ИНФО: 2000-аас доош хүн амтай 58 сум, 10 000-аас дээш иргэнтэй 54 хороо байна
2022-04-18

                  Монгол Улс 21 аймаг, есөн дүүрэг, 330 сумтай. Бүх аймаг, дүүргийн хүн ам 2015-2021 онд ерөнхийдөө өссөн төлөвтэй байна. Аймгуудаас Говьсүмбэр аймаг хамгийн бага буюу 18 мянга гаруй хүн амтай. Тэгэхээр нийслэлийн долоон хорооноос хүн амын тоогоороо Дундговь аймаг нь цөөн гэсэн үг. Хөвсгөл аймаг хамгийн их буюу 137 мянга гаруй хүн амтай. Дэлгэрэнгүй статистик мэдээллийг доорх графикаас харна уу.    

 

              Үндсэн хуульд нутгийн удирдлагын удирдлагын чиглэлээр 2019 онд нэмэлт, өөрчлөлт оруулсан. Үүнд нийцүүлэн Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай болон Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийг шинэчилсэн. Ингэснээр нийслэлийн төсөв, санхүүгийн бие даасан байдлыг хуулиар баталгаажуулж, хөгжих эрх зүйн орчныг нь бүрдүүлсэн гэж хууль тогтоогчид, судлаачид үзэж буй юм.

                Мөн Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийг Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд нийцүүлэн шинэчлэхээр 2022 оны хаврын чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтад багтаасан. Уг хуулийн төслийг нь одоогоор УИХ-д өргөн бариагүй. Олон нийтээр хэлэлцүүлж буй уг төсөлд тусгаснаар бол 20-100 мянган хүн амтай бол орон нутгийн зэрэглэлтэй, 100 мянгаас дээш хүн амтай бол улсын зэрэглэлтэй хот болгох юм байна. Түүнчлэн 10-20 мянган оршин суугчтай буюу цөөн хүн амтай ч улсын нийгэм, эдийн засагт чухал үүрэг гүйцэтгэдэг зарим орон нутгийг хот болгох уян хатан нөхцөл зааж өгчээ.    

          Манай улс 1960-1992 онд Улаанбаатараас гадна Дархан, Эрдэнэт, Чойбалсан гэсэн гурван хоттой байсан. Харин өнөөдөр эдгээрийг хот гэж үзэх хууль, эрх зүйн орчин байхгүй. Тухайлбал, Дархан гэдэг аймгийн төвийг Дархан-Уул сум гэж үздэг. Тиймээс ихэнх аймгийн төв, зарим олон хүн амтай сумыг хотын статустай болгож, тусдаа зөвлөл, захирагчтай, үнэт цаас, бонд гаргадаг, татвартай, өмчтэй, хөрөнгөтэй болгож, бие даалган хөгжүүлэхээр дээрх хуулийн төслийн үзэл баримтлалыг боловсруулж буй аж. Жишээ нь, Зүүнхараа, Сүхбаатар гэсэн хот Сэлэнгэ аймгийн нутаг давсгэр дээр бий болно гэсэн үг. Түүнээс биш Сэлэнгэ аймгийн Зүүнхараа, Сүхбаатар хот гэж үзэхгүй юм байна. Японы Осака хот гэдэгтэй адилаар үүнийг ойлгох ёстой гэнэ.     

            Төсөлд тусгасан тооны шаардлагыг харгалзан үзвэл Орхон аймгийн Баян-Өндөр сум буюу бидний хэлж заншсанаар Эрдэнэт нь улсын зэрэглэлтэй хот болон хөгжих боломжтой аж. Харин 20-100 мянган хүн амтай 14 аймгийн төв болон Сэлэнгийн Мандал сумыг орон нутгийн зэрэглэлтэй хот болгох нь. Дэлгэрэнгүй статистик мэдээллийг доорх графикаас харна уу.     

         Манай улсын 58 сум 2000-аас доош хүн амтай. Харин 2001-5000 хүн амтай 202,  5001-8000 хүн амтай 34, 8001-10 000 хүн амтай 9, 10 001-30 000 хүн амтай 15, 30 001-50 000 хүн амтай 7, 50 001-100 000 хүн амтай 1 (Дархан-Уул аймгийн Дархан сум), 100000-аас дээш хүн амтай 1 буюу Орхоны Баян-Өндөр сум байгаа аж.   

Хамгийн их хүн амтай 10 сумын нэр

Баян-Өлгий

Өлгий

39711

Ховд

Жаргалант

31980

Увс

Улаангом

32912

Орхон

Баян-Өндөр

102634

Өвөрхангай

Арвайхээр

34605

Баянхонгор

Баянхонгор сум

32454

Хөвсгөл

Мөрөн

42423

Дархан

Дархан

87595

Өмнөговь

Даланзадгад

28854

Дорнод

Хэрлэн

47153

 

 Хамгийн бага хүн амтай сумдын нэр  

Завхан

Асгат

1042

Завхан

Завханмандал

1100

Завхан

Ургамал

1338

Завхан

Цагаанхайрхан

1409

Завхан

Цагаанчулуут

1290

Төв

Архуст

1346

Төв

Баянхангай

1402

Говьсүмбэр

Баянтал

1179

Дорноговь

Сайхандулаан

1411

Өмнөговь

Ноён

1385

Дундговь

Баянжаргалан

1323

Дундговь

Өндөршил

1432

Дундговь

Цагаандэлгэр

1028

Сэтгэгдэл