"Нийгмийн даатгалын шимтгэл төлсөн тав биш, долоон жилийн дунджаар нь тооцож, тэтгэвэр тогтоолгоё"
2022-03-31

         УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхлэхийн өмнө хэлэлцэх асуудалтай холбоотойгоор УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг, Б.Пүрэвдорж нар үг хэллээ. Нэгдүгээрт, эдийн засгийн нөхцөл байдал, бараа, бүтээгдэхүүний үнийн өсөлтийн эсрэг хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар Ерөнхий сайд УИХ-д танилцуулга, мэдээлэл өгөх, хоёрдугаарт, газар олгох, чөлөөлөхтэй холбоотой мэдээллийг хариуцсан албан тушаалтнаас нь сонсох, гуравдугаарт, “Эрдэнэт үйлдвэр”-ийн технологид тохирдоггүй хүдрийн овоолгыг ашиглах тухай УИХ-ын тогтоолын төслийг өргөн барих хугацааг товлож өгөхийг гишүүн Н.Алтанхуяг хэлсэн.

            Мөн гишүүн Б.Пүрэвдорж “Нийгмийн даатгалын шимтгэл төлсөн тав биш, долоон жилийн дунджаар нь тооцож, тэтгэвэр тогтоолгох зохицуулалттай миний өргөн барьсан хуулийн төслийг хэлэлцэх шаардлагатай байна. Хэрэв дөрөвдүгээр сард энэ асуудлыг хэлэлцэхгүй бол УИХ-ын дарга Г.Занданшатарын сонгогдсон тойрогт очиж, жагсаал зохион байгуулна. Ерөнхий сайдын, түүнчлэн Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга М.Оюунчимэг гишүүний тойрогт очиж, жагсаал хийнэ. Нийгмийн даатгалын багц хуулийг хүлээгээд нэмэргүй” гэв.

           Дараа нь Эрдэнэсийн сангийн орлого, үндсэн болон гүйлгээний сангийн орлогын төсвийг хаалттай хэлэлцэх ёстой учир хуралдааныг хаалттай горимд шилжүүлэв. Тогтоолын хавсралтыг шинэчлэн батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг дараа нь хэлэлцсэн. Уг тогтоолд дараах өөрчлөлтийг тусгажээ. Үүнд

  • “Санхүүжилтийн эх үүсвэр шийдвэрлэгдсэн, шийдвэрлэх шаардлагатай төсөл, арга хэмжээний болон ТЭЗҮ, зураг төсөл боловсруулах шаардлагатай төсөл, арга хэмжээний жагсаалт, хэрэгжилтийн шалгуур үзүүлэлт бүхий Монгол Улсын 2021-2025 оны хөрөнгө оруулалтын хөтөлбөр”-ийг шинэчлэн батлах,
  • Дээрх хөтөлбөрт тусгасан төсөл, арга хэмжээний санхүүжилтийг тухайн жилийн улсын төсөвт тусгаж байхыг даалгах,
  • Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг үүрэг болгох,

              Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх үндсэн чиглэл, “Монгол Улсын 2021-2025 оны хөрөнгө оруулалтын хөтөлбөр”-ийг боловсруулж, УИХ-ын 2020 оны 23 дугаар тогтоолоор баталсан. Тус хөтөлбөрийн хавсралтад тусгасан төсөл, арга хэмжээнүүдийн хэрэгжилт удаашрах, санхүүжилт саатах зэрэг хүндрэлүүд үүссэн тул өөрчлөх шаардлага гарчээ. Тиймээс дээрх тогтоолын төслийг боловсруулсан байна.

 

              Санхүүжилтийн эх үүсвэр нь тодорхой болсон, ТЭЗҮ-ийг нь хийсэн, бэлтгэл ажлыг нь хангасан арга хэмжээ 150 байсан. Үүний нийт санхүүжих дүн нь 49.7 их наяд төгрөг байснаас таван төслийг хасаж, мөн тооныхыг нэмснийг Сангийн сайд онцлов. Ингэснээр нийт санхүүжих дүн нь 49.7 их наядаас 45.4 их наяд төгрөг болж буурсан байна. Эрүүл мэндийн салбарын тоног төхөөрөмжийг шинэчилж, сайжруулахтай холбоотой төслүүдийг нэмж байгаа аж. Зарим нэг төслийн хувьд санхүүжилт нь саатсан учир Санхүүжилтийн эх үүсвэрийг шийдэх төслийн жагсаалт бүхий хавсралт руу шилжүүлсэн юм байна.

Гишүүд ажлын хэсгийнхэнд ямар асуулт тавьж, хариулт авсныг тоймлон хүргэе.

Г.Дамдинням: Тогтоолын төсөлд өөрчлөлт оруулах тухай гэдэг нэрээр энэ асуудлыг хэлэлцэж байгаа болохоос биш, энэ нь Дархан-Уулын замын санхүүжилтийн зүйлийг нэмж байгаа тухай юм. Өнгөрсөн жилийн жагсаалтад багтсан зүйлийг энэ жил батлуулахдаа яагаад хасчихсан юм бэ. Ямар хариуцлагагүй юм бэ. Дархан-Уулын замыг ашиглалтад оруулахын төлөө сүүлийн хоёр жил чармайж байна. Европын сэргээн босголт, хөгжлийн банкны урсгалын санхүүжилтийг хариуцсан яам нь төслийн нэгж байгуулж, үүргээ биелүүлээгүй гэдэг шалтгаанаас үүдэн нэг сар гаруйн хугацаанд зогсоосон. Үүнээс болж санхүүжилтгүйн улмаас ажил нь гацсан. Сангийн сайд нь хөөцөлдөж байж, санхүүжилтийг нь татуулсан. Энэ жил дахиад уг санхүүжилтийн хэлэлцээрийнх нь зүйл, заалтыг Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх үндсэн чиглэлд оруулаагүй шалтгаанаар төлөвлөсөн цагтаа тус замын ажлыг эхлүүлсэнгүй. Яамдын дутуу хийсэн ажлыг УИХ нөхөж хийх шаардлагатай юу. Тогтоолын төсөл гэж нэрийг нь нууцлаад байгаа болохоос биш, төслүүдийнх нь санхүүжилт гацаж байгаа л асуудал шүү дээ, энэ.  

Л.Халтар (Зам, тээврийн хөгжлийн сайд): Европын сэргээн босголт, хөгжлийн банкны санхүүжилтээр Дархан-Уулын замын хоёр эгнээг барих асуудал нь өмнө нь тусгагдсан байсан. Шинээр нэмж байгаа асуудал биш. Замын барилгын ажлыг хоёрдугаар сарын 15-нд эхлүүлсэн. Хатуу ухмалуудад тэсэлгээ хийж, 70 мянган метр кубын зөөврийн ажил амжуулсан. Газар шорооны ажлыг долоон хоногийн өмнө эхлүүлсэн.  Гишүүнээс нэг зүйл хүсье. Замын ажлыг сөрөг байдлаар ярихаар санхүүжүүлэгч, гүйцэтгэгч талын урам хугарч байна.

Г.Дамдинням: Инженер, техникийн ажилтнууд сайн ажиллаж байгаа. Харин удирдаж байгаа яамныхан чадваргүй байгаа шүү.

Ч.Хүрэлбаатар: Хөрөнгө оруулалтын төслүүдийг өөрчлөх тухай ярьж байгаа. Үүнийг Эдийн засаг, хөгжлийн яамнаас оруулж ирж байгаа. Үүнийг хэлэлцэх үед ийм олон сайд шаардлагагүй. Яам руу явуулж, ажлыг нь хийлгэх хэрэгтэй.

Ц.Даваасүрэн: Газрын тос боловсруулах үйлдвэрийг барих уу, үгүй юү. Халамжид зарцуулж байгаа мөнгө бол нэг тэрбум төгрөгийн өртөгтэй 3-5 үйлдвэрийг нэг жилд бүх суманд барих мөнгө шүү дээ. Нэг жилийн турш олгож байгаа халамжийн мөнгө чинь вакцины 16 ширхэг үйлдвэр барих мөнгө шүү дээ. Эрчим хүчний эх үүсвэр бий болгохгүй юм уу.   

Д.Наранцогт (Эрчим хүчний дэд сайд): Газрын тос боловсруулах үйлдвэр барих төслийг БНЭУ-ын зээлийн хөрөнгөөр санхүүжүүлж байгаа. Энэ онд 155 тэрбум төгрөгийн санхүүжилт хуваарилсан байна. Үйлдвэрийн технологийн бус барилга угсралтын ажлыг энэ онд 111.3 тэрбум төгрөгөөр үргэлжлүүлэх зэрэг олон ажил төлөвлөсөн. “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд эрчим хүчний шинэ эх үүсвэр бий болгох, цахилгаан дамжуулах шугам засварлах, шинээр байгуулах ажлыг хийнэ. Амгалангийн, ТЭЦ-3, 4 цахилгаан станцыг өргөтгөх, Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцыг барих, цахилгаан дамжуулах гурван шугамыг өргөтгөх төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн гэв.       

             Дараа нь Засгийн газраас өргөн барьсан Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн тухайн жилийн гүйцэтгэлийн явц болон Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 2021 оны хэрэгжилтийн талаар Сангийн сайд Б.Жавхлан УИХ-ын чуулганы хуралдаанд танилцуулж, хэлэлцүүлсэн юм.

Сэтгэгдэл