УИХ-ын даргын хэрээс хэтэрсэн үйлдэл
2022-04-15

               УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаан 10.00 цаг эхэллээ. Ирвэл зохих 61 гишүүнээс 39 нь хүрэлцэн ирж, ирц бүрдсэнийг дарга Г.Занданшатар танилцуулав. Хуралдаанаар Засгийн газраас өргөн барьсан Гол нэр төрлийн бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт, хомстлоос сэргийлэх, сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн төслийг эцэслэн батлахыг шийдсэн юм.   

             Уг төслийг Олон улсын хямралт нөхцөл байдлаас гол нэр төрлийн бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт, хомстлоос сэргийлэх, сөрөг нөлөөллийг бууруулах тухай нэртэйгээр өргөн мэдүүлсэн бол хэлэлцүүлгийн явцад эхний таван үгийг нь хассан байна.

         Хуулийн төсөлд УИХ-ын зарим эрх мэдлийг Засгийн газарт шилжүүлэх, Монголбанкийг гүйцэтгэх засаглалын нэг агентлаг шиг ажиллуулах талаар тусгасныг АН-ын бүлэг болон иргэний нийгмийн байгууллагууд, судлаачид эрс шүүмжилж байгаа. Тодруулбал, дараах зохицуулалтыг төсөлд тусгасан. Үүнд  

  • Гурил, мах, нефтийн үнийг тогтвортой барих зорилгоор аж ахуйн нэгжүүдэд хөнгөлөлттэй зээл олгох
  • Гадаад валютын нөөц нэмэгдүүлэх үүднээс алт олборлогч компаниудад эргэлтийн хөрөнгийн болон урьдчилгаа төлбөрийн санхүүжилт олгох
  • Хөнгөлөлтэй зээл олгоход шаардагдах хүүгийн татаасыг жилийн батлагдсан нэгдсэн төсвийн нийт зарлагын хэмжээг нэмэгдүүлэхгүйгээр төсөв хооронд, төсвийн ерөнхийлөн захирагч хооронд, хөрөнгийн болон урсгал зардал хооронд төсвийн зохицуулалт хийх замаар Засгийн газар шийдвэрлэх
  • Бараа бүтээгдэхүүний дотоодын үйлдвэрлэл, инфляц, гадаад зах зээлийн хүчин зүйлээс хамаарч хомсдол үүсэх эрсдэлтэй нөхцөл үүссэн тухай бүр Засгийн газар импортын гаалийн албан татварын хувь хэмжээг тогтоож зохицуулалт хийх

 

Г.Занданшатар: Эцэслэн батлахад нэг санал дутаад байна

             Чуулганы хуралдаанаар уг төслийг эцэслэн батлах санал хураалт явуулахад гишүүдийн олонх дэмжээгүй. Гэтэл УИХ-ын дарга Г.Занданшатар зарим гишүүний кноп ажиллаагүй шалтгаанаар хоёр ч удаа дахин санал хураалт явуулж, тус хуулийг батлав.     

Энэ үеэр ямар процесс өрнөснийг дэлгэрүүлэн тайлбарлъя.

УИХ-ын дарга Г.Занданшатар: Хэлэлцэх асуудалдаа оръё. Хууль эцэслэн батална. Гол нэр төрлийн бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт, хомстлоос сэргийлэх, сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн төслийг эцэслэн батлах санал хураалт явуулна. Байнгын хороо эцэслэн батлах төслийн хувилбарыг бэлтгэж, гишүүдэд тараасан байгаа. УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 44.2-т заасны дагуу нэгдсэн хуралдаанаар хуулийн төслийг эцэслэн батлах бөгөөд УИХ-ын нийт гишүүний олонх дэмжсэн бол хууль эцэслэн баталсанд тооцно гэж заасан. Өөрөөр хэлбэл, 39-ээс дээш буюу олонх гишүүний саналаар эцэслэн батлах ёстой. Эцсийн хэлэлцүүлгийг өчигдөр явуулсан. Ингээд Гол нэр төрлийн бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт, хомстлоос сэргийлэх, сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн төслийг эцэслэн баталъя гэсэн саналын томьёоллоор санал хураалт явуулъя.

(Танхимаас зарим гишүүн үг хэлсний хариуд дарга Г.Занданшатар найруулгын санал гэж байхгүй. Эцсийн найруулга сонсох дээр найруулга гэснээ үгээ тасалж, за бүртгэлийн санал хураалт явуулъя. 39-ээс дээш гишүүн байж байж энэ хууль батлах ёстой шүү)

Бүртгэлийн санал хураалт явуулахад 76 гишүүнээс 47 нь ирсэн байв.

УИХ-ын дарга Г.Занданшатар: (Гишүүд ямар нэгэн зүйл хэлсний дараа) Ирц биш ээ, энэ чинь 38 гишүүн санал өгсөн байна. Энэ сая бүртгэлийн санал хураалт явуулсан. Нийт 47 гишүүн байна. Баатарбилэг, Хүрэлбаатар, Пүрэвдорж гишүүн энэ хуульд эсрэг санал дарагдаад байна шүү. За одоо санал хураалт явуулъя. Гишүүд анхааралтай байгаарай. Гол нэр төрлийн бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт, хомстлоос сэргийлэх, сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн төслийг эцэслэн баталъя гэсэн саналын томьёоллоор санал хураалт явуулъя.

Хуралдаанд оролцсон 46 гишүүнээс 38 нь хуулийн төслийг эцэслэн батлахыг дэмжив.

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж: За уначихлаа. Одоо дараагийнхаа асуудлыг хэлэлцье

УИХ-ын дарга Г.Занданшатар: Энэ унаагүй л дээ. Гишүүдийн 82.6 хувь нь дэмжсэн боловч эцэслэн батлахад нэг санал дутаад байна. За Д.Сарангэрэл гишүүн горимын санал гаргана. С.Амарсайхан, Л.Энх-Амгалан сайд Засгийн газраас өргөн мэдүүлсэн хуулийг эцэцслэн батлахад эсрэг санал өгөөд байх юм. Ч.Хүрэлбаатар гишүүн бас.

Д.Сарангэрэл: Сая техникийн саатлын улмаас зарим гишүүний кноп ажиллаагүй учир санал хураалтыг хүчингүй болгож, дахин санал хураалт явуулах горимын санал гаргаж байна.

УИХ-ын дарга Г.Занданшатар: За. Д.Сарангэрэл гишүүний санал харин эсрэг гарсан байсан. За ингээд горимын саналаар санал хураалт явуулъя. Д.Сарангэрэл гишүүний гаргасан саяны санал хураалтыг хүчингүйд тооцох санал хураалт явуулъя.

46 гишүүнээс 36 нь саяны санал хураалтыг хүчингүйд тооцохыг дэмжив.

УИХ-ын дарга Г.Занданшатар: Өнөөдөр хэлэлцэж батлах ёстой хууль байгаа юм. За саяны санал хураалтыг хүчингүйд тооцсон учраас дахин санал хураалт явуулна. Танхимд 44 гишүүн байна шүү. Засгийн газрын хуралдаантай байх шиг байна. Гол нэр төрлийн бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт, хомстлоос сэргийлэх, сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн төслийг эцэслэн баталъя гэсэн саналын томьёоллоор санал хураалт явуулъя.

46 гишүүнээс 38 нь хуулийг эцэслэн батлахыг дэмжив.

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж: Хоёр удаа уначихлаа шүү дээ. За одоо болъё оо.

УИХ-ын дарга Г.Занданшатар: Даваасүрэн гишүүний кноп болсонгүй юү. За Ц.Даваасүрэн гишүүн.

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн: Сая санал хураалт дээр миний кноп ажилласангүй.

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж: Худлаа.

УИХ-ын дарга Г.Занданшатар: Сая Даваасүрэн гишүүнийх эсрэг гарсан.

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн: Би нэг их худлаа хэлэх шаардлага байхгүй. Өчигдөр бас ингэсэн шүү.   

УИХ-ын дарга Г.Занданшатар: Техникийн саатал гараад байна. За Ц.Даваасүрэн гишүүний гаргасан горимын санал хураалтаар санал хураалт явуулъя. Саяны санал хураалтыг техникийн саатлын улмаас хүчингүйд тооцох санал хураалт явуулъя.

48 гишүүнээс 40 нь саяны санал хураалтыг хүчингүйд тооцохыг дэмжив.

УИХ-ын дарга Г.Занданшатар: Саяны санал хураалтыг хүчингүйд тооцов. За дахин санал хураалт явуулна, бэлдээрэй. Гол нэр төрлийн бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт, хомстлоос сэргийлэх, сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн төслийг эцэслэн баталъя гэсэн саналын томьёоллоор санал хураалт явуулъя. Танхимд 48 гишүүн байна.  

48 гишүүнээс 42 нь хуулийг эцэслэн батлахыг дэмжив.  

УИХ-ын дарга Г.Занданшатар: За 42 гишүүн дэмжиж, энэ хууль эцэслэн батлагдлаа. Пүрэвдорж гишүүнээ хууль эцэцслэн батална гэдэг бол Үндсэн хуульд заасан УИХ-ын гишүүний журамт үүрэг байгаа шүү. Та энэ үүргээсээ ... гээд чимээгүй болов.   

 

“Дэг”-ийн хуульд зааснаар бол уг төслийг дэмжээгүй тул буцаах ёстой   

             УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 44.2-т “Нэгдсэн хуралдаанд хуулийн төслийг эцэслэн батлах санал хураалт явуулах бөгөөд УИХ-ын нийт гишүүний олонх дэмжсэн бол хууль эцэслэн баталсанд тооцно” гэж заасан байдаг. Мөн тус хуулийн 44.4-т “Энэ хуулийн 44.2-т зааснаар хуулийн төслийг эцэслэн батлах саналыг УИХ-ын нийт гишүүний олонх дэмжээгүй бол түүнийг хууль санаачлагчид нь буцаах тухай тогтоол баталсанд тооцно” гэж заасан.  

          Засгийн газраас өргөн мэдүүлсэн уг хуулийн төслийг эцэслэн батлахыг гишүүдийн олонх буюу 39 нь дэмжээгүй тул “Дэгийн” хуульд заасны дагуу буцаах ёстой. Гэтэл УИХ-ын дарга Г.Занданшатар “Нэг санал дутаад байна. Өнөөдөр хэлэлцэж батлах ёстой хууль байгаа юм. Баатарбилэг, Хүрэлбаатар, Пүрэвдорж гишүүн энэ хуульд эсрэг санал дарагдаад байна шүү” гэсэн үг хэлж, гишүүдийн хууль батлахад ямар санал өгөх бүрэн эрхэд нь халдан, хэрээс хэтэрсэн үйлдэл гаргав.  

        Техникийн саатал гарсан, зарим гишүүний кноп ажиллаагүй гэх шалтгаанаар дахин санал хураалт явуулсаар хуулийг ийнхүү улайран баталлаа. Хууль батлах санал хураалтын үеэр кноп нь ажилладаггүй хэрнээ хүчингүй болгох санал хураалтын үеэр техникийн саатал гараагүй нь сонин. Нэмж хэлэхэд, горимын санал гаргасан Д.Сарангэрэл гишүүний кноп эсрэг саналтай байсан, үгүйг ч иргэд мэдэх боломжгүй байна. Цахим парламент энэ мэтийн наад захын мэдээллийг нээлттэй болгомоор сон.        

Сэтгэгдэл