УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Засгийн газраас өргөн барьсан Олон улсын хямралт нөхцөл байдлаас үүсэлтэй гол нэр төрлийн бараа, бүтээгдэхүүний хангамж нийлүүлэлтийн хомсдол, сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжлээ.
Сангийн сайд Б.Жавхлан төслийн талаар танилцуулав. Коронавируст халдварын эсрэг вакцинжуулалтыг амжилттай хэрэгжүүлснээр 2022 онд дэлхийн эдийн засаг эргэн сэргэж, цар тахлын өмнөх эдийн засгийн идэвхжлийн түвшинд эргэн хүрэх боломжтой гэж олон улсын байгууллагууд төсөөлж байлаа. Гэвч 2022 оны хоёрдугаар сарын 24-нд ОХУ болон Украин Улсын зэвсэгт мөргөлдөөн эхэлснээр дэлхий нийтийн геополитик, эдийн засгийн нөхцөл байдалд урьдчилан тооцоолох боломжгүй хүндрэл үүсгээд байна.
“Эдийн засгийг 3.5 хувиар өсгөнө”
ОУВС, Дэлхийн банк зэрэг олон улсын байгууллага 2022 онд дэлхийн эдийн засгийн өсөлтийг 4.3 хувь орчимд хүрнэ гэж төсөөлж байсан боловч дээрх нөхцөл байдлаас шалтгаалан эдийн засгийн өсөлтийг бууруулан 3.5 орчимд тооцож байгааг Сангийн сайд танилцуулгадаа онцлов.
Мөн тэрбээр ОХУ-ын экспортын голлох бүтээгдэхүүн болох байгалийн хий, газрын тос, үр тарианы үнэ дэлхийн зах зээл дээр огцом өсөж, нийлүүлэлт тасалдах эрсдэл үүссэнээр импортлогч орнуудад шатахуун, эрчим хүч болон хүнсний бүтээгдэхүүний үнэд нөлөөлж байна. Улмаар БНХАУ-ын ургац 2022 онд буурч байгаатай холбогдуулан хүнсний нийлүүлэлтийн тасалдал гарч, дэлхий дахинд хүнсний бүтээгдэхүүний үнэ нэмэгдэх, хангамжийн хомсдол үүсэх эрсдэлийг нэмэгдүүлж байна. Иймд улс орнууд төсөв, мөнгөнийн бодлогыг уялдуулан дотоод нөөц боломжийг ашиглаж гол нэр төрлийн хүнс, газрын тосны бүтээгдэхүүнд дэмжлэг үзүүлэх, нийлүүлэлт хангамжийн хомсдол үүсэх эрсдэлээс сэргийлэх арга хэмжээг авч байгааг тодотгосон.
Нефть, мах, гурилын үнэд зохицуулалт хийх эрхийг олгоно гэв
Цар тахлын цаашдын төлөв байдал болон ОХУ болон Украин улсын зэвсэгт мөргөлдөөн, ОХУ-д тавьж буй эдийн засаг, худалдааны хоригуудын үргэлжлэх хугацаа, олон улсын эдийн засагт үзүүлэх нөлөөлөл тодорхой бус, нөхцөл байдал түргэн хугацаанд эрс өөрчлөгдөж байгаа энэ цаг үед богино хугацаанд ард иргэдийн амьдралд хамгийн их нөлөө үзүүлдэг газрын тосны бүтээгдэхүүн, мах, гурилын хомсдол үүсэх, үнэ өсөхөөс сэргийлэх, сөрөг нөлөөллийг бууруулж онцгой журмаар зохицуулалт хийх эрхийг хуулиар Засгийн газар, Монголбанканд олгох зайлшгүй шаардлага тулгараад байна.
Тиймээс Үндсэн хуулийн 5.4 дэх хэсэгт “Төр нь үндэсний эдийн засгийн аюулгүй байдал, аж ахуйн бүх хэвшлийн болон хүн амын нийгмийн хөгжлийг хангах зорилгод нийцүүлэн эдийн засгийг зохицуулна” гэж, Засгийн газрын тухай хуулийн 8.5 дахь хэсэгт Засгийн газар нь “Монгол Улсын эдийн засгийн аюулгүй байдлыг хангах арга хэмжээ авч хэрэгжүүлнэ” гэж тус тус заасныг үндэслэн уг хуулийн төслийг боловсруулсныг Б.Жавхлан сайд танилцуулгадаа тодотгосон.
Хуулийн төсөлд дараах асуудлыг шийдвэрлэхээр тусгажээ. Үүнд:
Гишүүд хуулийн төслийг дэмжиж байгаагаа илэрхийлэхийн зэрэгцээ санал хэлж, байр сууриа илэрхийллээ. Тухайлбал, УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар хуулийн төслийг цаг алдан, оройтуулан өргөн мэдүүлж байгааг тодотгоод, цаашид үе үеийн Засгийн газар төсвийн санхүү, мөнгийг үр ашигттай зарцуулдаг тогтолцоог бүрдүүлэхэд анхаарч ажиллах шаардлагатай гэв.
Харин УИХ-ын гишүүн Х.Болорчулуун “Хуулийн төсөлд гурил үйлдвэрлэгч аж ахуйн нэгжид эргэлтийн хөрөнгөд шаардагдах хөнгөлөлттэй санхүүжилтийг олгохдоо импортыг дэмжсэн бус, дотоодын үйлдвэрлэгч, тариаланчдаа дэмжсэн шалгуурыг тусгах шаардлагатай” гэсэн юм.
Мөн УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ “Хэлэлцүүлгийн явцад хуулийн төслийн хүрээнд дэмжлэг үзүүлэх санхүүжилтийн нийт дүн болон банкаар дамжуулан олгох зээлүүдийн татаас хэдэн хувьтай байх, ямар хэмжээний дэмжлэг үзүүлэх зэрэг асуудлыг төсөлд нарийвчлан тусгах шаардлагатай” гэж байв.