Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн онцлох мэдэгдлүүдийг жагсаав
2022-04-05

               Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Олон улсын хямралт нөхцөл байдлаас үүсэлтэй гол нэр төрлийн бараа, бүтээгдэхүүний хангамж нийлүүлэлтийн хомсдол, сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн төслийг УИХ-ын дарга Г.Занданшатарт өнөөдөр өргөн барилаа. Дараа нь уг хуулийн төсөлд тусгасан зохицуулалт болон нийгэм, эдийн засгийн зарим асуудалтай холбоотойгоор мэдээлэл хийж, сэтгүүлчдийн асуултад хариулав.

                 Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ дараах онцлох мэдээллийг өгч, олон нийтийн анхаарлыг татсан асуудлаар тодорхой мэдэгдэл хийж, байр сууриа илэрхийлэв. Үүнд

  • Манай хоёр хөрш болон бүс нутгийн хэмжээнд цар тахлын дараагийн томоохон давлагаа эхэлж байна. Тиймээс вакцины дөрөвдүгээр тунг хийх бэлтгэлийг хангах хэрэгтэй.
  • Хоёр хөрштэйгээ хуурай замаар хиллэдэг, далайд гарцгүй манай улсад тээвэр, ложистикийн томоохон хүндрэл үүсэж болзошгүй байна.
  • Дээрх хуулийн төслийг баталснаар мах, гурил, газрын тос зэрэг гол нэрийн бараа бүтээгдэхүүний үнэд Засгийн газар зохицуулалт хийх шаардлагатай нөхцөл байдал үүслээ.
  • Хөгжлийн банкнаас зээл авсан ямар компаниудын ард хэн хэн буй нь өдрөөс өдөрт ил болсоор байна. Тус банканд “Чингис” бондын 1.5 тэрбум ам.доллар, “Самурай” бондын 30 тэрбум иен, өөрийн босгосон 580 сая ам.доллар төвлөрсөн. Ийм үед нь буюу 2012 онд Засгийн газраас 179 дүгээр тогтоол баталж, Бодлогын зөвлөл байгуулсан. Энэ нь тэнд ажиллаж байсан гадаадын мэргэжилтнүүдийг “явуулж”, улстөрчид тус банкны ТУЗ-д орж ажилласнаар хөрөнгийг нь хуваагаад л авсан гэсэн үг. ТУЗ-ийн дарга нь Ерөнхий сайд болж, бүх сайдыг багтаан, төдөн төгрөгийг тэр гишүүн, тэр компанийн захиралд өг гэдэг л схем бүтээсэн.
  • “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувь, Оюутолгойн “Дубайн гэрээ”-тэй холбогдсон бүлэглэл Хөгжлийн банк дээр ч “ажилласан”.  
  • УИХ-ын гишүүн Б.Баттөмөрийн зарласан, Хөгжлийн банкны зээлтэй холбоотой гэх 20 улстөрч бол мөсөн уулын дөнгөж орой нь. “Хөтөл” цемент шохойн үйлдвэрийг төрийн мэдэлд авахад ямар хүмүүс “цочиж” байна, тэд л үүний ард байгаа гэдгийг ойлгоорой.
  • Цаашид “Эрдэнэс Монгол” ХХК-тай холбоотой асуудлыг гаргаж тавина. Тус компанид маш олон охин компани бий. Тус бүртээ ТУЗ-тэй. Тэнд төрөөс гадуур хяналтгүй, маш их хэмжээний мөнгө эргэлдэж байгаа.
  • Сүүлийн 17-20 жилийн хугацаанд Тавантолгойн ордын уурхайн ам дээрх 60 орчим ам.долларын ханштай нүүрс хилийн цаана очихдоо 120-180 ам.долларт хүрдэг байсан. 60-70 ам.долларыг дундаас нь завшиж байсан бүлэглэлийг илрүүлэх ажлын хэсгийг байгуулсан. Зөвхөн энэ далд эдийн засгийг цэгцлэхэд Монгол Улсын ДНБ-ий хэмжээ хоёр дахин тэлэхээр байгаа. Тэнд маш их хэмжээний автомашин бий. Үүнтэй парламентын нэр бүхий тухайлбал, А.Адъяасүрэн тэргүүтэй гишүүд холбоотой.
  • Татвар төлдөггүй, далд эдийн засаг Гашуунсухайтын төмөр замыг 10 жилийн турш гацаасан. Яагаад гэвэл тэдэнд ашигтай байсан учраас.
  • Би огцрохоос хэзээ ч айхгүй. Харин ийм зүйлтэй эвлэрээд улс төрийн үхдэл болохоос айж байна.
  • Төрийн өмчит үйлдвэрийн газруудыг цэгцлэх цаг болсон. Ийм асуудлуудыг шийдвэл манай улсын авлигын индекс хоёр оронтой тоонд орж, гадаадын хөрөнгө оруулагчдыг татах итгэлцэл үүснэ.
  • Монголбанкны ерөнхийлөгч болъё гээд УИХ-ын гишүүд дээр очиж байгаа нөхдүүдийг дуулсан. Амбицаа татаж сураарай. Ийм нөхцөл үүсчихээд байхад албан тушаалын дон шүглэх хэрэггүй гэдгийг хатуухан хэлье. Төвбанкны ерөнхийлөгч огцрохгүй.
  • Манай улс халамж, тэтгэвэр, цалинд нэг жилд 6-7 их наяд төгрөг зарцуулдаг.
  • Ерөнхийлөгч асан Х.Баттулгыг зөвлөхөөс чөлөөлсөн. Зөвлөх болсон шалтгаан нь олимптой холбоотой байсан. 
  • Монголбанк валютын нөөц бүрдүүлэхэд шаардлагатай дэмжлэгийг Засгийн газраас үзүүлнэ. Зарим валютын төрлийн төлбөр тооцоонд тодорхой хэмжээнд хязгаарлалт хийх, валютыг хилээр гаргахад Засгийн газраас хяналт тавих зайлшгүй шаардлага үүссэн.
  • Валютын нөөц бүрдүүлэх зорилгоор зарим томоохон төслүүдийн хөрөнгө оруулалтыг татан авах хугацааг наашлуулах хэлэлцээрийг Засгийн газраас хийхээр төлөвлөлөө.
  • “Цар тахлын хууль”-ийг хэрэгжүүлээгүй, Засгийн газар төсвөө дотооддоо шийдэж чаддаг байгаагүй бол вакцинжуулалт ийм түвшинд хүрэхгүй байсан. Багадаа 3-4 удаа төсөвт тодотгол хийх байсан.  Шаардлагатай эрүүл мэндийн тоног төхөөрөмжийг худалдан авч чадахгүй байсан. Энэ хууль нь багадаа 30-40 мянган хүний алтан амийг аварсан.
  • Өнөөдрийн нөхцөл байдлын 70-аас дээш хувь нь биднээс хамаарахгүй зүйл. Хилийн чанад дахь нөхцөл байдлыг өөрчлөх боломжгүй учир хүчин мөхөсдөж байгаа тал бий. Тиймээс Монгол Улсын үндэсний аюулгүй байдал, тусгаар тогтнолтой холбоотой, олон улсын тавцанд ч туйлын эгзэгтэй, нэн амаргүй байгаа цаг үеийг бодолцож, эв нэгдэлтэй, нэгдмэл байдлаар Засгийн газартай хамтарч ажиллахыг хичээнгүйлэн хүсэж байна.
  • Хэзээ ч болохгүй гэж бодож байсан “Хүйтэн дайн”-ы уур амьсгал эргэн сэргэлээ. Дэлхийн геополитикийн хүчний харьцаанд амаргүй өөрчлөлт орж байна.
  • БНХАУ, ОХУ, Япон болон бусад улсад манай хуурай замын болон агаарын хил нээлттэй байгаа. Ирэх тав, зургадугаар сард жуулчдыг хүлээж авахад аялал жуулчлалын компанийнхан бэлтгэлээ хангасан. Олон улсад хийх сурталчилгаа, эдийн засгийг сэргээх алхмуудаасаа Засгийн газар ухрахгүй.
  • Шатахуун, эрчим хүч, нүүрс экспортын хувьд хоёр хөршөөсөө хамааралтай байгааг цаашид аль болох багасгах зайлшгүй шаардлагатай.

 

Сэтгэгдэл