Мал аж ахуйг дэмжих төслөөр талцуулсан долоо хоног
2022-03-27

        УИХ өнгөрсөн долоо хоногт (гуравдугаар сарын 21-27-нд) гурван хуулийн төсөл, Үндсэн хуулийн цэцийн нэг дүгнэлт, зээлийн хоёр хөтөлбөрийг хэлэлцэж, гишүүний нэг асуулгын хариуг сонслоо.

          Хуулийн төслүүдээс хамгийн онцлох нь Засгийн газраас өргөн барьсан   Зарим төрлийн хяналт үйл ажиллагааг түр зогсоох тухай хуулийн төсөл. Цар тахлын улмаас иргэд, аж ахуйн нэгжүүдэд үзүүлж байгаа сөрөг нөлөөллийг бууруулж, эдийн засгийн үр ашгийг нэмэгдүүлэн, сэргэлтийг нь эрчимжүүлэх зорилгоор төрийн зарим төрлийн хяналт шалгалтыг 2024 он хүртэл зогсоох талаар үүнд тусгасан. Тодруулбал, мэргэжлийн хяналтын ерөнхий газар болон тус газраас байцаагчийн эрх авдаг нийт 17 байгууллагаас хийдэг төлөвлөгөөт хяналт шалгалтыг гурван жилийн хугацаанд зогсоох юм. Харин иргэдийн өргөдөл, гомдлын мөрөөр шалгалт хийх боломжтой бөгөөд Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо, татвар, гааль, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгал, хүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудал хариуцсан байгууллагаас хийдэг хяналт уг хуулийн үйлчлэлд хамаарахгүй.

       Дээрх төслийг хэлэлцэхийг дэмжсэн ч цөөнгүй гишүүн эсэргүүцэж байгаагаа илэрхийлсэн. Учир нь хяналт шалгалт хийгээгүйн улмаас Үндсэн хуулиар олгосон, иргэний суурь, тухайлбал, эрүүл мэндээ хамгаалуулах, амьд явах, аюулгүй орчинд амьдрах зэрэг эрхийг зөрчих нөхцөл бүрдэнэ гэж шүүмжилж байв. Тиймээс хуулийн төслийг яаран батлахгүй, зарим зохицуулалтыг нь боловсронгуй болгох шаардлагатай гэж үзсэн.

Иргэний үнэмлэх дээр регистрийн дугаар биш, 12 оронтой тоо байна

     УИХ-аар хэлэлцсэн дараагийн хуулийн төсөл нь мөн л Засгийн газраас өргөн барьсан Улсын бүртгэлийн ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай юм. Иргэн бүрийн бүртгэлд 12 оронтой тоо бий бөгөөд түүнийг нь иргэний үнэмлэх дээр нь хэвлэж, оронд нь тухайн хүний регистрийн дугаар, хувийн зарим мэдээллийг арилгах зохицуулалттай эл төслийг гишүүд магтаж байв. Иргэний үнэмлэхийг нэгдсэн байдлаар солихгүй, харин гээсэн, солиулах нас нь болсон гэх шалтгаанд үндэслэн шат дараатай олгосноор 3-4 жилийн дараа бүх хүний паспортыг шинэчилж дуусахыг ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар онцолсон.

“Гэмт хэргийн улмаас нас барсан хүний насыг хүн амын дундаж наслалтаас хасаж, төлбөр олгоно”

   Шүүх шинжилгээний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-аар хэлэлцэхийг дэмжсэн. Шүүх шинжилгээний нийтлэг журмыг боловсронгуй болгож, шинжилгээний хугацааг жишиг хугацааг үндэслэн тогтоох, шүүх шинжилгээний хэлбэр, төрлийг шинээр тодорхойлж, шинжилгээний адилтгал, мэдээллийн сан, түүний төрлийг бүрдүүлэх, ашиглах, хамгаалах эрх зүйн орчныг бүрдүүлэх талаар үүнд тусгасан. Мөн хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэргийг тогтоох,  түүнийг арилгах, нөхөн төлөх төлбөрийн хэмжээг үнэлэх, шинжилгээ хийх талаарх эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгохоор зохицуулжээ.

       Судлаачдын хөнддөг чухал асуудал болох сэтгэл санааны хохирлыг нөхөн төлүүлэх талаар уг төсөлд тусгасныг ажлын хэсгийнхэн онцолсон. Тухайлбал, ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга П.Сайнзориг “Сэтгэл санааны өөрчлөлтийг арилгаж чадахгүй ч гэсэн мөнгөн дүнгээр хохирлыг нь төлөх асуудлыг уг хуульд тусгасан. Бодит хохирлыг шүүх тогтооно. Хүний амь насны доод хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150 дахин нэмэгдүүлсэн буюу 63 сая төгрөгөөр үнэлж хуульд тусгасан. Мөн өөр нэгэн аргачлалын хувилбар байгаа нь хүн амын дундаж наслалтаас тухайн гэмт хэргийн улмаас нас барсан иргэний насыг хасна. Жишээ нь, хүн амын дундаж наслалт 70 гэж тооцвол 20 настай хүн амиа алдлаа гэхэд 50 насны зөрүү гарч байна. Тэр хүн 50 жил идэвхтэй амьдрах боломжтой байсан. Тиймээс хөдөлмөрийн хөлсний хэмжээг 50 дахин үржүүлж буюу 111 сая 600 мянган төгрөгийг тухайн ар гэрт нь олгоно гэдэг хувилбар бий. Эдгээр аргачлалын аль ашигтайг нь хохирогчид үзүүлэх юм” гэсэн.

Г.Занданшатар: Бүхэл бүтэн яам айлын хашаа хороог засахад гаднаас зээл авна гэж бодохгүй байна

     “Уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй, тогтвортой мал аж ахуйг хөгжүүлэх нь” төслийг Азийн хөгжлийн банк (АХБ)-ны 30 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлэх зөвшөөрлийг олгох, эсэх асуудлыг УИХ-аар хэлэлцэх үед гишүүдээс багагүй шүүмжлэл хэлсэн учир уг асуудлыг түр хойшлуулсан. Мөн үүнтэй хамт хэлэлцүүлсэн “Жижиг зардлыг санхүүжүүлэх хөтөлбөр”-ийг 20 сая ам.долларын зээл авч, хэрэгжүүлэх тухай асуудлыг ч “хойш тавив”.

    Мал аж ахуйг дэмжих зорилготой уг төслийн хүрээнд олон ажил хийхээр тусгасан ч малчдын хашаа хороог сайжруулах, худаг барих гэх мэт зүйлсийг зээлийн хөрөнгөөр хийх шаардлагагүйг гишүүд хөндсөн. Мөн уг төслийг Архангай, Өвөрхангай, Баянхонгор, Булган гэсэн аймагт хэрэгжүүлэхээр сонгосон нь эдгээр бүсийг яаж шалгаруулсан гэх олон асуултыг дагуулсан юм. Зөвхөн УИХ-ын танхимд бус, иргэд ч уг төслийг цахим сүлжээгээр дамжуулан ихээхэн шүүмжилж байв. Тиймээс УИХ-ын дарга Г.Занданшатар баасан гаргийн чуулганы үеэр “Бүхэл бүтэн яам айлын хашаа хороог засахад гаднаас зээл авна гэж бодохгүй байна. Үнэхээр ийм зориулалтаар зээл авах гэж байгаа бол зориулалтыг нь өөрчлөх хэрэгтэй” гэсэн.  

Чихэрлэг ихтэй ундаанаас татвар авах хуулийн төслийг өргөн барив

       УИХ-ын зарим гишүүн Хэт чихэрлэг ундааны хэрэглээг бууруулах тухай хуулийн төслийг өргөн барилаа. 100 гр ундаан дахь чихрийн агууламж таван граммаас дээшгүй байвал татвар ногдуулахгүй, харин үүнээс их хэмжээний чихрийн агууламжтай бол онцгой албан татвар ногдуулах бөгөөд энэ нь дэлхий нийтийн чиг хандлага гэдгийг тэд тодотгосон. Мөн чихэр ихтэй хүнс ихээр хэрэглэснээс хүн амын дунд суурь өвчлөл үүсдэг бөгөөд иргэдийнхээ эрүүл мэндэд анхаарах цаг болсон гэж байв.

      УИХ-ын нэр бүхий гишүүд Зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ. Зөрчлийн тухай хуулийг 2017 оны долдугаар сарын 1-ний өдрөөс хэрэгжүүлж эхэлсэн ч зөрчлийг тодорхойлохдоо Эрүүгийн хуульд заасан зарим төрлийн гэмт хэргийн шинжтэй давхардуулсан, заримыг нь тусгалгүй орхигдуулсан, зөрчлийн хариуцлагыг давхардуулан тодорхойлсноос тус хуулийг хэрэгжүүлэхэд төвөгтөй нөхцөл үүсгэж, хууль ёсны зарчмыг гажуудуулах үр дагаврыг бий болгосныг засах шаардлагатай гэж тэд үзсэн байна. Түүнчлэн шууд торгох шийтгэлийг урьтал болгодгийг залруулан, эхний удаа “сануулах”, дараа нь “торгох” гэсэн зарчмыг баримтлах ёстойг онцолсон.

 

Сэтгэгдэл