Ж.Мөнхбат: Парламентын гишүүдийн 17.1 хувийг эмэгтэйчүүд эзэлж буй нь дэлхийн дунджаас доогуур үзүүлэлт
2022-03-29

           Жендерийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийг 2011 онд баталсан. Хууль баталсны 10 жилийн ойн хүрээнд УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо,  Засгийн газар, Жендэрийн үндэсний хороо хамтран өнөөдөр (2022.03.29) “Хуулийн хэрэгжилт, ач холбогдол, цаашдын үр нөлөө” сэдэвт онол практикийн бага хурлыг зохион байгууллаа. 

            УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ж.Мөнхбат бага хурлыг нээж үг хэллээ. Тэрбээр "Монголын түүх, уламжлалд төр, нийгэм, гэр бүлийн амьдралд эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн үүрэг тэгш бус байсан хэдий ч эмэгтэйчүүдийн гүйцэтгэсэн үүрэг үнэлэшгүй их. Монголчууд тэртээх 1924 онд Анхдугаар Үндсэн хуулиа батлахдаа “... тус улсын харьяат иргэдэд угсаа, шашин, эрэгтэй эмэгтэй гэж ялгаварлахгүйгээр нэгэн адил эрхийг эдлүүлэх, хүн бүр чөлөөтэйгөөр үг хэлэх, хэвлэх, жагсах, хуралдах, эвлэлдэх, эрдэм боловсролыг үнэ төлбөргүйгээр олж авах, бусдын хөдөлмөрийг мөлждөггүй 18 нас хүрсэн иргэн бүр сонгох, сонгогдох эрхтэй” хэмээсэн нь хүний эрх, эрх чөлөөг цогц утгаар нь анх удаа хуульчилж, иргэдийн ардчилсан эрх чөлөөг тунхаглан баталгаажуулж, эмэгтэйчүүд нь эрэгтэйчүүдтэй нэгэн адил тэгш эрхтэй хэмээн тунхагласан нь Монгол Улсад төдийгүй Ази тивд анх удаа жендэрийн эрх тэгш байдлыг хэрэгжүүлэх эхлэлийг тавьсан шийдвэр байсан" гэв. 

          Мөн "Жендерийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийг хэрэгжүүлснээр жендерийн талаарх олон нийтийн ойлголт нэмэгдсэн, иргэний нийгмийн байгууллагуудын оролцоо идэвхжсэн, бодлогыг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх тогтолцоо бүрдсэн зэрэг эерэг үр дүн байгаа. Гэвч тус хуулийн зорилго, зорилттой харьцуулахад хуулийн хэрэгжилт дундаас доогуур түвшинд үнэлэгдсэн. 2011 оноос батлан хэрэгжүүлж байгаа тус хууль нь улс төр, эрх зүй, эдийн засаг, нийгэм, соёлын ба гэр бүлийн харилцаанд жендэрийн эрх тэгш байдлыг хангах нөхцөлийг бүрдүүлэх эрх зүйн гол зохицуулалт болж хэрэгжиж байгаа ч давхардал хийдэл, зөрчлийг нь арилгах, бусад хуулийн зохицуулалттай нийцүүлэн уялдуулах шаардлагатай. Тиймээс Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулан 2022 онд багтаан УИХ-д өргөн мэдүүлэхээр тусгасан"-ыг онцлов. 

    УИХ-ын найман удаагийн сонгуулиар нийт гишүүдийн 3.9-17.1 хувьд эмэгтэйчүүд сонгогдож, сүүлийн хоёр удаагийн парламентын 17.1 хувийг эмэгтэй гишүүд эзэлж байгаа нь хамгийн өндөр үзүүлэлт хэдий ч энэ нь дэлхийн дунджаас доогуур түвшинд байгааг Байнгын хорооны дарга хэлсэн үгэндээ дурдаад эмэгтэйчүүдийг эрх мэдэлжүүлэх зорилтын хүрээнд улс төрийн намууд идэвх гарган ажиллах, Улс төрийн намын тухай хуульд жендерийн эрх тэгш байдлыг хангах талаарх асуудлыг сайтар тусгаж өгөх нь зүйтэй талаар тодотголоо. 

 

            Дараа нь НҮБ-ын Хүн амын сангийн тэргүүн Халид Шарифи  үг хэлсэн. Тэрбээр хэлсэн үгэндээ, дэлхийн жендерийн ялгаатай байдлын индексээр Монгол Улс 0.716 оноогоор  159 орноос 69-д эрэмблэгдсэн нь өмнөх 2018 онтой харьцуулахад 10 байраар урагшилсан байна. Насанд хүрсэн эмэгтэйчүүдийн 91.2 хувь нь бүрэн дунд боловсрол эзэмшсэн байгаа нь эрэгтэйчүүдээсээ өндөр гэдгийг тодотгоод, Монголын эдийн засаг, нийгмийн ихэнх салбарт эмэгтэйчүүд идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгаа ч эдийн засгийн боломжууд, улс төрийн шийдвэр гаргах түвшинд жендэрийн тэгш бус байдал байсаар байгааг онцолж байлаа. 

     Монгол Улсын нийт хүн амын 50.85 хувийг эмэгтэйчүүд эзэлж, их, дээд сургуулийн боловсрол эзэмшсэн үзүүлэлтээрээ эрэгтэйчүүдээсээ  өндөр байгаа  ч ажиллах хүчний оролцооны түвшин (55.2 хувь) буюу эрэгтэйчүүдээс (67.5 хувь) доогуур төдийгүй эмэгтэйчүүд удирдах албан тушаалтны 37 хувийг бүрдүүлж буй аж. Олон нийтийн дунд жендерийн хэвшмэл ойлголт, нийгмийн сөрөг хэм хэмжээ, ялгаварлан гадуурхах хандлага, хортой маскулини сэтгэлгээ нь Жендерийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийн хэрэгжилтийг хангахад тулгарч байгаа бэрхшээл бөгөөд хуулийн хэрэгжилтийг удаашруулахад нөлөөлж байгаа хүчин зүйл гэдгийг НҮБ-ын Хүн амын сангийн тэргүүн Халид Шарифи онцолсон. 

         “ММCJ” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ч.Даваасүрэн “Жендерийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийн хэрэгжилтийн үр дагаварын үнэлгээний үр дүнгийн товч танилцуулга”, Жендерийн үндэсний хорооны дэд дарга, Б.Долгор “Алсын хараат, тогтвортой хөгжлийн зорилгыг хэрэгжүүлэхэд жендерийн үзэл, аргыг нэвтрүүлэх шаардлага", Монгол Улсын Боловсролын их сургуулийн багш, доктор, дэд профессор С.Түмэндэлгэр “Жендерийн талаарх судалгаа шинжилгээ, жендэр судлалыг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр, олон ургальч байдлаар өргөн хүрээнд хөгжүүлж, үндэсний хэмжээнд түгээх нь”, жендерийн зөвлөх О.Оюунцэцэг “Жендерийн тэгш байдлыг хангах болон эмэгтэйчүүдийг чадавхжуулах чиглэлээр олон улсын түвшин дэх Монгол Улсын санаачилга, хүчин чармайлт, түншлэл” сэдвээр  тус тус танилцуулга, илтгэл тавилаа.

           Үүнтэй холбогдуулан онол практикийн бага хуралд оролцогчид санал хэлж байр сууриа илэрхийлсэн. Төлөөлөгчдийн зүгээс жендерийн эрх тэгш байдлын асуудлыг төрийн бүх шатны байгууллагын шийдвэрт тусгасан талаарх жендэрийн үнэлгээ хийх, Монголын эмэгтэйчүүдийн байгууллагыг төр, олон нийтийн статустай болгох төдийгүй эрэгтэйчүүдийн асуудалд онцгойлон анхаарах шаардлагатай гэсэн саналуудыг хэлж байлаа. Мөн ерөнхий боловсролын сургуулийн бага ангийн хүүхдүүдийн сурах бичиг, цүнхний нийт жин найм хүртэл киллограмм байгаа нь жендэрийн асуудал гэдгийг тодотгож энэ асуудлыг анхааралдаа авч ажиллахыг Жендерийн  үндэсний хороо, хууль тогтоогчдоос хүсэхийн зэрэгцээ жендэрийн бодлогын асуудлыг шийдвэрлэхэд эдийн засаг, санхүүгийн дэмжлэг үзүүлэх төрийн оролцоог нэмэгдүүлэхэд анхаарах шаардлагатай гэсэн байр суурийг тус тус илэрхийллээ. 

Сэтгэгдэл