УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаан эхлэхийн өмнө УИХ-ын гишүүн Х.Булгантуяа “Өсвөрийн парламент” хөтөлбөрийн оролцогч 90 хүүхдээс ирүүлсэн хүсэлтийг уламжиллаа. Тус хөтөлбөрийн оролцогчид өвлийн амралтаараа дотор орчны агаарын чанарын талаар, түүний эрүүл мэндэд үзүүлэх нөлөөллийн талаар хэлэлцүүлэг зохион байгуулжээ.
Хүн амьдралынхаа 90 хувийг дотор орчинд өнгөрүүлдэг, ялангуяа хүүхдүүд сургууль, цэцэрлэгтээ өдөр тутам 5-10 цагийн турш байдаг аж. Улаанбаатар хотод хүн амын төвлөрөл их, эмнэлэг, сургууль, цэцэрлэгийн хүртээмж багаас үүдэлтэйгээр танхимын ачаалал зохих хэмжээнээс 2-4 дахин их байдаг гэнэ. Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, “Ногоон титэм” компани хамтран 2019 онд нийслэлийн айл, сургууль, цэцэрлэг, эмнэлэг, албан байгууллага гэх зэрэг 75 нэгжээс 265 сорьц цуглуулан дээжид нь дэгдэмхий органик нэгдлүүдийн хэмжилт хийжээ. Үүний үр дүнд зарим төрлийн органик нэгдэл нь ДЭМБ, Хөдөлмөр аюулгүй байдал, Эрүүл мэндийн үндэсний хүрээлэнгийн зөвлөмжид зааснаас хавьгүй илүү байгааг тогтоосон аж. Эдгээр хорт нэгдлийн үүсэх шалтгаан нь дотор орчинд ашиглаж буй барилгын материал, тэр дундаа будаг, өрөө тусгаарлалтын хана, хивс, хивсэнцэр гэх зэргээс дэгддэг байна.
Цар тахлын өмнө үед манай улс жилдээ 599 сая ам.долларын барилгын материал импортолж байсны 99 хувь нь хилийн хяналтад хамрагддаггүй байна. Чанар, стандартын шаардлага хангахгүй барилгын материалаас ялгарч буй хорт органик нэгдлүүдээс шалтгаалж сульдах, амархан ядрах, толгой өвдөх, нүд, хамар, ам загтнах зэрэг сөрөг нөлөөтэй байдаг. Цаашлаад багтраа, зүрх судасны өвчин, хавдрын суурь шалтгаан болох эрсдэлтэй. 2021 оны байдлаар Монгол Улсад нийтдээ 24 мянган хүн хорт хавдар өвчнөөр өвчилж, эмнэлгийн хяналтад байдаг ба үүнд 19-өөс доош насны хүүхдүүд 456 бий аж. Зөвхөн өнгөрсөн онд 115 хүүхэд шинээр хорт хавдар өвчний онош тогтоолгосон байна. Хорт хавдрын өвчлөл жилээс жилд нэмэгдэж байгаа энэ цаг үед 21 аймаг, есөн дүүргийн төлөөлөл болсон “Өсвөрийн парламент” хөтөлбөрийн оролцогч хүүхдүүдээс “Агаарын бохирдол бол чимээгүй тахал юм. Тиймээс нэн тэргүүнд хүүхдүүдийн хамгийн их цагаа өнгөрүүлдэг сургууль, цэцэрлэг, эмнэлэг гэх мэт барилга, байгууламжийг бүтээхэд, сэргээн завсарлахад ашиглаж буй барилгын материалын чанар, стандарт, агаар сэлгэлтийг сайжруулахад УИХ-ын гишүүд, Засгийн газрын гишүүд болон насанд хүрэгчид, шийдвэр гаргачдаас энэ асуудлыг анхааралдаа авч шийдвэрлэж өгнө үү” гэдэг хүсэлт гаргасныг гишүүн Х.Булгантуяа хэллээ.
Уг асуудлаар найман гишүүний хамт нээлттэй сонсгол зохион байгуулах, мөн холбогдох хуулийн төслийг боловсруулах боломжтойг УИХ-ын дарга Г.Занданшатар онцлоод, хүүхэд, залуусын төлөөллийн саналыг уламжилсанд талархлаа илэрхийлэв.