УИХ-ын чуулганы өчигдрийн хуралдаанаар Засгийн газраас өргөн барьсан Олон улсын хямралт нөхцөл байдлаас үүсэлтэй гол нэр төрлийн бараа, бүтээгдэхүүний хангамж нийлүүлэлтийн хомсдол, сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжлээ.
Хуулийн төсөлд дараах асуудлыг шийдвэрлэхээр тусгажээ. Үүнд:
Ч.Хүрэлбаатар: “Үнэ тогтворжуулах хөтөлбөр”-ийн алдааг давтах гээд байна
Зарим гишүүний хуулийн төсөлтэй холбогдуулан тавьсан асуулт, хариултыг тоймлон хүргэе.
Ч.Хүрэлбаатар: 2013-2016 онд хэрэгжүүлсэн “Үнэ тогтворжуулах хөтөлбөр”-ийн хэлбэрээр энэ төслийг бичжээ. Тавдугаар зүйлд нь Монголбанк тодорхой нэр төрлийн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэдэг, үүнтэй холбоотой үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүдэд мөнгө өгнө гэж заасан байна. Монголбанк мөнгөтэй юм уу? Татвар цуглуулагч биш, баялаг бүтээгч биш. Тус банк мөнгийг зөвхөн хэвлэж олгож байгаа. Ингэснээр 2013-2016 онд хэрэгжүүлсэн “Үнэ тогтворжуулах хөтөлбөр”-ийн алдааг давтах юм байна. Тэр хөтөлбөрт хийсэн ганцхан дүгнэлт нь энэ бол төсвийн үйл ажиллагаа байна гэж үзсэн байдаг. Аудит болон бусад байгууллагаас дүгнэсэн, уг алдаатай бодлогыг дахин давтах шаардлагагүй. Уг нь гурил, мах, шатахууны үйл ажиллагаа эрхлэгчдэд арилжааны банкаар дамжуулан зээл л олгох ёстой. Хүүгийнх нь зөрүүг төсвөөс олгочихно. Та нарын бодлогын эцэст үнэ хөөрөгдөх, валютын нөөц багасах, ханш нь унах эрсдэл улам нэмэгдэнэ. Төсвийн тодотголыг хийх шаардлагатай.
Б.Жавхлан: Төсвийн байнгын хорооны даргын хувьд ингэж болгоомжтой хандаж байгааг ойлгоно. Гэхдээ энэ хуулийн төслийн үр дүн нь маш чухал. Бид дунд, урт хугацааны зорилт тавиагүй. Аль болох богино хугацаанд үр дүн нь гарах ёстой. Эрсдэл гарахыг үгүйсгэхгүй. Мөнгө хэвлэнэ гэдэг нь байх ёстой хэмжээнээс илүү мөнгийг нийлүүлнэ гэсэн үг. Тиймээс энэ хуулийг хэрэгжүүлснээр мөнгө хэвлэх нөхцөлийг хаана. Төслийн бичгийн найруулгыг засъя. Тэгэхгүй бол буруу ойлгогдоод байна.
Ц.Анандбазар: “Цар тахлын хууль”-ийг баталсны үр дүн гарсан. Өнөөдөр хэлэлцэж байгаа асуудлыг ч бид дэмжих ёстой. Уул уурхай бол цаашид эдийн засгийн найдвартай, баттай салбар биш байна шүү гэдгийг ойлголоо. Харин жилийн дөрвөн улиралд хөдөө хөхөрч, гадаа гандаж байж өсгөдөг, малчдын хэдэн малын мах, тариланчдын ургуулдаг тариа, улаанбуудай л цаашид Монгол Улсыг тэжээх юм байна. Тиймээс хөдөө аж ахуйн салбарын хөрөнгө оруулалтыг сайжруулж, бодлогоор дэмжих ёстой. Айл бүр 0.7 га газартаа хүнсний ногоо тарьчихдаг болох ёстой.
Д.Сарангэрэл: Монголчуудаас шалтгаалахгүй, урьдчилан тооцоолоогүй нөхцөл байдал үүслээ. Засгийн газар хоёр жил гаруйн хугацаанд цар тахлын халдварын эсрэг амжилттай тэмцэж, үр дүнд хүрсэн. Ази тивд “улбар шар” зэрэглэлээс “шар” луу шилжсэн анхны улс нь манайх боллоо, өнөөдөр. Гурил, махны үнийг тогтвортой барьж, нөөц бүрдүүлье гэдэг арга хэмжээг авах гэж байна. Би үүнийг дэмжинэ. Засгийн газраас хэрэгжүүлж байгаа арга хэмжээ дунд шатанд замхардаг. Хөнгөлөлт авч, өөртөө давуу боломж бий болгочихоод эргээд янз бүрийн шалтаг хэлж, бидний хүрэх гээд байгаа зорилгыг хөсөрдүүлэх вий.
Б.Баттөмөр: 1939 онд дэлхийд их айхтар хямрал болсон гэсэн. Түүнээс хойших дараагийн том хямрал нүүрлэж байна. Өнгөрсөн 30 жилд бид өр үйлдвэрлэсэн. 33.2 тэрбум ам.долларын өртэй байна. Засгийн газрын өрийн хэмжээ ДНБ-ий 60 хувьтай тэнцэж байсан бол 50 хувь руу бууж байгаа. Энэ бол ололт. Ойрын хугацаанд төлөх өр бий. Тухайлбал, “Чингис” бондын 580 сая ам.доллар, “Самурай” бондын, БНХАУ-ын Хөгжлийн банкны гээд 2.3 их наяд төгрөгийн өрийг 2023 онд төлөх ёстой, бид.
Б.Жавхлан: Манай гадаад өрийн стратегийн гүйцэтгэл маш сайн байгаа. Бид Засгийн газрын өрийг огт нэмэгдүүлээгүй. Харин ч төсвийнхөө боломжид тааруулан жил бүр 200-300 сая ам.доллараар нийт өрийн хэмжээгээ бууруулж байгаа. Засгийн газрын нийт өр 8.2 тэрбум ам.доллар байна. Энэ нь ДНБ-ий хэмжээтэй харьцуулахад 51 хувьтай. Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасан, тусгай шаардлагын хязгаар буюу 70 хувиас хамаагүй доогуур 51 хувьтай байна. Ирэх дөрвөн жил бол Засгийн газрын өрийг төлөх хамгийн өндөр ачаалалтай үе. Дөрвөн тэрбум гаруй ам.доллар төлөх ёстой. Өнөөдрийн байдлаар үүнийг маш амижлттайгаар зохицуулж байгаа. Өнгөрсөн онд “Century” бондыг гаргаж, нэг тэрбум ам.доллар босгон, тулсан байсан хэд хэдэн өрийн төлөх хугацааг хойшлуулж, хүүг нь багасгаж, төсвийн дарамтыг бууруулж чадсан. “Чингис” бондын 140 сая ам.долларыг энэ оны эцэст төлснөөр тус бондын өр арилна. Ирэх жилд нэг эрсдэлтэй зүйл нь Хөгжлийн банкны төлөх “Самурай” бондын 30 гаруй тэрбум иен. Энэ бол Засгийн газрын баталгаатай өр. Тиймээс Засгийн газар төлөх эрсдэл үүснэ. Тиймээс Хөгжлийн банкны чанаргүй зээлийг төлүүлэх ёстой гэв.
Г.Занданшатар: “Оюутолгой” ХХК-иас дөрөвдүгээр сард багтаан 450 сая ам долларыг Монголд оруулж ирнэ
УИХ-ын дарга хуралдааны төгсгөлд цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан үг хэлсэн. Тэрбээр “Олон улсын хямралт нөхцөл байдлаас үүдэлтэй гол нэр төрлийн бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт, хомсдолоос сэргийлэх, сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийг Засгийн газар өргөн барьсныг УИХ яаралтай горимоор хэлэлцэж байна. Энэ хуулиар бензин шатахуун, гурил, мах зэрэг өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өсөх, хомсдол үүсэхээс сэргийлэх, шаардлагатай нөөцийг бүрдүүлэх зохицуулалтууд туссан. Гишүүдийн зүгээс эм, эмнэлгийн хэрэгсэл, бусад гол нэрийн стратегийн хүнсний бүтээгдэхүүнд татварын хөнгөлөлт үзүүлэх зэрэг олон чухал санал гаргасан. Энэ асуудалд анхаарч ажиллахыг Эдийн засгийн Байнгын хорооныхонд захъя. Түүнчлэн нэн тэргүүнд Монголбанк болон сайд нарын мэдээлэлд үндэслэж, нийгэмд зөв дохио, мэдээлэл хүргэх, валютын ханшийн эрсдэлийг бууруулах, нөөцийг нэмэгдүүлэх асуудалд зүй зохистой хүлээлт үүсгэх шаардлагатай” гэв.
Валютын ханшийн эрсдэлийг бууруулах, нөөцийг нэмэгдүүлэх зорилтыг хэрэгжүүлэх гол арга зам нь экспортыг нэмэгдүүлэх явдал гэдгийг УИХ-ын дарга онцлохын зэрэгцээ алт олборлолтыг нэмэгдүүлэх нь чухал тул энэ талаарх зохицуулалтыг хуулийн төсөлд тусгасан гэв.
“Оюутолгой” ХХК дөрөвдүгээр сард багтаан 450 сая ам долларыг Монголд оруулж ирж, 100 хувь Монголбанканд тушаан, валютын нөөцийн зузаатгал хийхээр ярилцаж байгааг дарга Г.Занданшатар тодотгоод,“Эрдэнэс Тавантолгой” ХК-нь 300 сая ам долларын гэрээ хийж байгаа, үүнийгээ Монголбанканд тушааж зузаатгал хийх хэрэгтэй гэсэн юм. Түүнчлэн “Эрдэнэт үйлдвэр”-т 50.000 гаруй тонн буюу 100 сая ам долларын баяжмал бэлэн байгааг яаралтай борлуулах арга хэмжээ авах шаардлагатай ч тэмдэглэв.