Хөгжлийн банкны “но”-г хэлэлцсэн хяналтын сонсголтой долоо хоног
2022-04-03

               УИХ-аас өнгөрсөн долоо хоногт Хөгжлийн банкны асуудлаар ерөнхий хяналтын нээлттэй сонсгол зохион байгууллаа. Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилтэд хяналт тавьж, шалгалт хийсэн талаарх холбогдох эрх бүхий байгууллагуудын тайлан, мэдээлэлтэй танилцах зорилготой уг сонсголыг УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ удирдан явуулав.        

             Хөгжлийн банкийг шалгах ажлын хэсгийн ахлагчаар ажилласан Б.Баттөмөр гишүүн тайлан, мэдээллээ сонсголын эхэнд танилцуулсан. Тэрбээр “Хөгжлийн банканд 2015-2021 онд төрөөс бие даасан зургаа, хамтарсан дөрвөн удаагийн хяналт шалгалт хийсэн ч эдгээрийн мөрөөр авч хэрэгжүүлэх арга хэмжээг тухай бүрд нь хэрэгжүүлээгүйгээс үүдэн өнөөдрийн олон асуудал хуримтлагдсан хэмээн үзэж буй”-гаа хэлсэн юм.

“19 зээлдэгчийн зээлийн зориулалт бүрэн бус, харин 18 зээлдэгчийн зээлийн зориулалт нотлогдоогүй байгаа”

         Тус банк нь 101 төслийг 3.2 их наяд төгрөгөөр шууд санхүүжүүлжээ. Харин 2540 төсөлд 1.6 их наяд төгрөгийг дамжуулан зээлдүүлж, улсын төсвөөс эргэн төлөгдөх нөхцөлтэйгөөр 391 төсөлд 2.5 их наяд төгрөгийн зээл олгосон байна. 2012-2016 онд 1.6 их наяд төгрөгийн зээл олгосноос 1.4 их наяд төгрөг нь чанаргүй зээл, 180 тэрбум төгрөг нь чанартай зээл байсан аж. Тодруулбал, Б.Батжаргал, Б.Батбаяр, Ким Жан Жин нарыг захирлаар ажиллаж байх үед ‘Хөтөл”, ТОСК зэрэг аж ахуйн нэгжид зээл олгосон бол Б.Шинэбаатар, Ж.Мөнхбат нарыг удирдлагаар ажиллаж байх үед буюу 2016 онд “Эрэл”, QSC, ТОСК, “Бэрэн”, МАК цемент, “Монполимет”-эд, мөн Б.Даажамба, М.Баярмагнай, Б.Батбаяр нарыг удирдлагаар ажиллаж байх үед НВЦ, “Монгол драй милк” гэсэн аж ахуйн нэгжид зээл олгосон байна.

          Харин 2017-2021 онд 1.6 их наяд төгрөгийн 56 зээл олгосноос 544 тэрбум нь төгрөгийн зээл нь чанаргүй ангилалд байгаа аж. Г.Амартүвшин тус банкийг удирдаж байх үед зургаа, Н.Мөнхсүхийг удирдаж байх үед хоёр зээл олгосон бол одоогийн удирдлагын багийн үед зээл олгох шийдвэр огт гараагүй гэдгийг гишүүн Б.Баттөмөр мэдээлсэн. 

            11 зээлдэгчийн 842.8 тэрбум төгрөгийн зээл нэг хүртэл, 12 зээлдэгчийн 387.8 тэрбум төгрөгийн зээл 1-2, 16 зээлдэгчийн 386.1 тэрбум төгрөгийн зээл 2-3, 20 зээлдэгчийн 1.09 их наяд төгрөгийн зээл гурваас дээш жилээр хугацаа хэтэрсэн байгаа гэнэ. Харин 12 зээлдэгчийн 486.1 тэрбум төгрөгийн дүн бүхий зээлийг хэвийн горимоор төлж байгаа гэнэ.

           Нийт зээлдэгчийн 43 хувь нь буюу 28 зээлдэгч зээлээ зориулалтын дагуу ашигласан бол 19 зээлдэгчийн зээлийн зориулалт бүрэн бус, харин 18 зээлдэгчийн зээлийн зориулалт нотлогдоогүй байгааг танилцуулгад дурдсан. Мөн 2022 оны гуравдугаар сарын 28-ны байдлаар 126.6 тэрбум төгрөгийн зээлийг эргэн төлсөн байна.

Б.Баттөмөр: Зээл авсан ч эзэн нь олдохгүй нэг компани бий

           Хөгжлийн банкны захирал Н.Мандуулын мэдээлснээр тус банкны цаашдын хэвийн үйл ажиллагааг хангахын тулд энэ онд багтаан нийт 2.2 их наяд төгрөгийн зээлд арга хэмжээ авах шаардлагатай аж. Тодруулбал, үүний 1/3 нь буюу 762.6 тэрбум төгрөгийн зээл нь төрийн өмчит аж ахуйн нэгжүүдэд олгосон төсвийн шинж чанартай багц байгаа бол 496.5 тэрбум төгрөг нь “Хөтөл”, “Кью Эс Си” ХХК-д, үлдсэн 986 тэрбум төгрөг нь бусад аж ахуйн нэгжид олгосон бизнесийн зээл юм байна.

         Хөгжлийн банкнаас “Сэлэнгийн герефорд” нэртэй компани зээл авсан ч өнөөдрийг хүртэл тус компанийн эзэн нь олдохгүй, хэдэн үхэр үлдсэн байгаа аж. Тиймээс үүнийг АТГ-т шалгуулж, эзнийг нь тодруулж, зээлийг нь эргэн төлүүлэх ёстойг ажлын хэсгийн ахлагч Б.Баттөмөр хэлсэн. Мөн  дараах 20 улстөрчийг АТГ-т шалгуулж, зээл олгоход улс төрийн нөлөө, хамаарал байсан, эсэхийг шалгуулахыг анхааруулсан. Үүнд   

1. Монгол Улсын Ерөнхийлөгч асан Х.Баттулга – Хөтөл ХХК, ТОСК “Шинэ яармаг” төсөл

2. УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг - Кью Эс Си ХХК /Тус компанид давуу эрх олгосон/

3. УИХ-ын гишүүн С.Бямбацогт -  Вестерн холд ХХК /Төсөл нь сайн хэрэгжиж байгаа бөгөөд гүйцэтгэл 70 хувьтай байна/

4. УИХ-ын гишүүн Г. Амартүвшин - Вертекс майнинг ХХК

5. УИХ-ын гишүүн Х.Ганхуяг - Вертекс майнинг ХХК

6. УИХ-ын гишүүн Г.Дамдинням - Вертекс майнинг ХХК

7. УИХ-ын гишүүн асан М.Билэгт - Ачлал трейд ХХК, Монлаа ХХК 

8. УИХ-ын гишүүн асан А.Сүхбат - Түгээмэл түмэн хишиг ХХК

9. УИХ-ын гишүүн асан Ш.Шаравдорж - Шанхмайнинг ХХК

10. УИХ-ын гишүүн Б.Ундармаа - Капитал банк, Монгол эм импекс концерн ХХК

11. Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг - Хөгжлийн банк, Хөтөл ХХК, Кью Эс Си  ХХК

12. УИХ-ын гишүүн асан Ц.Гарамжав - Монполимент ХХК

13. ҮАГ-ын дарга асан  Д.Хүрэлбаатар - Эрд хул ХХК

14. ЗТХЯ-ны дэд сайд асан Ш.Лхамсүрэн - Мондулаан ХХК

15. УИХ-ын гишүүн асан Н.Номтойбаяр - МАК цемент ХХК

16. УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан - Монгаме ХХК

17. Сангийн дэд сайд асан С.Пүрэв - Энсада истерн ХХК

18. УИХ-ын гишүүн асан Б.Элдэв-Очир - Изинис эйрвэйз ХХК

19. ТЕГ-ын дарга асан Б.Хурц - Изинис эйрвэйз ХХК

20. ЭЗХ-ийн сайд асан Н.Батбаяр

Улстөрчид нэгнээ “илчлэв” үү

           Хөгжлийн банкнаас зээл авсан зарим аж ахуйн нэгж төслийн явц, үйл ажиллагаа, зээлийн эргэн төлөлт, үүссэн хүндрэл бэрхшээлийнхээ талаар товч мэдээлэл өгсний дараа сонсголд оролцсон УИХ-ын гишүүд уг асуудалтай холбогдуулж, асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн.

 

 

 

 

         

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Энэ явцад УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар гишүүн Н.Алтанхуягийн талаар, УИХ-ын гишүүн Х.Ганхуяг ажлын хэсгийн ахлагч Б.Баттөмөрийн тухайд сонирхол татахуйц мэдэгдэл хийсэн нь олны анхаарлыг татсан. Товчхон хэлбэл, гишүүн Ч.Хүрэлбаатар “Н.Алтанхуягийн Засгийн газрын үед Хөгжлийн банкнаас олгосон гурван их наяд төгрөгийн чанаргүй зээл улсын төсөвт “орж ирсэн”. Үүнд “Хөтөл” ХХК, “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-т олгосон зээл багтсан. Хөгжлийн банк зээл олгохдоо УИХ, Засгийн газарт танилцуулдаг. Санхүүжүүлэх хөтөлбөрийг УИХ, Засгийн газар тусгайлан батлахгүй ч үйл ажиллагааг нь үргэлж хянаж, оролцож байх эрхтэй. Тийм учраас Засгийн удирдлага үүнд оролцоогүй, цаашлаад мэдээгүй байх ямар ч үндэслэлгүй” гээд, Н.Алтанхуягийг хариуцлагаас булзаж байгааг хөндсөн юм.  

           УИХ-ын гишүүн Х.Ганхуягийн хамаарал бүхий “Вертекс майнинг ХХК”-д зээл олгосон нь улс төрийн нөлөөтэй байж болзошгүйг ажлын хэсгийн ахлагч Б.Баттөмөр зарласан. Үүнд Х.Ганхуяг гишүүн “шаралхаж”, гишүүн Б.Баттөмөрийг Хөгжлийн банкнаас зээл авсан “Бэрэн” группийн ТУЗ-ийн гишүүн учир ажлын хэсгийн ахлагчаар ажиллахад ашиг сонирхлын зөрчилтэй, түүнчлэн АТГ-т ч шалгуулах ёстой албан тушаалтны нэг гэдгийг тодотгосон.    

 

 

 

 

 

 

 

 

 

ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдорж сайд нарыг өмөөрөв

        Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийн тухайн жилийн гүйцэтгэлийн явц болон Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 2021 оны хэрэгжилтийг өнгөрсөн пүрэв гарагт УИХ-аар хэлэлцэв. Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг 74.5 хувьтай хэрэгжүүлсэн гэж Сангийн сайд Б.Жавхлан танилцуулсан. Уг хөтөлбөрийн хэрэгжилтэд тусгасан ажлуудыг “90, 95, 100 хувьтай хэрэгжүүлсэн” гэж бичсэнийг гишүүд уншаад, буруу дүгнэсэн, тоогоор бус, бодит үр дүнгээр хэмжих ёстой гэж хатуухан шүүмжилсэн билээ. Харин ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдорж энэ үеэр сайд нарыг өмөөрч, “Гишүүд сайд нарыг загнадгаа болих хэрэгтэй” гэсэн юм.                  

            Чуулганы баасан гаргийн хуралдаанаар эрдэс баялгийн салбарын бодлого, шинэчлэлийн талаар УУХҮ-ийн сайд Г.Ёндон танилцуулга хийсэн. Хилийн боомтын хүчин чадлыг нэмэгдүүлэх, Газрын багц хуулийг шинэчлэн батлуулах, холбогдох үйлдвэрүүдийг өргөтгөх, барих ажлыг эрчимжүүлэх, уул уурхайн экспортыг нэмэгдүүлэх, хайгуулын тусгай зөвшөөрлийг нэмэх чиглэлээр ажиллаж байгаагаа энэ үеэр онцолсон.   

 

 

Сэтгэгдэл