УИХ-ын чуулганы өнөөдрийн үдээс өмнөх хуралдаанаар зарим хуулийн төслийг санаачлагчийнх нь хүсэлтийн дагуу татан авч байгааг мэдэгдлээ. Тухайлбал, УИХ-ын гишүүн Д.Өнөрболороос 2021 оны аравдугаар сарын 11, гишүүн П.Анужингаас 2021 оны аравдугаар сарын 12, гишүүн Х.Ганхуяг, Х.Булгантуяа нараас 2022 оны гуравдугаар сарын 22-нд УИХ-д тус тус хүргүүлсэн албан бичигт "Хөрөнгө оруулалтын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай болон Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг татан авч байгаа"-гаа бичжээ. Уг хуулийн төслийг 2021 оны зургадугаар сарын 21-нд өргөн мэдүүлсэн бөгөөд дараах зохицуулалтыг тусгасан нь олон нийтийн дунд шүүмжлэл дагуулсан. Үүнд
УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 20.3-т “… хууль, тогтоолын төслөө татан авах тохиолдолд тухайн төсөл нь хэлэлцүүлгийн аль шатанд байгаагаас үл хамааран хууль санаачлагч хууль, тогтоолын төслөө татан авах үндэслэлээ тусгасан албан бичгийг УИХ-д ирүүлэх бөгөөд УИХ-ын дарга нэгдсэн хуралдаанд энэ тухай танилцуулснаар хууль санаачлагч хууль, тогтоолын төслөө татан авсанд тооцно” гэж заасан байдаг.
УИХ 2021 оны намрын ээлжит чуулганаараа “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг баталж, эдийн засгийн хараат бус, бие даасан байдлыг бэхжүүлэх, цар тахлын эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөг бууруулах, “Алсын хараа 2050” урт хугацааны хөгжлийн бодлогыг үр дүнтэй хэрэгжүүлэх, эдийн засийн сэргэлтийг эрчимжүүлж, өсөлтийг хурдасгах суурь нөхцөлийг бүрдүүлэхээр ажиллаж байгаа бөгөөд үүний хүрээнд Засгийн газраас 2022 онд үе шаттайгаар өргөн мэдүүлэх хуулийн төслүүдийн жагсаалтад Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл багтсан аж. Тус төслийг 2022 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцүүлэхээр бэлтгэж буй юм байна.