МАН: Орон сууцын доорх газрыг иргэдэд нь эзэмшүүлнэ
2022-03-28

          УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр хуралдаж, Монгол Улсын эдийн засгийн нөхцөл байдлын талаарх Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн мэдээлэлтэй танилцжээ. Мөн УИХ-ын гишүүн Б.Энхбаяр тэргүүтэй гишүүдийн өргөн барьсан Газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаар хэлэлцсэн байна. УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, гишүүн Х.Булгантуяа, Б.Энхбаяр нар бүлгийн хуралдааны дараа мэдээлэл хийлээ.

            Дарга Д.Тогтохсүрэн “Манай улс сүүлийн хоёр жилд цар тахлын амаргүй нөхцөл байдалтай нүүр тулсан. Харин одоо ОХУ, Украины дайнтай холбоотойгоор эдийн засагт сөрөг нөлөөлөл үүсэж байна. Эдийн засагт хүндрэл үүсэж байгаа учраас богино хугацаанд шийдэл гаргах шаардлагатай гэж бүлгийн гишүүд үзлээ. Тиймээс тодорхой саналуудыг нэгтгэн, ойрын хугацаанд УИХ-д танилцуулахыг Засгийн газарт чиглэл болгосон” гэв.

            Газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд аливаа орон сууцын газрыг тухайн оршин суугчид нь эзэмшүүлэх зохицуулалт тусгажээ. Уг төслийг өнгөрсөн намрын чуулганы сүүлийн өдөр хэлэлцсэн бөгөөд гишүүд өөр байр суурьтай байсан тул МАН-ын бүлгийн саналаар завсарлага авсан юм. Дээрх төслийг хэлэлцэхийг дэмжих нь зүйтэй гэдэгт МАН-ын бүлгийн гишүүд санал нэгджээ.

Дараа нь сэтгүүлчид МАН-ын бүлгийн гишүүдэд ямар асуулт тавьж, хариулт авсныг хүргэе.

-Эдийн засагт ямар зохицуулалтыг зайлшгүй хийх ёстой гэж үзэж байна вэ. Засгийн газар ямар хүрээнд санал боловсруулж, танилцуулна гэсэн үг үү?

Д.Тогтохсүрэн: Экспорт, импортын нөхцөл байдал хязгаарлагдаж, зарим нь бүр саатсан. Тиймээс үүнтэй холбоотой зохицуулалт шаардлагатай. Мөн ОХУ Украины дайнтай холбоотойгоор дэлхий нийтэд шатахууны үнэ өсөж байна. Олон улсын нөхцөл маш богино хугацаанд өөрчлөгдөж байгаа. Ингэснээр эдийн засагт тодорхой, тухайлбал, үнийн хөөрөгдөл, ам.долларын ханш өсөж байгаа зэрэг хүндрэл үүсэх боллоо. Тиймээс богино хугацааны, нэг удаагийн биш, урт хугацаанд хэрэгжүүлэх хөтөлбөр чиглэл гаргах хэрэгтэй гэж үзсэн.

-Манай улс дефолт зарлах хэмжээнд хүрлээ гэх боллоо. Үүнд ямар байр суурьтай байна вэ. Хөтөлийн “Цемент шохой компанийн хувьчлалыг хүчингүй болгосон нь иргэний хөрөнгийг төр дээрэмдээд авчихлаа гэх шүүмжлэл дагуулж байна.

Д.Тогтохсүрэн: Дефолт зарлах хэмжээнд хүрээгүй. Манай улсын гадаад валютын нөөц 3.2 тэрбум ам.доллар байна. Бүх зүйл зогсчихсон уу гэвэл үгүй. Өдөрт нүүрс тээврийн 400 машин хилээр гарч байна. Зэсийн болон төмрийн баяжмалыг төмөр замаар гаргаж байгаа. Тодорхой хэмжээнд хязгаарласан ч гэсэн импортын барааг Замын-Үүдийн боомтоор оруулж байна.

Хөтөлийн “Цемент шохой”-н үйлдвэртэй холбоотойгоор Засгийн газраас гаргасан шийдвэрийн талаар ярилцаагүй. Харин Засгийн газраас ойрын үед уг шийдвэрийн төслөө өргөн барих юм билээ. Тэр үед нь ярилцана гэж үзэж байгаа.

-Газрын багц хуулийн төслийг хэзээ хэлэлцэх вэ. Өөрчлөлт оруулах биш багцаар нь шинэчлэх шаардлагатай гэж үзэж байгаа юу?

-Б.Энхбаяр: Газрын багц хуулийн төслийг Барилга, хот байгуулалтын яамныхан боловсруулсан, удахгүй өргөн барих юм билээ. Баянзүрх дүүргээс сонгогдсон гишүүд бидний боловсруулсан Газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн гол агуулга бол нэгдүгээрт, нийтийн орон сууцад амьдарч байгаа, түүнийгээ өмчилсөн иргэдэд нь тухайн орон сууцынх нь доорх болон орчны газрыг хувь ногдуулж, хязгаартайгаар эзэмшүүлэх тухай юм. Хоёрдугаарт, төрийн байгууллагуудын эзэмшиж байгаа газрын зориулалтыг тухайн байгууллагын дарга нар нь өөрчилж, худалддаг байдлыг таслан зогсооход чиглэсэн. Төрийн байгууллагын дарга нар тухайн байгууллагын эзэмшиж буй газрын зориулалтыг өөрчлөх боломжийг хязгаарлана гэсэн үг. Гуравдугаарт, барьж дуусаагүй барилгын нэрээр үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гаргуулж, бусдад барьцаалах, захиалга өгсөн буюу орон сууцынхаа өмчлөх эрхийг авах гэж буй хүмүүсийг хохироодог байдлыг таслан зогсоох зорилготой.

           

Сэтгэгдэл