"50-60 их наяд төгрөгийн төсөл, арга хэмжээг тендер шалгаруулалгүйгээр гүйцэтгүүлэх нь"
2022-04-14

           УИХ-ын чуулганы өнөөдрийн үдээс өмнөх нэгдсэн хуралдаан 10.10 цагт эхэлж, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх, эсэхийг шийдлээ. Хуулийн төслийн талаар Сангийн сайд Б.Жавхлан танилцуулав. 

            Цар тахлын үеийн эдийн засгийг эрчимжүүлэх “Шинэ сэргэлтийн бодлого” батлах тухай Монгол Улсын Их Хурлын 2021 оны 106 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах зорилгоор төрийн худалдан авах ажиллагаанд иргэн, аж ахуйн нэгжийн оролцох харилцааг хялбаршуулж зардлыг бууруулах, жижиг, дунд үйлдвэрийн бараа, бүтээгдэхүүнийг худалдан авах боломжийг нэмэгдүүлэх, захиалагчийн шийдвэр гаргах, гэрээ байгуулах үе шат, хугацааг хэрэгжихэд ойлгомжтой болгох чиглэлээр Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг боловсруулсныг тэрбээр онцолсон юм. 

Хуулийн төсөлд дараах зохицуулалтыг тусгажээ. Үүнд 

  • Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний төсөвт өртгийг хуулиар өөрчлөн баталсан бол гэрээний үнийг нэг удаа нэмэгдүүлэн өөрчлөх боломжтой байх
  • УИХ-аас баталсан хөгжлийн төслийн жагсаалтад багтсан төсөл арга хэмжээтэй холбогдуулан тендер шалгаруулалтыг хялбаршуулах, шаардагдах санхүүжилтийн 30-аас доош хувийг төрийн өмчит, төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдээс санхүүжүүлэх тохиолдолд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд хамаарахгүй байх, гүйцэтгэлийн баталгаа, гэрээний үнэ 5 хувь байсныг 3 хувь болгон бууруулах, тендерийн баталгаа 2 хувь байсныг 0.5 хувь болгон бууруулах, зүгшрүүлэх, тохируулах хугацааны барьцаа 5-10 хувь байсныг 5 хувь байхаар тус тус тогтоож, барьцааны хугацааг 4 жил байсныг 1 жил болгон бууруулж, тендерийг 30 хоногт зохион байгуулдаг байсныг ажлын 15 хоногт шийдвэр гаргах

 

        Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг УИХ-ын гишүүдийн олонх дэмжлээ. 

             Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, хариулт авсан. Зарим гишүүний илэрхийлсэн байр суурийг тоймлон хүргэе. 

Н.Наранбаатар: Энэ хуулийн өөрчлөлт бүх худалдан авалтад үйлчлэх үү. Эсвэл зөвхөн жагсаалтаар баталсан, хөтөлбөрүүдэд хамаатай юу. Тендерийг хялбаршуулсан журмаар шийдэх буюу буюу хэлэлцээ хийж, гэрээ байгуулаад ажил, үйлчилгээ гүйцэтгүүлнэ гэнэ. Үүнийг тайлбарлах уу.

“Төрийн өмчийн компаниуд хувийн хэвшилтэй хамтран төсөл хэрэгжүүлбэл тендер зарлахгүй”   

Б.Жавхлан: Энэ хууль нь зөвхөн хөгжлийн томоохон төслүүдэд хамаарахгүй. Одоо зарлагдаад, процесс нь үргэлжилж байгаа хөрөнгө оруулалтуудад бүгдэд нь үйлчилнэ. Тендерийн баталгаа гэж хоёр хувь шаарддаг байсан бол 0.5 хувь болгоно. Гүйцэтгэлийн баталгаа гэж нэг төсөвт өртгөөс нь таван хувийг шаарддаг байсан бол тухайн жилийнх нь санхүүжих дүнгээс гурван хувь, чанарын баталгааг гурав биш, нэг жил болгож бууруулсан. Мөн шаарддаг барьцааны дүн нь 5-10 хувь байсан бол үүнийг таван хувь болгож бууруулна гэсэн үг. Ингэснээр барьцаанд байгаа 64 тэрбум төгрөг суларч, аж ахуйн нэгжүүдэд хүрэх боломжтой. Төрийн болон төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгжүүд хувийн хэвшлийнхэнтэй хамтраад тухайн төсөлд санхүүжилт хийж, хэрэгжүүлэх тохиолдолд буюу хувийн хэвшлээс 70 ба түүнээс дээш, төрийн зүгээс 30 ба түүнээс доош хувийн оролцоотой бол тендер зарлах шаардлагагүй.

“Компанигүй нөхдүүд худалдан авах ажиллагаанд оролцож, бужигнуулна”

Ё.Баатарбилэг: Орон нутагт сургууль, цэцэрлэг, барилгууд барьдаг. Барилгын тухай хуульд заасны дагуу тухайн барилгын ажлыг гүйцэтгэсэн компани нь барьцаа хөрөнгөө гурван жилийн турш байлгадаг. Хэрэв тухайн барилгад ямар нэг стандартын бус асуудал гарсан бол барьцаа хөрөнгөөрөө түүнийг засаад, барьцаа хөрөнгөө суллуулдаг. Гэтэл барьцаа хөрөнгийг ганцхан жилийн хугацаатай болгоно гэдэг нь боломжгүй. Цүнх, тамга барьсан компанигүй нөхдүүд, захирлууд худалдан авах ажиллагаанд оролцож, бужигнуулна.

Г.Тэмүүлэн: Маш олон арилжааны банкны эздүүдийн нөлөөлөл сүүлийн 20, 30 жилд Монголын хуульд туссан байдаг. Үүний нэг нь Төрийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль. Арилжааны банкууд мөнгөтэй, хүчтэй, зорилгоосоо өөр чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг, нүүрс ухдаг, тээвэр хийдэг, төмөр зам барьдаг. Үүний эсрэг буюу арилжааны банкны нөлөөг бууруулж байгааг бид зарчмын хувьд зөв гэж үзэж байна. Үүнээс гадна нэмж шинэ зохицуулалт бий болгох ёстой.

Ж.Бат-Эрдэнэ: Зураг төслийг нь гаргаад түүнд нь тохирсон хөрөнгийг олгоход анхаарах хэрэгтэй. Ижил зураг төсөлтэй мөртлөө захиалга өгөхдөө хэтэрхий ялгаатай төсөв тавьчихсан тохиолдол бий. Барилгын материалын чанараас бас хамаардаг байх. Гэхдээ үүнд анхаарах хэрэгтэй. Гүйцэтгэлийн баталгааг бууруулж байгаа бол хяналтын механизмыг сайжруулах хэрэгтэй.

“Бүх төслийг тендер шалгаруулалгүйгээр явуулж болохгүй”

Ц.Даваасүрэн: “Тендерийн” хуулийн нэг хэцүү зүйл нь цаг хугацааны асуудал.  Зураг төслийг нь гаргахад 45, тендер зарлаж, зохион байгуулахад 45 хоног гээд хугацаа их шаарддаг. Ингээд барилгын ажлыг эхлүүлэх гэж их хугацаа өнгөрдөг. Гэхдээ хөгжлийн хөтөлбөрийн жагсаалтад багтсан бүх төслийг тендер шалгаруулалгүйгээр явуулж болохгүй. Тэгэхээр стратегийн чухал ач холбогдолтой төслийг л шууд гэрээ хийгээд гүйцэтгүүлэх талаар төсөв тодотгох үеэрээ УИХ баталчих хэрэгтэй. Албан тушаалаа ашигладаг, замбараагүй байдал хавтгайрна.

Ц.Идэрбат: Улсын төсвөөс санхүүжүүлэх бүтээн байгуулалтуудыг нэг зураг, стандарттай болгох саналтай байна.

Б.Бат-Эрдэнэ: УИХ-аас баталсан, хөгжлийн төслийн жагсаалтад багтсан төслүүдийг хэлэлцээ хийж, гэрээ байгуулан, гүйцэтгүүлнэ гэж заажээ. Энэ чинь л асуудал дагуулна даа. Сонгон шалгаруулалтгүйгээр томоохон төслүүдийг шууд гэрээ байгуулж гүйцэтгүүлнэ гэдэг чинь цаанаа “но”-той болно гэсэн үг.. Өөрийн үүсгэн байгуулсан компаниар оролцдог, ил, далдаар нөлөөлдөг ийм байдал тасрахгүй байхад дээр нь ингэж болохгүй.

Л.Мөнхбаатар: Энэ нэмэлт, өөрчлөлтийг нэг удаа үйлчлэх хууль болгох хэрэгтэй. Тендерийг хялбаршуулсан журмаар явуулах нэг удаагийн шинжтэй зүйл нь цаашид хэвшиж, “Тендер”-ийн хуулийнхаа концепцтэй зөрчилдөнө.  

“Энэ хуулийг баталбал “Тендер”-ийн хуулиа хүчингүй болгочих хэрэгтэй”

Б.Энхбаяр: Хуулийн төсөлд тендергүй гэрээ байгуулж, төсөл хэрэгжүүлэх заалт оруулж ирж байна. Хэдэн төгрөгийн ямар төслүүдийг тендер шалгаруулалтгүйгээр гүйцэтгүүлэх гэж байгаа юм бэ гэхээр нийт 20 тэрбум ам.долларын буюу 50-60 их наяд төгрөгийн төсөл, арга хэмжээг тендер шалгаруулалгүйгээр хийе гэж байна. “Тендер”-ийн хууль авлигаас урьдчилан сэргийлэх гэж л байдаг. Энэ хуулийг баталбал “Тендер”-ийн хуулиа хүчингүй болгочих хэрэгтэй. “Томчууд” нь хувааж, найрлъя гэж байгаа юм байна. Төрийн өмчийн болон төрийн өмчийн оролцоотой компаниуд төсөл санхүүжүүлбэл “Тендер”-ийн хуулийг дагаж мөрдөхгүй гэж заажээ. 

Сэтгэгдэл