Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг тоогоор бус, бодит үр дүнгээр хэмжих ёстой гэв
2022-03-28

        УИХ-ын Үйлдвэржилтийн бодлогын, Төсвийн, Боловсрол, шинжлэх ухаан, спортын, Инновац, цахим бодлогын, Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийн тухайн жилийн гүйцэтгэлийн явц болон Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 2021 оны хэрэгжилтийг хэлэлцлээ.  

      Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг 74.5 хувьтай хэрэгжүүлсэн гэж дүгнэснийг Сангийн сайд Б.Жавхлан танилцуулсан. Хөтөлбөрт тусгасан бодлого тус бүрээр харуулбал дараах хувьтай хэрэгжүүлсэн гэж дүгнэжээ. Үүнд

  • “Ковид-19” халдварт цар тахлаас үүдэлтэй нийгэм, эдийн засгийн хүндрэлийг даван туулах бодлого 88 %
  • Хүний хөгжлийн бодлого 78.5 %
  • Эдийн засгийн бодлого 70.9 %
  • Засаглалын бодлого 76.6 %
  • Ногоон хөгжлийн бодлого 65 %
  • Нийслэл ба бүс, орон нутгийн хөгжлийн бодлого 79 %

 

        Харин  Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлд есөн зорилго, 47 зорилтын хүрээнд 2021-2025 онд 243 арга хэмжээг хэрэгжүүлэхээр баталжээ.  Засгийн газрын 2020 оны 206 дугаар тогтоолоор баталсан Бодлогын баримт бичгийн хэрэгжилт, захиргааны байгууллагын үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх нийтлэг журмын дагуу дээрх таван жилийн үндсэн чиглэлийн 2021 оны явцын дундаж үнэлгээ 79.3 хувийн биелэлттэй байгааг танилцуулав.

            Дээрх хөтөлбөр, үндсэн чиглэлд тусгаж, хэрэгжүүлсэн томоохон ажлуудыг мөн онцолсон. Тухайлбал, Засгийн газраас цахилгаан, дулааны эрчим хүч, дулааны уур хэрэглэсний төлбөр, цэвэр, бохир усны үйлчилгээний төлбөрийн тодорхой хувийг хариуцан төлж, хүүхдийн мөнгөн тэтгэмжийг 100.0 мянган төгрөгт хүргэж нэмэгдүүлэсэн. Мөн иргэн бүрд 300 мянган төгрөгийн нэг удаагийн тэтгэмж, 2.2 сая насанд хүрэгчид 50 мянган төгрөгийн урамшуулал олгов. Хүн амын коронавируст халдварын эсрэг вакцины нэгдүгээр тунд 69.8 хувь, хоёрдугаар тунд 66.8 хувь, гуравдугаар тунд 31.6 хувь, дөрөвдүгээр тунд 3.4 хувийг хамруулж, цар тахал эхэлснээс хойш нийт 36360 Монгол иргэдээ эх оронд нь ирүүлэх ажлыг зохион байгуулсныг тодотголоо.

         Түүнчлэн “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө"-ний хүрээнд ажлын байрыг дэмжих зээлд 1.9 их наяд төгрөг, репо санхүүжилтийн зээлийн хүрээнд нийт 789.8 тэрбум төгрөг, ипотекийн хөнгөлөлттэй зээлийн хүрээнд 925 тэрбум төгрөг, хөдөө аж ахуйг дэмжих болон малчдыг дэмжих зээлийн хүрээнд 384.2 тэрбум төгрөг тус тус олгосныг онцолсон. 

            2021 оны байдлаар 40 цэцэрлэг, 32 сургууль, 5 спорт заал, 12 дотуур байрыг ашиглалтад оруулсан бол Дулааны IV цахилгаан станцын хүчин чадлыг 46 мВт-аар өргөтгөж, “Оюутолгой” төслийн гаднын хөрөнгө оруулагч талтай хэлэлцээр хийх ажлын явцад үр дүн гарч, хөрөнгө оруулагч тал өмнө нь үүссэн 2.3 тэрбум ам.долларын өрийг 100 хувь барагдуулж, ирээдүйд тооцогдох 22 тэрбум ам.долларын өр үүсэхгүй болсноор уг төслийн Засгийн газрын эзэмших хувь Монгол Улсад үнэ төлбөргүй ирэх боломжтой болсон талаар танилцууллаа.

       Харин зарим гишүүн үүнийг бодитой дүгнэсэн, эсэхэд эргэлзэж буйгаа илэрхийлж, хэрэгжүүлээгүй ажил, арга хэмжээний талаар жишээ татаж байв. Тухайлбал, УИХ-ын гишүүн Б.Жаргалмаа, Н.Учрал, П.Анужин, Б.Баярсайхан, Н.Наранбаатар нар “Өөрсдийнхөө ажлыг өөрсдөө дүгнэж, 90, 100 хувийн гүйцэтгэлтэй гэж бичих бус, бодит үр дүнд анхаарах нь чухал. Тоогоор дүгнэх боломжгүй ажлуудыг төлөвлөгөөнд тусгасан хэрнээ түүнийхээ хэрэгжилтийг хувиар дүгнэх нь учир дутагдалтай” гэж байр сууриа илэрхийлэв. Үүнд ажлын хэсгийнхэн хариулахдаа “Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн 2021 онд хэрэгжүүлэх ажлын дийлэнх нь “бэлтгэл ажлыг хангах, зураг төслийг боловсруулах, судлах” шинжтэй тул гүйцэтгэл нь ийм өндөр дүнтэй байгаа” гэж онцолсон.  

 

Сэтгэгдэл