УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар гишүүн Т.Энхтүвшин нарын өргөн барьсан Зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ. Хууль санаачлагч төслийнхөө танилцуулгад дараах онцлох зохицуулалтыг тусгаснаа дурдав.
"Зөрчилд хариуцлага ногдуулдаг 30 байгууллага, 10 мянган албан тушаалтан бий”
Гишүүд төсөлтэй холбогдуулан ямар асуулт тавьж, байр сууриа илэрхийлснийг тоймлон хүргэе.
Л.Мөнхбаатар: Хуулийн төсөлтэй танилцлаа. Зөрчилд ногдуулах шийтгэлийн төрлийг нэмж, сануулах шийтгэл хүлээлгэх юм байна. Мөн зарим төрлийн зөрчлийг нэмж, хасахаар тусгажээ. Ер нь Зөрчлийн тухай хуульд концепцын шинжтэй өөрчлөлт хийх зайлшгүй шаардлагатай болсон. Хуулийг хэрэгжүүлсэн таван жилийн хугацаанд найман сая гаруй зөрчилд хариуцлага ногдуулсан байна лээ. Хор хөнөөл багатай, зөрчилд тооцох шаардлагагүй төрлийг гэмт хэрэг гэж үздэгээс болоод энэ тоо ийм их байгаа. Заавал шийтгэл ногдуулах талыг хэт баримталсан зохицулалттай гэх асуудал бий. Нөгөө талаас нийгмийн бүх асуудлыг хариуцлагатай, эмх цэгцтэй байлгах үүднээс цар хүрээг нь ингэж өргөн тусгаснаас болоод байгууллагын өөрөө хариуцах асуудлыг ч зөрчил гэж үзэн шалган шийдвэрлэх нь бий. Түүнчлэн хуулиудын төгсгөл дэх хариуцлага ногдуулах хэсгийг Зөрчлийн тухай хуулийн дагуу шийдвэрлэдэгтэй ч холбоотой. Зөрчил гэдгийг ямар хүрээнд хэрхэн тодорхойлсноос их зүйл шалтгаална. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд цаашид өөрчлөлт оруулах хэрэгтэй. Зөрчлийн хуулийн дагуу хариуцлага ногдуулдаг 30 гаруй байгууллага, 10 мянга орчим албан тушаалтан бий.
“Бичиг баримтгүй мөртлөө бүгдээрээ мотоцикл унаад явж байдаг”
Б.Энхбаяр: Зөрчлийн тухай хуулийг “хадна мангаа” гэж ойлгодог. Гэтэл энэ нь нийгэмд дэг журам тогтоох зорилготой. Замын хөдөлгөөний дүрмийг маш ихээр зөрчвөл нэг цагийн дараа Улаанбаатар хотын замын хөдөлгөөн таг зогсоно. Согтуугаар машин жолоодож, хурдаа хэтрүүлнэ. Ингэж амьдрах юм уу, үгүй. Сахилгагүй хүнд хазаар хэрэгтэй. Зөрчлийн тухай хуулиар хэдэн тэрбум төгрөгийн торгууль ногдуулсан гэж яриад байна. Энэ бол ерөөсөө л замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн жолооч нарын л асуудал. Хэв журам тогтоох хуулийг тогтвортой мөрдүүлж байж хүмүүст дадал тогтоно. Манайд хот, хөдөөгийн их том ялгаа ажиглагдаж байна. Хотод мөрдүүлж байгаа хэв журам хөдөөд болохоор тохирохгүй гэх мэт. Бичиг баримтгүй тээврийн хэрэгсэл жолоодож байгаа хүмүүст эхний ээлжид сануулъя гэх юм. Хөдөө, орон нутагт бичиг баримтгүй мөртлөө бүгдээрээ мотоцикл унаад явж байдаг. Гэтэл хотод ингэвэл сануулах биш, шууд торгох ёстой. Хэлэлцэж байгаа төсөлд дэмжмээр заалт бий. Тухайлбал, “Явган хүний зорчих зам гаргаагүй барилгын гадна талбайн зорчих хэсгийг өвлийн нөхцөлд хальтирч гулгах материалаар хийсэн бол зөрчилд тооцно” гэдгийг дэмжиж байна. Өвлийн улиралд настай хүн бүү хэл залуучууд ч явж чадахгүй, коток шиг замуудтай болсон. Энэ заалтыг яаж хэрэгжүүлэх вэ. Одоо барьсан байгаа замыг хуулах юм уу.
“Автомашины улсын дугаар нь харагдахгүй болсон зэрэг нь нийт зөрчлийн 90 хувийг эзэлдэг”
Д.Ганболд: Зөрчлийн тухай хуулийг урт хугацаанд тогтвортой мөрдөж байж зөрчлийн хэмжээ буурах ёстой юу гэвэл эсрэгээрээ байна. Таван жилийн хугацаанд нэмэгдсээр ирсэн. 2020 оны байдлаар зөрчил үйлдэгчдэд 170 орчим тэрбум төгрөгийн торгууль ногдуулсан байх жишээтэй. Үүний тал хувийг нь төлөөгүй л байна. Хот, хөдөөгийн ялгаа бийг бид ойлгож байгаа. Бусад улс оронд зөрчлийн хуулийг гаргахын өмнө сануулах арга хэмжээг бүтэн жилийн турш хэрэгжүүлдэг. Зөрчил үйлдвэл “Та зөрчил гаргалаа. Хэрэв ирэх жилээс хууль мөрдөгдөж эхэлбэл ийм хэмжээний мөнгөөр торгуулна” гэж хэлж сануулдаг. Бичиг баримтгүйгээр тээврийн хэрэгсэл жолоодсон, суудлын бүсээ зүүгээгүй, автомашины улсын дугаар нь харагдахгүй болсон зэрэгт ногдуулсан торгууль нь нийт зөрчлийн 90 хувийг эзэлж байна. Тиймээс ийм төрлийн зөрчлүүдэд эхний удаа сануулах, дараа нь торгох нь зүйтэй гэж үзсэн. Сануулсныг яаж мэдэх вэ гэхээр Тээврийн цагдаагийн албаны бүртгэлийн системд суурилан үүнийг бүртгэлжүүлэх боломжтой. Мөн нэг төрлийн зөрчилд олон хариуцлага ногдуулж байна. Тухайлбал, жолоодох эрхийг нь тодорхой жилээр хассан бол давхар торгох шаардлагагүй. Ийм тохиолдолд зөвхөн жолоодох эрхийг нь хасаж, торгохгүй байх хэрэгтэй. Энэ хуулийг хэрэгжүүлж эхэлснээс хойш зам, талбайг хальтирч гулгах материалаар хийсэн бол торгоно. Үүнээс өмнө нь хийсэн зам, талбайн тухайд хэрхэхийг Улаанбаатар хотын захирагч шийднэ.
“Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Засгийн газар боловсруулсан”
С.Амарсайхан: Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Засгийн газар боловсруулж, өргөн барихад бэлэн болсон. Тэгэхээр одоо хэлэлцэж байгаа хуулийн төсөлтэй нэгтгэн хэлэлцэж, нэг мөр шинэчлэх хэрэгтэй. Зөрчлийн тухай хуулийн дагуу хариуцлага хүлээсэн байдлын талаарх статистикийг харахаар 96 хувь нь иргэн, гурав орчим хувь нь аж ахуйн нэгжүүд байдаг. Нийт зөрчлийн 95 хувь нь замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөнтэй холбоотой байна. Тэгэхээр цаашид ямар хэргийг зөрчилд тооцох вэ гэдгийг маш тодорхой болгох шаардлагатай.
Б.Дэлгэрсайхан: Торгуулиа хугацаанд нь төлөөгүй бол хүү нэмж тооцож төлүүлдэг болох хэрэгтэй.
Б.Энхбаяр: Жагсаал, цуглааныг зөвшөөрөлгүй хийвэл сануулна гэнэ. Үүнийг торгодог байх ёстой. Байгууллага, зориулалтын бус газар тамхи татсан, олон нийтийн газарт бие зассан, хүний гэрт зөвшөөрөлгүйгээр зураг дарсан, машин жолоодож байхдаа хурд хэтрүүлсэн, гар утсаараа ярьсан, цэргийн зарлан ирсэн ч очихгүй бол сануулъя гэнэ. Энэ бол болохгүй зүйл, торгох ёстой. Яагаад торгоод байна вэ гэвэл хүний амь нас хамгаалж байгаа асуудал шүү дээ. Зөрчлийн тухай хууль нь гэмт хэргээс урьдчилан сэргийлдэг гэв.
Дараа нь санал хураалт явуулахад Зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг байнгын хорооны гишүүдийн олонх дэмжлээ.