Өргөн хэрэглээний барааны үнэ өсөж, иргэдийн амьжиргаа сүүлийн үед эрс муудсан. Үүнтэй холбоотой Засгийн газраас үнэ тогтворжуулах зорилготойгоор Олон улсын хямралт нөхцөл байдлаас үүдэлтэй гол нэр төрлийн бараа, бүтээгдэхүүний үнийн өсөлт, хомсдолоос сэргийлэх, сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн төсөл өргөн барьсан.
Уг хуулийн төсөлтэй холбогдуулан сөрөг хүчний байр суурийг олон нийтэд танилцуулахаар УИХ дахь Ардчилсан намын бүлгийн Ажлын албанаас өнөөдөр “Хууль баталж үнэ тогтворжуулах нь зөв шийдэл мөн үү” сэдэвтэй хэлэлцүүлэг зохион байгууллаа.
Хэлэлцүүлгийн эхэнд УИХ дахь АН-ын бүлгийн гишүүдийн 2022 оны төсөв, мөнгөний бодлого хэлэлцэн батлах үеэр хэлж, сэрэмжлүүлж байсан үгийг дахин сануулав. Тухайлбал, “2022 оны төсөвт 471 тэрбум төгрөгийн өртөг бүхий 196 төслийг хасах боломжтой. Татвар төлөгчдөд дэндүү ачаа болсон төсөв боллоо, Монголбанк хараат бус бие даасан байдлаа хадгалж үйл ажиллагаа явуулах нь чухал. Засгийн газрын дохио зангаагаар ажилладаг байдлаа үргэлжлүүлэх аваас үнэ огцом өсөх, инфляц нэмэгдэх, валютын ханшаа алдах зэргээр санхүүгийн салбарт хүндрэл үүсэх магадлал нэн өндөр болох нь” гэж сэрэмжлүүлж байсныг хөндөв.
Үйл ажиллагааг нээж, УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Ганбат "Улс орны одоогийн нөхцөл байдал эрх баригчдын буруу бодлого, төмөр замаа тавьж чадаагүйгээс хамааралтай. Ардчилсан нам 2012 онд олонх биш ч олуулаа байхдаа улс төр, эдийн засгийн шинэчлэлийг хийж чадсан. Тэр үед бид “Үнэ тогтворжуулах хөтөлбөр”хэрэгжүүлсэн. Эрх баригчид үүнийг мушгиж, муулж байсан хэрнээ өнөөдөр өөрсдөө хууль болгох гээд явж байна” гэв.
Мөн “2012-2014 оны үнэ тогтворжуулах хөтөлбөр: ололт ба сургамж” сэдвээр АН-ын бүлгийн орон тооны бус зөвлөх, эдийн засагч Ч.Отгочулуу, “Засгийн газраас өргөн барьсан үнэ тогтворжуулах хуулийн төсөл дээр хийсэн дүн шинжилгээ” сэдвээр УИХ дахь АН-ын бүлгийн зөвлөх, эдийн засгийн ухааны доктор Р.Даваадорж нар илтгэл тавьсан юм.
Эдийн засагч Ч.Отгочулуу “Инфляц бол ядуурал, ажилгүйдлийн дүн. Тиймээс Монголчууд өнөөдөр бултаараа 14 хувиар ядуурчихаад байгаа гэсэн үг. Эмнэлэг, сургууль ашгийн төлөө ажилладаггүйтэй адил Монголбанк ашиг олох бус харин ч зардал гаргаж инфляцыг бууруулж болдог. Аль ч улсын төвбанк дотоод валютынхаа ханшийг барих үүрэгтэй. Гэтэл Монголбанк энэ үүргээ биелүүлж чадсангүй. Одоо Засгийн газар нь хууль баталж Монголбанкийг өөрийн агентлаг шигээ ажиллуулах гэж байна” гэсэн шүүмж хэлэв. Түүнчлэн эдийн засагч Р.Даваадорж "Засгийн газар энэ хуулийн төслийг УИХ-д оруулж ирэхдээ хэдэн төгрөг хаанаас гаргах, тэр мөнгөө хаанаас олохоо тодорхойлоогүй. Хууль батлуулж УИХ-ын 76 гишүүнд асуудлаа нялзааж, хариуцлагаас зугaтах, өөрөөр хэлбэл хулгайгаа хуульчилж хаах арга" гэж тайлбарлав.
Илтгэлийн дараа, хэлэлцүүлэгт оролцсон иргэд “Ийм хууль батлах нь луйвар. Иргэд үнэхээр үнийн өсөлтөд сөхөрч, амьдрал нь эмгэнэлтэй байна. Монголчууд аж амьдрал ч үгүй эрүүл мэнд ч үгүй болсон. Тиймээс мах гурилын үнэ ярихаас илүүтэй эмнэлгийн тогтолцоог шинэчлэх зэргээр бодлогоо өөрчлөх шаардлагатайг хөндсөн юм.
УИХ-ын дэд дарга С.Одонтуяа "Хэлэлцүүлэг үр дүнтэй боллоо. Хуульд зөвхөн мах, гурилын үнэ гэж тусгах биш, эмийн үнэд анхаарах ёстой. Эрүүл мэнд хамгийн гол асуудал гэдэгтэй санал нэгдэж байна. Хэлэлцүүлгийн үед гарсан санал бүрийг хуулийн төсөл хэлэлцэх үеэр уламжилна" хэмээв.