Засгийн газрын ээлжит бус хуралдаан 2022 оны дөрөвдүгээр сарын 15-нд боллоо. Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тус хуралдааны шийдвэрийг танилцуулж мэдээлэл хийв. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ "Монгол Улсын иргэд, үзэл бодлоо илэрхийлж, тайван жагсаал цуглаан хийсэн оюутан залуучууд аа, Жагсаалын үеэр тавьсан 15 багц шаардлага болон бичгээр ирүүлсэн 270 орчим саналыг Засгийн газар нухацтай судалж, Ажлын хэсэг байгуулж, холбогдох мэргэжлийн байгууллагууд болон судалгааны байгууллагатай хамтран ажиллаж байна. Тавьсан саналуудыг багцалж үзвэл 74 хувь нь үнийн өсөлтийг хязгаарлах, 15 хувь нь төсвийн үргүй зардлыг хэмнэх, 12 хувь нь шударга бус байдал, авлига, тэгш бус байдлыг халах, 12 хувь нь цалин, нийгмийн баталгааг нэмэгдүүлэх суурь шинэчлэл хийхтэй холбоотой байлаа. Дэвшүүлсэн асуудлуудын 60 орчим хувийг ойрын хугацаанд шийдвэрлэх, үлдсэн хувь нь тогтолцооны шинэчлэлийг хийх байдлаар дунд хугацаанд шийдэгдэх боломжтой байна. Дүгнэж үзвэл, ОХУ-Украины зөрчил болон хөрш орнуудад эрчимжээд буй цар тахлын халдварын цочрол, түүнээс үүдсэн хямрал, тогтолцооны реформ шаардсан нийгмийн захиалга байна. Засгийн газар боломжит бүх хувилбараа дайчилж, нийт ард иргэдтэйгээ хамтарч, арга хэмжээ авна. Засгийн газар хуралдаж, үе шаттайгаар шийдвэрлэх дараахь шийдвэрүүдийг гаргаж байна гэлээ.
Засгийн газрын хуралдаанаар хэлэлцсэн онцлох асуудал, шийдвэрийн талаар товчхон хүргэе.
- Гол нэр төрлийн бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт, хомсдолоос сэргийлэх, сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийг УИХ баталсан. Ингэснээр бензин шатахууны үнийг тогтвортой байлгах зорилгоор шатахуун импортлогч компаниудад шаардлагатай валютын эх үүсвэрийг хөнгөлөлттэй нөхцөлөөр олгоно. Зээлийн хүүний татаасыг төрөөс хариуцаж, эргэлтийн хөрөнгөтэй холбогдох асуудлыг нь бүрэн шийдвэрлэхээр ажиллаж байна.
- Үйлдвэрлэгч нарт хөнгөлөлттэй зээл олгож, улмаар тариаланчдад хуримтлагдсан өмнөх жилүүдийн улаан буудайн нөөцийг худалдаж авна. Ингэснээр дэлхий дахинд үүсээд буй улаан буудайн хомсдолоос урьдчилан сэргийлж, энэ хаврын тариалалтад онцгой анхаарах боломж бүрдэнэ.
- Цагаан будаа болон элсэн чихэр, ургамлын тосны импортын гаалийн албан татварын таван хувийг түр хугацаанд тэглэх саналыг УИХ-д оруулна.
- Дотоодын ургамлын тос үйлдвэрлэгчдийн борлуулалтын болон үйлдвэрийн үндсэн түүхий эдийг НӨАТ-аас чөлөөлнө.
- Дотоодын хүнсний үйлдвэрүүдийг дэмжихэд зориулж, нэг их наяд төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг олгож, шаардагдах хүүгийн татаасыг төсвөөс олгоно.
- Төсвийн хэмнэлтийн тухай хуулийг УИХ-д өргөн барина.
- Төрийн өмчит нийт 39 аж ахуйн нэгжийг олон нийтийн шууд хяналтад оруулах, 10 компанийг нэгтгэн нийлүүлэх, цаашид төр оролцох шаардлагагүй санхүүгийн эрсдэлтэй 10 компанийг татан буулгах, худалдах арга хэмжээ авна.
- Хот суурин газарт зөвхөн сайд, аймаг, нийслэлийн Засаг дарга нар суудлын жижиг оврын автомашин хэрэглэнэ.
- Цаашид төрийн өмчид байгаа автомашинуудыг бусад тээврийн хэрэгслээс ялгах улсын дугаарын өнгөтэй болгоно.
- Чиг үүргийн давхардлыг арилгаж, төрийн бүтээмжийг дээшлүүлж, шинээр орон тоо нэмэгдүүлэхгүй.
- Хэмнэх боломжтой бүхий л зардлыг 10-15 хувь хэмнэнэ.
- Гар утасны зардал, зочин төлөөлөгч хүлээж авах, бэлэг авах зардлыг төрөөс төлөхгүй бөгөөд гадагшаа томилолтоор явахдаа зөвхөн энгийн ангиллаар зорчиж, үндэсний авиа компаниар үйлчлүүлнэ.
- Төрийн тусгай албан хаагчаас бусад албан хаагч дүрэмт хувцас хэрэглэхгүй.
- Төрийн байгууллагууд сургалт, семинар, зөвлөлгөөнийг зөвхөн цахимаар зохион байгуулна.
- Төсөвт байгууллага, газрын тос, уул уурхайн чиглэлээс бусад аж ахуйн нэгжийн ажилтан төлдөг нийгмийн даатгалын шимтгэлийн 50 хувийг он дуустал буцаан олгоно.
- Төрийн үйлчилгээний албан хаагчдын цалингийн доод түвшинг үе шаттайгаар нэмэгдүүлнэ.
- Нийслэл хотын цэцэрлэг, сургуулийн хүртээмж бага байгаа дүүрэг, хороодод хувийн хэвшлийн цэцэрлэг сургуулийн хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор хувьсах зардлыг хоёр дахин нэмнэ. Аж ахуйн нэгжүүд өөрийн ажилчдын хүүхдүүдэд зориулж цэцэрлэг ажиллуулбал татвар ногдох зардлаас хасаж тооцно.