Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс нь 2022 оны гуравдугаар сарын 21-25-нд нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 444 иргэний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг шалган, 247 мэдүүлгийг хянан шийдвэрлэжээ. Одоогоор ажиллагаанд 197 нэр дэвшигчийн урьдчилсан мэдүүлгийг хянаж байгаа аж.
Өнгөрсөн долоо хоногт иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн нийтийн албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой 35 гомдол, мэдээллийг хүлээн авч шалгасан байна. Үүнээс зургаан гомдол, мэдээллийг нь хянан шийдвэрлэжээ.
Төлөвлөгөөт хяналт шалгалтын хүрээнд 65 албан тушаалтны хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг шалгаж, долоог нь хянасан байна. Одоогоор 58 албан тушаалтны хөрөнгө, орлогын болон хувийн ашиг сонирхлын мэдүүлгийг шалгаж буй гэнэ.
Дээрх хяналт шалгалтаар илэрсэн 10 мэдүүлэг гаргагчийн зөрчилд Авлигын эсрэг хуулийн 13.8-д заасан хариуцлага тооцуулахаар Гаалийн ерөнхий газарт албан бичиг хүргүүлэв. Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн байж болзошгүй мэдүүлэг гаргагчийн ХОМ-ийг нарийвчлан шалгаж байгааг Авлигатай тэмцэх газраас мэдээллээ.