МАН: Хөгжлийн банкны асуудалтай холбоотойгоор намын есөн гишүүнийг шалгуулахыг үүрэг болгосон
2022-03-30
Хөгжлийн банкны зээлийн 53 хувь нь чанаргүй ангилалд шилжиж, 1.8 их наяд төгрөг эргэн төлөгдөхгүй байх эрсдэлд хүрсэн талаарх мэдээллийг өнгөрсөн нэгдүгээр сард ил болгосон. Үүнээс хойш УИХ-аас ажлын хэсэг байгуулж, тус банканд хяналт шалгалт хийлгүүлсэн бол Ерөнхий хяналтын нээлттэй сонсголыг өчигдөр зохион байгуулаад байна.
УИХ-ын нэр бүхий гишүүдийн хамаарал бүхий компани Хөгжлийн банкнаас зээл авсан буюу албан тушаалаа ашиглан өөрт, өөрийн холбоотой этгээдэд давуу байдал олгосон гэх хардлага, мэдээлэл ч нийгэмд ил болсон. Түүнчлэн Хөгжлийн банкны асуудалтай нэр холбогдсон гишүүддээ хариуцлага хүлээлгэхийг эрх баригч МАН-аас "нэхэж", улмаар хууль хяналтын байгууллагаар шалгуулахыг олон нийт шаардаж байгаа. Тэгвэл МАН-ын есөн гишүүнийг өөрийнхөө хүсэлтээр шалгуулахыг тус намын Хяналтын хорооноос үүрэг болгосон байна. Энэ талаар МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан өнөөдөр мэдээллээ.
Тэрбээр "МАН-ын Хяналтын ерөнхий хороо энэ сарын 18-нд хуралдан, 21 дүгээр тогтоолоор Хөгжлийн банкны зээлтэй холбогдсон нэр бүхий 10 гишүүнийг тайлбараа заасан хугацаанд ирүүлэхийг шаардсан. Хөгжлийн банкны асуудлаар Хяналтын хороо энэ сарын 23-нд дахин хуралдаж, ирүүлсэн тайлбар нэг бүрийг авч хэлэлцээд, намын дүрмийн 4.2.5, 4.2.8, 4.2.9, 4.3.2, 35.4 дэх хэсгийг үндэслэн, “Мэдэгдэл хүргүүлэх тухай” 32 тоот тогтоол гаргалаа. Тогтоолд Хөгжлийн банкны зээлд нэр холбогдсон дараах гишүүдийг өөрийн санаачлагаар 4-р сарын 10-ны дотор хууль, хяналтын байгууллагад хүсэлтээ гарган гэм буруутай эсэхээ шалгуулахыг үүрэг болгосон. Эдгээр намын гишүүнийг 4-р сарын 10-ны дотор хуулийн байгууллагаар шалгуулах хүсэлтээ гаргаагүй бол намын гишүүнээс түдгэлзүүлнэ. Гэм буруутай нь тогтоогдвол намын дүрмийн дагуу гишүүнээс хасна" гэв.
 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Сэтгэгдэл