловсролын хоёрдугаар сургуулийн сурагч)  

  1. Ардчилал нь маш том ойлголт бөгөөд иргэдийн оролцоо гэж би үздэг.  
  2. Нээлттэй байдал, тэгш эрх, олон намын тогтолцоо гээд олон шинжтэй. Хэн нэгэн илүү эрх эдэлдэг байх ёсгүй, хүн болгон тэгш эрхтэй байх ёстой.
  3. Сурч боловсрох эрх хамгийн түрүүнд санаанд орж байна. Хүн бүр сурч боловсрох эрхтэй учир төрөөс суурь боловсролыг иргэн бүрт олгохыг зорьдог.
  4. Залуусын сонгуулийн идэвх муу байдаг. Тиймээс залуусын сонгогчийн боловсролыг дээшлүүлж, тэд сонгуульд идэвхтэй оролцож чадвал зөв хүнийг сонгох боломжтой. Сонгогчийн боловсрол зөв хүнийг сонгоход хүргэнэ гэж олйгож болох байх.  
  5.  Эрх, үүргээ ухамсарласан, төлөвшсөн хүнийг хэлэх байх.
  6.  Сурагч, залуусын нийгмийн оролцоо нь сайжирсан. Өөрийн гэсэн мэдлэгтэй, багаар хамтран ажиллах чадвартай болсон.  
 
Сэтгэгдэл