Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хуулийн үйлчлэлд төсвөөс санхүүждэг байгууллага болох УИХ-ын Тамгын газар хамаардаг. Тодруулбал, уг хуулийн дагуу УИХ-ын Тамгын газар өөрийн эзэмшилд байгаа бүх төрлийн мэдээ, баримт бичиг, байгууллагын үйл ажиллагаатай холбоотой бусад мэдээллийг мэдээлэл хүсэгчийн хүсэлтийн дагуу гаргаж өгөх ёстой. Гэвч УИХ-ын Тамгын газар нь уг хуулийг биелүүлж ажиллахгүй, нээлттэй, ил тод байдлыг хангахгүй байна.
United Info Hub төслийн хэрэгжүүлэгч “Цогц Хөгжлийн Үндэсний Төв” ТББ-аас www.uih.mn талбарын мэдээллийг шинэчлэхээр УИХ-ын Тамгын газарт мэдээлэл авах хүсэлтийг 2022.03.09-нд гаргасан. Уг хүсэлтээр УИХ-ын 2021 оны намрын ээлжит чуулганаар хууль батлахад өгсөн гишүүн тус бүрийн санал, УИХ-ын гишүүдийн чуулганы ирц, намрын чуулганаар батлагдсан хуулиудыг санаачилсан, ажлын хэсэгт нь ажилласан гишүүдийн мэдээллийг тус бүр авахыг хүссэн.
УИХ-ын Тамгын газар нь уг хүсэлтийн хариуг 2022.03.21-нд ТГ-02/265 тоот албан бичгээр ирүүлсэн ч бидний хүссэн мэдээллийг бүрэн гаргаж өгсөнгүй. УИХ-ын Тамгын газраас “www.parliament.mn цахим хуудаст байршуулсан УИХ-ын 2021 оны намрын ээлжит чуулганы хуралдааны тэмдэглэлээс санал хураалттай холбоотой мэдээллийг авах боломжтой” гэсэн хариу өгчээ. Гэвч чуулганы хуралдааны тэмдэглэлд тухайн хуулийг батлахад гишүүн тус бүрийн өгсөн санал, санал хураалтын дэлгэрэнгүй дүнг тусгадаггүй тул Тамгын газрын өгсөн уг хариу нь төөрөгдүүлсэн, мэдээллийг нуун дарагдуулсан шинжтэй байна.
Мөн УИХ-ын 2021 оны намрын чуулганы хуралдаанд гишүүдийн оролцсон байдлын талаарх статистик мэдээллийг хавсралтаар ирүүлсэн ч гишүүдийн хуралдаан тус бүрд ямар ирцтэй оролцсон талаарх нарийвчилсан мэдээлэл байхгүй байгаа юм.
УИХ-ын Тамгын газар нь Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хуулийг биелүүлэхгүй буюу иргэдийн мэдэх эрхийг дэмжихгүй, хуулиар нууцад хамааруулаагүй мэдээллийг гаргаж өгөхгүй байна.
Иргэд, сонгогчид өөрсдийн төлөөлөл болох УИХ-ын гишүүдийг хуралдаанд оролцож байгаа, эсэх талаарх ирцийн дэлгэрэнгүй мэдээлэл, мөн иргэдийг төлөөлж хуулийн төслийг батлахад ямар санал өгч байгааг мэдэх эрхтэй. Уг эрхийг Мэдээллийн ил тод байдал, мэдээлэл авах эрхийн тухай хуулиар баталгаажуулсан.
Гэвч хуулийг баталдаг байгууллага өөрөө энэ мэтээр хуулиа хэрэгжүүлэхгүй байгаа тохиолдолд “Парламентын боловсрол”, “Өсвөрийн парламент”, иргэний засаглах эрхийг дэмжсэн “Нээлттэй парламент” зэрэг хөтөлбөр, уриалга нь үр дүнд хүрэх нь эргэлзээтэй.
Парламентын үйл ажиллагааг сайжруулахад иргэдийн хяналтыг дэмжиж, мэдээллийн ил тод байдлыг сайжруулах шаардлагатай. УИХ-ын Тамгын газрыг хууль биелүүлж, иргэдийн мэдэх эрхийг хангаж ажиллахыг шаардаж байна.