ХЭҮК-т ирүүлсэн гомдлын дийлэнх нь шударга шүүхээр шүүлгэх, хөдөлмөрлөх эрхтэй холбоотой байжээ
2022-03-30
Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 21 дэх илтгэлийг Хүний эрхийн үндэсний комисс (ХЭҮК)-ын гишүүд УИХ-ын дарга Г.Занданшатарт өнөөдөр өргөн барилаа. Илтгэлийг зургаан бүлэгтэйгээр боловсруулж, сэдэв тус бүрт холбогдох санал зөвлөмжийг хавсаргажээ. Тухайлбал, "Ковид-19" цар тахлын үеийн хүний эрх, эрх чөлөөний сургамж, Жендерийн тэгш байдлыг хангах тухай хуулийн хэрэгжилт, хөдөлмөрлөх эрхийн зарим асуудал, гэр бүлийн хүчирхийллээс ангид байх эрх, цэргийн алба хаагч хоорондын дүрмийн бус харилцаа болон эмнэлгийн тусламж үйлчилгээний чанар, хүртээмж зэрэг сэдвийн хүрээнд судалгаа, мэдээлэлд үндэслэн хяналт, үнэлгээ хийж, цаашид авах арга хэмжээг УИХ-аар хэлэлцүүлэхээр тусгасан байна.
Мөн сургалт, соён гэгээрэл, хууль тогтоомжийн нэмэлт санал, олон нийтийн хэлэлцүүлэг, судалгаа шинжилгээ, хяналт шалгалт зэрэг чиг үүргийнхээ хүрээнд ХЭҮК-оос өнгөрсөн онд хийж гүйцэтгэсэн ажлаа товч танилцууллаа. Тухайлбал, иргэдээс нийт 1188 өргөдөл гомдол ирүүлснийг хянан шийдвэрлэснээс хөдөлмөрлөх эрх болон шударга шүүхээр шүүлгэх эрхтэй холбоотой гомдол дийлэнхийг нь эзэлж байна. Түүнчлэн 2022 онд хүүхдийн эрх хамгаалал болон боловсролын салбар дахь хүний эрхийн мониторингийг нэгтгэн, дүн шинжилгээ хийх бөгөөд тавдугаар сарын 1-нээс хэрэгжүүлж эхлэх зарим хуулийн хэрэгжилтэд анхаарч ажиллах юм.
Манай улс Хүний эрх хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хуулийг баталсан Ази тивийн анхны орон болсноор өнгөрсөн онд хүний эрхийн индексийн үзүүлэлт өссөн тухай олон улсын тайланд онцолсон. Цаашид хүний эрхийн индексийн шалгуурыг нарийвчлан тодорхойлж, үндсэн эрх тус бүрээр үнэлгээ өгдөг зарчмаар ажиллах талаар санал солилцов.
Сэтгэгдэл