Эрүүдэн шүүлтийн эсрэг ажиллах эрх баригчдын зорилт хэзээ биелэх вэ
2022-04-13

                С.Зориг агсныг хөнөөсөн хэргээр байсхийгээд л улстөрждөг. Улс төрийн “оноо авах” зорилготой, иргэд, сонгогчдод таалагдах дуртай, өөрийгөө олны анхаарлын төвд байлгах сонирхолтой УИХ-ын гишүүд, сайд, намын гишүүдэд энэ сэдэв хамгийн “оновчтой” нь байдаг биз. Ганц жишээ дурдахад, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар нар С.Зориг агсныг хөнөөсөн гэх хэргээр хорих 401 дүгээр ангид ял эдэлж байсан Т.Чимгээтэй нэг жилийн өмнө очиж уулзсан. Тухайн үед буюу олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр Т.Чимгээ гэх бүсгүй өөрийг нь хэрхэн эрүүдэн шүүсэн талаар нус нулимстайгаа холилдон байж хэвлэл мэдээллийнхэнд ярилцлага өгсөн нь улстөрчдийн ээлжит “попролт”-ын бай болж үлджээ.      

                 С.Зориг агсныг хөнөөсөн хэргийн талаар энд дурдах гэсэнгүй. Эрүүдэн шүүлтийн эсрэг эрх баригчид, улстөрчид бодитоор тэмцэхгүй байгааг л шүүмжилье. Гэмт хэрэг үйлдсэн ч бай, үгүй ч бай Т.Чимгээгийн адилаар эрүүдэн шүүлтэд өртөж, хэрэг хүлээдэг явдал өнөөдөр ч гарч байгааг үгүйсгэхгүй. Тэглээ ч Монголд эрүүдэн шүүлт оршсоор буйг Хүний эрхийн үндэсний комиссын бараг жил бүрийн илтгэлд жишээ, баримттай нь дурдсан байдаг. Эрүүдэн шүүлтээс ангид байх нь хүний туйлын шинжтэй буюу амьд явах, хоол хүнсээр хангагдах эрхтэй нэгэн адилаар хэзээ ч зөрчиж болдоггүй эрх. Гэтэл хэн нэгнийг сүрдүүлж, дарамталж, биед нь халдаж, тарчлааж хэрэг хүлээлгэдэг явдал Монголд байсаар атал эрх баригчид Т.Чимгээтэй уулзаж, дүр эсгэх төдийхнөөр эрүүдэн шүүлтийн эсрэг тэмцэх нь хангалтгүй.

                      МАН-ын мөрийн хөтөлбөрийн 3.4.10-т “Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх ажлыг бүрэн, үр дүнтэй хэрэгжүүлнэ” гэж заасан байдаг. Бүрэн эрхийн хугацааныхаа хагастайгаа золгосон эрх баригчид буюу УИХ-ын дийлэнх олонх, Засгийн газрын бүрэлдэхүүн өнөөдрийг хүртэл эрүүдэн шүүлтийн эсрэг ямар ажил хийсэн бэ?  

Ганц албан тушаалтныг томилох гэж хоёр жил өнгөрөв

                     НҮБ-ын Эрүүдэн шүүхийн эсрэг хорооноос манай улсын Засгийн газарт “Эрүүдэн шүүсэн гэх алба хаагчдыг шалгах бие даасан байгууллага байгуулах, эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх үндэсний механизм бий болгох”-ыг удаа дараа зөвлөсөн байдаг.  Тиймээс Хүний эрхийн үндэсний комисс (ХЭҮК)-ын тухай хуулийг шинэчилж, 2020 оны эхнээс хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд үүнд эрүүдэн шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүнийг ХЭҮК-ын дэргэд ажиллуулахаар заасан. Хуулийг нь хэрэгжүүлээд хоёр жилийн хугацаа өнгөрсөн ч одоо хүртэл эрүү шүүлтийн асуудал хариуцсан гишүүнийг УИХ томилоогүй байна. Сонгон шалгаруулалтын ажлын хэсгийг байгуулах, холбогдох журам батлах, нэр дэвшигчдийг шалгаруулах гээд олон үе шаттай хэдий ч нэг ч гэсэн өдрийн өмнө тус албан тушаалтныг томилбол хэн нэгнийг эрүүдэн шүүхээс “аврах” боломжтой.   

                 Уг нь ХЭҮК-ын дэргэд ажиллах тус гишүүн нь хаана ч, хаалттай ямар ч газарт саадгүй нэвтэрч, хяналт шинжилгээ хийх, гэмт хэргийн шинжтэй үйлдлийг хууль, хяналтын байгууллагад шалгуулахаар шилжүүлэх, зөвлөмж хүргүүлэх, өөрт нь туслах чиг үүрэгтэй орон тооны нэгж ажиллуулах гээд тодорхой бүрэн эрхтэй. Гэхдээ эрүүдэн шүүсэн гэх гэмт хэргийг шалгахгүй, хариуцлага ногдуулахгүй буюу хууль, хяналтын байгууллагын чиг үүргийг хэрэгжүүлэхгүй. ХЭҮК ч гэсэн мөрдөн шалгах ажиллагаа, шүүхийн шатанд байгаа эрүү, иргэн, захиргаа, зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авч шалгах чиг үүрэггүй. Учир зүггүй шалгаад хариуцлага хүлээлгээд байхгүй ч урьдчилан сэргийлэх чиглэлээр ажиллах бүрэн эрхтэй гишүүнийг томилох ажлыг УИХ, Хууль зүйн байнгын хороо аль болох яаравчлах хэрэгтэй. Ингэснээр Эрүүдэн шүүхийн эсрэг конвенцын нэмэлт протоколоор хүлээсэн үүргээ манай улс олон жилийн дараа биелүүлнэ.

Ухралт ба улстөрчдийн санаатай алхам

                Одоогийн хүчин төгөлдөр мөрдөж буй хуулиар цагдаагийн алба хаагч хэн нэгнийг эрүүдэн шүүсэн бол АТГ шалгана. Харин цагдаа, АТГ-ын алба хаагчдын үйлдсэн гэмт хэргийг ТЕГ-т шалгадаг бол шүүх, прокурор, тагнуул, АТГ-ын алба хаагчдыг ЦЕГ-ын Мөрдөн байцаах алба шалгах чиг үүрэгтэй. Харилцан бие биенээ шалгадаг ийм байдал нь ашиг сонирхлын зөрчил үүсэх, мөрдөн шалгах ажиллагааг үр дүнгүй болгох эрсдэлтэйг НҮБ-аас 2016 онд анхааруулсан байдаг. Энэ нь ч зарим статистикаас харахад өндөр магадлалтай гэж хэлж болохоор. Тухайлбал, 2017 онд эрүү шүүлт тулгах гэмт хэргийн шинжтэй 82 гомдол, мэдээллийг прокурорын байгууллагад ирүүлсний 18.5 хувьд нь мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж, 61 хувьд нь эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзаж, 20 хувьд нь гомдлыг хүлээн авахаас татгалзсан байх жишээтэй. Мөн тухайн онд цагдаагийн байгууллагад эрүү шүүлт тулгах гэмт хэргийн шинжтэй 13 гомдол, мэдээлэл хүлээн авсан ч бүгдэд нь эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзжээ.  

        Иргэний ирүүлсэн гомдол, мэдээллийг хэрхэн замхруулдгийг дараах кейсээс харж болно.

                 Тусгай алба хаагчид эрүүдэн шүүсэн гэх хэргийг 2002 оноос Улсын ерөнхий прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах албаныхан шалгадаг байсан ч 2014 онд тус албыг татан буулгасан. Энэ нь Монгол Улс олон улсын хамтын нийгэмлэгийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлээгүй, эрүү шүүлт тулгах гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх чиглэлээр өмнө нь хүрсэн ололт амжилтаасаа ухарсан төдийгүй хүн бүр хууль, шүүхийн өмнө тэгш байх зарчим алдагдахад хүрсэн гэж ХЭҮК болон хүний эрхийн төлөөх төрийн бус байгууллагууд шүүмжилсэн юм.  

Хэрэв улстөрчдийн хэлснээр “Шударга бусын хонгил”, “Хонгилын шүүх” Монголд үнэхээр байдаг бол тэр нь хэн нэгнийг эрүүдэн шүүж, хэрэг хүлээлгэдгийн бодит жишээ. Дээр дурдсан баримт мэдээллээс үзэхэд бусдыг эрүүдэн шүүж, хэрэг хүлээлгэсэн, эсэхийг шалгадаг хараат бус байгууллагыг татан буулгасан нь улстөрчдийн санаатайгаар, урьдаас төлөвлөж хийсэн үйлдэл гэхэд ч хилсдэхгүй болов уу.     

Үр дүнд хүрээгүй ажлын хэсэг

               Улсын ерөнхий прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах албыг байгуулахыг судлаач, хүний эрхийн байгууллагууд, зарим улстөрч шаардсан тул 2019 онд УИХ-ын даргын захирамжаар ажлын хэсэг байгуулсан. Товчхон хэлбэл, тус ажлын хэсэг хуулийн байгууллагын алба хаагчидтай холбоотой гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээллийг шалгах хараат бус байгууллага байгуулах шаардлагатай, эсэх талаар судлах зорилготой байв. Одоогийн Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар тухайн үед УИХ-ын гишүүн байхдаа ажлын хэсгийг ахалсан ч тодорхой үр дүнд хүрээгүй. Тэрбээр 2020 онд УИХ-ын чуулганы хуралдааны үеэр “Цаашид үндэсний хэмжээний мөрдөх албатай болох, мөн тусгай субъектүүдийн үйлдсэн хэргийг шалгадаг тогтолцоотой болгохоор судалж байна” гэж мэдэгдсэн ч өнөөдрийг хүртэл таг чиг байна.  

              Эрүүдэн шүүхээс урьдчилан сэргийлэх, эрүүдэн шүүсэн гэмт хэргийг шалгах тогтолцоог сайжруулах, цаашилбал, хохирогчид нөхөн төлбөр олгох механизмыг бүрдүүлэх  гээд шил дараалсан олон ажил бий. Гэвч эрх баригчид ганц томилгоо хийх, байгууллага байгуулах талаар судлах гэж хоёр жил зарцуулав.  Ийм хурдаар ажиллавал эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх ажлыг бүрэн, үр дүнтэй хэрэгжүүлэх амлалт хэзээ биелэх бол.       

Сэтгэгдэл