Залуус Засгийн газрын хуралдааны шийдвэрийг хүлээж байна
2022-04-08

            Иргэд, залуус тэгш эрх, тэгш боломж, шударга ёс, авлигагүй нийгэм, үр бүтээмжтэй төрийн үйл ажиллагааг шаардан, Сүхбаатарын талбайд хоёр дахь өдрөө жагсаж байна. Эхний өдрийн жагсаал үүр цайх хүртэл үргэлжилсэн бөгөөд цагдаа нар 18 залууг шалгахад согтолтын зэрэг тогтоогдсон тул эрүүлжүүлэх байранд хүргэжээ. Мөн 20 гаруй иргэнийг саатуулан шалгаж байгааг цагдаагийн байгууллагаас өнөөдөр 10.00 цагийн үед мэдээлсэн бол 13.00 цагийн үед тэднийг сулласан байна. Өчигдрийн жагсаалын үеэр буюу 18.00 цагийн үед нэг эмэгтэйн толгойг хэн нэгэн бэртээсэн бөгөөд ГССҮТ-д очиж, толгойдоо хоёр оёдол тавиулжээ.  

             Хоёр дахь өдрөө үргэлжилж буй жагсаалын үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар нар гарч ирэн, шаардлагатай танилцаж, байр сууриа илэрхийлсний дараа Засгийн газрын ээлжит бус хуралдааныг зарласан.

            Бараа бүтээгдэхүүний үнийн хөөрөгдлийг зогсоох, ачаа тээврийг хилээр саадгүй нэвтрүүлэх, авлигачдыг хөөн хэлэлцэх хугацааг нь дуусгасан, тэнсэн харгалзах ял ногдуулсан, хэдэн сая төгрөгөөр торгосон мэтээр "өршөөж" хэлтрүүлэх бус, хэдэн жилээр нь хорьж, эд хөрөнгийг нь хураадаг байлгахыг залуус Ерөнхий сайдаас шаардлаа. Мөн сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх, нийгмийн даатгалын шимтгэл болон татварын хувь хэмжээг бууруулах, жижиг, дунд бизнес эрхлэгчдээ дэмжих, эрүүл аюулгүй орчныг бий болгох, Хөгжлийн банкнаас хууль бусаар зээл авсан этгээдүүдэд хэргийг нь хүлээлгэж, төрд учруулсан хохирлыг барагдуулахыг хүсэж буйгаа илэрхийлэв. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ зарим шаардлагыг биелүүлнэ гэж сэтгэл хөөрлөөрөө амлалт өгөх нь өрөөсгөл бөгөөд бүхнийг шийдэх эрх бүхий албан тушаалтан биш гэдгээ тодотгоод, УИХ, Засгийн газрын хуралдаанаар асуудлыг шат дараатай шийдвэрлүүлэхэд анхаарч ажиллахаа мэдэгдсэн. Түүнчлэн зарим төрлийн бараа бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах, улсын эдийн засагт үүсээд буй хямралыг шийдэх хуулийн төслийг УИХ-д өргөн барьсныг тодотгов.

             Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар өнгөрсөн шөнө болсон баривчилгаатай холбоотойгоор тайлбар өгсөн. Тэрбээр "Цагдаагийн таван албан хаагч үүргээ гүйцэтгэх явцдаа гэмтэл авсан. Өчигдөр шөнө жагсагчдын зарим нь "Долдугаар сарын 1 шиг үйл явдлыг давтъя" гэх зэрэг үг хэлж, бусдыгаа өдөөн хатгасан тул цагдаагийн албан хаагчид тэднийг түр саатуулсан. Цагдаагийн албаны тухай хууль зөрчиж, хүний эрх, эрх чөлөөнд халдан, бусдын биед гэмтэл учруулсан бол холбогдох цагдаагийн алба хаагчид хариуцлага хүлээлгэнэ" гэсэн. Засгийн газрын хуралдаан 17.00 цагт эхэлсэн. Хуралдааны шийдвэрийг олон нийтэд танилцуулах юм.

"Халаас чинь ханасан, алив алсын хараагаа"  

Хэдэн мянган иргэн жагсаалд оролцож байгаа нь. Жагсагчдын зарим нь сууж, нөгөө хэсэг нь зогсож, чанга яригчийг ээлж дараалан ашиглан үзэл бодлоо илэрхийлж, улс оронд тулгамдаж буй асуудлыг хөндөв. 

   

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Жагсагчдын дэвшүүлж буй уриа, лоозон: "Өөрсдөө хэмнэ", "УИХ, Засгийн газар ил тод бай", "Яг одоо ч хэмнээд л явж байна", "Төр ажлаа хий", "Гараад ир, гарч ирээд уулз", "Монголдоо амьдрах боломж олго", "Эх орноосоо зугатах мөрөөдөлтэй баймааргүй байна" 

Ирээдүйнхээ төлөө оюутан залуучууд, залуу ээж аавууд жагсаалд өргөнөөр оролцож байна. 

"Тэвчих тусам давардаг"

Сэтгэгдэл