УИХ-ын чуулганы үдээс өмнөх нэгдсэн хуралдаан өнөөдөр 10.20 цагт эхэлж, Үндсэн хуулийн цэцийн 2022 оны нэгдүгээр дүгнэлтийн танилцуулгыг сонслоо.
Шүүхийн тухай хуулийн 51.3 дахь хэсэг Үндсэн хуулийн 14.1, 14.2, 16.4 дэх заалтад нийцсэн, эсэх тухай маргааныг Үндсэн хуулийн цэц 2022 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн дунд суудлын хуралдаанаараа хянан хэлэлцсэн. Шүүхийн тухай хуулийн 51.3 дахь хэсэгт “Шүүгчийн албан тушаалаас огцорсон, эсхүл өндөр насны тэтгэвэрт гарсан бол өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэхийг хориглоно" гэж заасан нь Үндсэн хуульд нийцэж байна гэж Цэц дүгнэсэн байна.
Уг дүгнэлтийг Цэцийн гишүүн Ц.Нанзаддорж чуулганы хуралдаанд танилцуулсан бөгөөд гишүүд асуулт асууж, үг хэлсэнгүй. Тиймээс чуулганы үдээс өмнөх хуралдааныг өндөрлүүлснийг УИХ-ын дарга Г.Занданшатар мэдэгдлээ. Боловсролын, Зөвшөөрлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл зэргийг хэлэлцүүлэгт бэлтгүүлэх ажлын хэсгүүд үүний дараа хуралдахыг мөн анхааруулав.