УИХ дах Ардчилсан намын бүлэг өнөөдөр хуралдаж, гурван асуудлаар мэдээлэл сонсжээ. Тодруулбал, Монгол улсын эдийн засаг стагфляцид (stagflation) ороход тун ойрхон болоод байгаа энэ эгзэгтэй үед Засгийн газраас өнгөрсөн баасан гаригт зарласан арга хэмжээнүүд хэр оновчтой шийдлүүд болох вэ, УИХ-ын 2022 оны дөрөвдүгээр сарын 15-ны нэгдсэн чуулганаар баталсан, Хяналт шалгалтын түр хороо байгуулах тухай тогтоол хууль зөрчсөн үү, ОXУ-ын ДУМ-ын гишүүн Константин Косачев өнгөрсөн долоо xоногт телевизэд өгсөн ярилцлагынxаа үеэр “АНУ Украинд байсан биологийн нууц лабраторио Монголд байгуулаxаар төлөвлөж байгаа” хэмээн мэдээлсэнтэй холбогдуулан цаг үеийн асуудлаарх танилцуулга, мэдээллүүдийг тус тус сонслоо.
УИХ дахь АН-ын бүлгийн зөвлөх, ЭЗ-ын ухааны доктор Р.Даваадорж "Өнөөдөр Монгол Улсын эдийн засаг хүндэрсэн төдийгүй гадаад орчин, нөхцөл байдал нэн хурцдах таагүй төлөвтэй байгаа аж. Манай улсын эдийн засаг хямралтай, өндөр инфляцтай байгаа нь ойрын хугацаанд ажилгүйдэл, ядуурал нэмэгдэх дохио юм. Мөн ОХУ, Украины дайнтай холбоотойгоор хүнсний хомстол нүүрлэх, бусад тодорхойгүй байдал бүрдээд байгаа. Энэ хүнд үед Засгийн газрын үйл ажиллагаа болон МАН-ын хэт олонхоос бүрдсэн УИХ-аас гаргаж буй бодлого туйлын сул, алсын хараагүй, үүсэж болох эрсдэлээ тооцож чадахгүй, суурь том асуудлуудаа шийдэх боломжуудыг олж харахгүй, дандаа аргацаах, түр зуурын гал унтраах аргаар шийдэж байгааг УИХ дахь АН-ын бүлгээс эрх баригчдад хэлж сануулах үүрэгтэй. Дэлхийн бусад улс орон үүсээд буй дайны нөхцөл байдалд бодитой дүн шинжилгээ өгч ирээдүйгээ харсан шийдвэрүүдийг ид хэлэлцэж байна. Тиймээс Монгол Улс ч бас ирээдүйгээ харсан том асуудлуудад анхаарал хандуулах ёстой"-г танилцуулгадаа онцолсон байна.
Мөн тэрбээр "2020 онд Монгол Улсын эдийн засаг 5.3 хувиар агшсан. Ардчилсан хувьсгал ялж зах зээлийн нийгэмд шилжсэн цагаас хойш манай улсын эдийн засаг ийм хэмжээнд агшиж байсангүй. 2021 онд ДНБ-ний өсөлт ердөө 1.4 хувьтай байсан нь манай улсын эдийн засаг гүн хямралд орсныг илтгэнэ. Өнгөрсөн сард Монгол Улсын хэмжээнд инфляц 14.4 хувьтай гарсан нь Ази тивд Шри-Ланк, Иран улсын дараа гуравт орох өндөр үзүүлэлт юм. Бараа бүтээгдэхүүн, үйлчилгээний үнэ өдөр ирэх бүр өсөж орлого хумигдсан нь ард иргэдийн амьдралд ялангуяа дундаас доош орлоготой болон ахмад настнуудын амьдралд туйлын хүндээр нөлөөлж байна. Сүүлийн хоёрхон сарын хугацаанд ам.долларын ханш 12-15 хувиар чангарч олдоц нь эрс багасаж, бизнесийн үйл ажиллагаанд хүндрэл учирч эхэллээ. Компаниуд хаалгаа барьж, олон мянган ажилчдаа цомхтгохоос өөр аргагүй байдалд хүрч ажилгүйчүүдийн эгнээ тэлж байна. Энэ бүхэн Монгол улс стагфляцад нэрвэгдсэнийг батлан харуулж байгаа"-г тодотгожээ.
Бүлгийн дарга Д.Ганбат “Засгийн газар ажил олгогч, хувийн хэвшлийг дэмжсэн арга хэмжээ хэрэгжүүлэхгүй байна. Нийгмийн даатгалын шимтгэлийн 50 хувийг буцаан олгох саналыг дэмжиж байгаа ч ажил олгогчийг орхисон нь алдаа. Хоёр хөршөөс гадна олон улсын хамтын нийгэмлэгийн бусад оронтой манай Засгийн газар ойлголцох хэрэгтэй байна. Ялангуяа гадаадын хөрөнгө оруулалтыг татах тал дээр санаачилгатай ажиллаж, зээл тусламжийг зөв зарцуулж, УИХ ард түмэндээ тайлагнах шаардлагатай. Төрийн албан хаагчдын орон тоо ихэссэн. Ямар ч хэрэггүй олон албан тушаалыг арилгаж, хэмнэлтийг дээрээсээ эхлэх санаачилгыг дэмжиж байгаа" гэв.
УИХ-ын гишүүн С.Одонтуяа "Засгийн газраас хүүхдийн цэцэрлэгийн хүрэлцээний асуудалд онцгойн анхаарч байгааг дэмжиж байна. Цэцэрлэгийн асуудлыг дагаад ажил эрхлэлтийн асуудал хамт явдаг. Төр өөрөө ажлын байр бүтээгч биш, ажил олгогч биш ч тэр боломжийг бүрдүүлж өгөх нь үүрэг" гэдгийг онцоллоо.
Хөгжлийн банкны асуудлаар хянан шалгах түр хороо байгуулахдаа хууль зөрчсөн гэж АН-ын бүлгийнхэн үзжээ. Тодруулбал, тус хорооны гуравны нэгээс доошгүй нь цөөнхийн бүлгийн төлөөлөл байна гэдэг үндэслэлийг хангаагүй аж. Мөн бүлгийн саналыг авалгүй уг асуудлыг шийдвэрлэсэн зэрэг зөрчил гарсан тул тус түр хороог хууль бус гэдгийг бүлгийн гишүүд хөндөв. Тиймээс хуулийн хэрэгжилтийг хангуулах үүднээс УИХ-ын даргад хандан Хяналт шалгалтын түр хороо байгуулах тухай УИХ-ын тогтоолыг хүчингүй болгох саналыг хүргүүлэх нь зүйтэй гэсэн юм.
Гурав дахь асуудал буюу биологийн нууц лабраторийг Монголд байгуулаxаар төлөвлөж байгаа талаар УИХ дахь Ардчилсан намын бүлгээс Засгийн газарт санал хүргүүлэхээр болжээ.