“Азийн хөгжлийн банк (АХБ)-наас 30 сая ам.долларын зээл авч, малын хашаа хороог сайжруулах зэрэг ажлыг хийх нь” гэх шүүмжлэл нийгэмд үүсээд байна. Энэ үнэн үү гэвэл төслийн танилцуулгад бичсэнээр бол үнэн, харин Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэр (ХХААХҮ)-ийн сайдын хэлснээр бол худал болчихоод байгаа юм. Учрыг сийрүүлье.
УИХ-ын хэд хэдэн байнгын хороо өчигдөр болоод өнөөдөр хуралдлаа. Засгийн газар АХБ-наас 30 сая ам.долларын зээл авч, “Уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй, тогтвортой мал аж ахуйг хөгжүүлэх нь” төсөл хэрэгжүүлэх зөвшөөрлийг УИХ-аас авахаар уг асуудлыг байнгын хороодын хуралдаанаар хэлэлцүүлсэн юм. Мягмар гарагт хуралдсан, Төсвийн байнгын хорооны гишүүдийн олонх уг төслийг дэмжсэн ч цөөнгүй нь хатуу шүүмжлэл хэлсэн. Харин өнөөдрийн Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хуралдаанаар үүнийг хэлэлцэх үед олон гишүүн дэмжихгүйгээ илэрхийлсэн тул хэлэлцэхийг нь хойшлуулав.
Архангай, Баянхонгор, Булган болон Өвөрхангай аймгийн хил залгаа 20 суманд хэрэгжүүлэх уг төсөл нь нийт 34.5 сая ам.долларын өртөгтэй. Үүнээс 30 сая ам.долларыг нь АХБ-наас хөнгөлөлттэй зээл авахаар тус банкны талтай зөвшилцжээ. Төсвийн хүрээнд хийх ажлыг тоймловол дараах зүйлс багтаж байна.
Төслийн хүрээнд хийх ажлын талаарх илүү дэлгэрэнгүй мэдээллийг доорх зургаас харна уу.
Дайран дээр давс нэмэв гэгчээр аашилсан нь
“Малчдад зориулан 14 000 малын хашаа хороог сайжруулах ажлыг төслийн хүрээнд хийнэ” гээд цагаан дээр хараар бичжээ. Хашаа хороог сайжруулахаас гадна худаг, ус гаргах, өвсний агуулах барих, малчин өрх, боловсруулагчдын хооронд холбоо тогтоож, мал аж ахуйн маркетингийг сайжруулах, санал хүсэлт өгөх тогтолцоо бий болгох, малчдын бүлгийн малыг тэжээх гэх мэтчилэн ажлыг хийнэ гэсэн нь гишүүдийн “дургүйг хүргэв”. Эдгээр ажлыг батлагдсан төсвийн хүрээнд яамнаас зохицуулан хийх боломжтой, улсын өр, зээл “тааз”-ндаа хүрсэн байхад ийм төсөл хэрэгжүүлэх шаардлагагүй гэх зэргээр шүүмжлэл хэлсэн гишүүдийн түмэн зөв.
Гэхдээ дэмжихгүй өөр шалтгаан ч бас байсан нь зарим гишүүний байр сууринаас илт анзаарагдлаа. Тэр юу гэвэл, төсөл хэрэгжүүлэх дөрвөн аймгаас сонгогдсон гишүүд дэмжиж, бусад тойргийнхон нь дэмжихгүй санал хэлсэн. Тухайлбал, гишүүн Д.Тогтохсүрэн, Ж.Бат-Эрдэнэ, С.Чинзориг нар дэмжиж санал хэлсэн бол гишүүн Н.Наранбаатар, Д.Өнөрболор, Т.Аюурсайхан, Б.Энх-Амгалан, Ц.Цэрэнпунцаг, Н.Энхболд нар эсэргүүцэх, дэмжихгүй байх талд байр сууриа илэрхийлснийг дараах мэдээллээс харна уу. Нэг ёсондоо мал аж ахуйг дэмжих, малчдын орлогыг сайжруулах ийм төслийг хэрэгжүүлэх талбайд өөрийнх нь тойрог багтаагүйд “сэтгэл гонсгор” үлдсэн гишүүд дайран дээр давс нэмнэ гэгчээр элдэв өө хайж, шүүмжилсэн гэхэд хилсдэхгүй.
“Сэлэнгэ аймаг нэлээд дээгүүр орох юм шиг санагдаж байна”
УИХ-ын гишүүн Д.Өнөрболор: Төслийг зарчмын хувьд дэмжиж байна. Сайдын хувьд төсөл нь хоршооллыг дэмжих үндсэн концепцтэй гэж танилцууллаа. Концепц талаас нь авч үзсэн ч тэр, газар тариалангийн бүс гэдэг утгаар нь ч тэр, эрэмбэ дараалал, шалгуур үзүүлэлтээр нь тооцоход Сэлэнгэ аймаг нэлээд дээгүүр орох юм шиг санагдаж байна. Зөвхөн бэлчээрийн даацаар нь шалгуур үзүүлэлтийг тооцоход арай боломгүй юм биш үү. Би барьцаж байгаа юм биш, зарчмын асуудал ярьж байгаа учраас ойлгоно биз. Төсөл хэрэгжүүлэх газрыг ямар шалгуураар сонгосныг тодорхой хэлмээр байна.
“Хэдэн гишүүд нь тойрогтоо очоод “Би хашаа барьж өглөө” гэнэ”
УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан: Засгийн газрын өрийн хязгаар хэтэрсэн. Төсвийн тусгай шаардлагад нийцэхээргүй болсон. Тэгээд дахиад зээл авна гэдэг нь байж боломгүй зүйл. Төслийн зориулалтыг нь ч харахад дэмжихэд хэцүү байна. Малчдын алиных нь хашаа хороог сайжруулах юм бэ. Хэнийг нь орхих вэ. Мэдээллийн баазыг сайжруулах, эргэх холбоог дэмжих, санал хүсэлт өгөх тогтолцоог бий болгох ажлыг ХХААХҮЯ өөрийн чадавхи, төсвөөрөө хийх хэрэгтэй. Халамжаас хөдөлмөрт шилжинэ гэчихээд иргэдийн нэг хэсэгт нь бэлэн юм өгөөд байх уу. Хэдэн гишүүд нь тойрогтоо очоод “Би хашаа барьж өглөө, би худаг гаргаж өглөө” гээд л. Ийм зүйл байж болох юм уу. Улсаа нийтлэг байдлаар нь харах ёстой.
“Бэлчээрийн даац олон дахин хэтэрсэн говийн бүс нутаг огт хамрагдаагүй байна”
УИХ-ын гишүүн Н.Наранбаатар: АХБ-ны 30 сая ам.долларын хүүтэй зээлээр Архангай, Өвөрхангай, Булган, Баянхонгор аймгийн 20 сумын малчдын 14000 хашаа, хороог засч сайжруулах, өвсний агуулах барих, худаг ус гаргах зэрэг ажил хийх нь. Уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт, уул уурхайн үйл ажиллагаанд хамгийн их өртөж бэлчээрийн даац олон дахин хэтэрсэн говийн бүс нутаг, тэр дундаа Өмнөговь аймгийн нэг ч сум энэ төсөлд хамрагдаагүй байна. Тиймээс төслийн зорилго, чиглэлээ тодорхой болго, судалгаа, эрсдэлийн үнэлгээгээ сайн хий. 14 000 малын хашаа барина энэ тэр гээд. Малчидтай уулзахад малын хашаа барих нэг ч санал гаргаагүй.
“Төсөл хэрэгжүүлэх дөрвөн аймгийн гишүүдийг битгий хардаад бай”
УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн: Энэ төслийг дэмжинэ. Уур амьсгалын өөрчлөлтөд байгаа мал аж ахуйн салбарыг хөгжүүлэх, тэр дотроо бэлчээрийн менежментийг сайжруулахад чиглэгдсэн төсөл юм байна.
УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ: 14 000 хашаа барина гэдгээс болоод гишүүд маань буруу тийшээ эргэчих шиг боллоо. Энэ бол яг нүдээ олсон төсөл. Төсөл хэрэгжүүлэх дөрвөн аймгийн гишүүдийг битгий хардаад бай. Миний хувьд зам, тээврийн салбарын хүн ч гэсэн сүүлийн найман жилийн турш мал аж ахуй ярьж байна. Эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхийн тулд хашааг гэхээс илүү хадлангийн талбайг хаших, бэлчээрээ хамгаалах, хадлан тэжээлээ бэлдэхэд чиглэнэ. Өнөөдөр ямар хонины мах идэж байгаагаа мэдэх үү. Ямааны ямар сайхан үүлдэр байлаа, одоо юу болсон билээ. Хурга бордох, цөм сүрэг сайжруулах асуудал бол зайлшгүй байх хэрэгтэй зүйл.
УИХ-ын гишүүн С.Чинзориг: Төслийн зарчмыг нь дэмжиж байгаа. Засгийн газар нэлээд судалж, нөхцөл байдлыг үнэлж хийсэн байх. Хамгийн гол нь хэрэгжүүлэх хугацаа нь өнөөгийн эдийн засаг хүндэрсэн үетэй таарсан учир гишүүд ингэж яриад байгааг би ойлгоно. Аль 2018 оноос судалгааны ажлаа хийж, АХБ-тай ажилласан ийм төсөл юм байна лээ. Малчдын амьдралыг ойлгодог хүн манай Эдийн засгийн байнгын хороонд их ховор юм аа.
Ажлын хэсгийнхний зөрүүтэй, ойлгомжгүй байр суурь гишүүдийг бухимдуулав
Төсөл хэрэгжүүлэх дөрвөн аймгийг хэрхэн, ямар шалгуураар сонгосон бэ, Малын хашаа хороог сайжруулах ажлыг хийх юм уу? гэх асуултад ажлын хэсгийнхэн хэрхэн хариулсныг танилцуулъя.
ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан: Энэ төслийг хэрэгжүүлэхийн тулд 2018 оноос судалгаа хийж, тухайн дөрвөн аймаг, хил залгаа 20 сумыг сонгож авсан. Эдгээр аймгийн малын ерөнхий өсөлт болон бэлчээрийн даац нь бусад аймагтай харьцуулахад (зөвхөн Хөвсгөл аймаг энэ үзүүлэлтээр ойролцоо) хамгийн их байна. Хамгийн их малтай дөрвөн аймаг, хил залгаа 20 сумыг сонгосон. Малын хашаа хороог сайжруулна гэдэг нь өвөлжилтийн эрсдэлийг бууруулах замаар дэмжлэг үзүүлэх хэлбэрээр байна. Түүнээс биш учиргүй хашаа барьж өгөх асуудал бол байхгүй.
ХХААХҮЯ-ны Мал аж ахуйн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Батмөнх: Малын хашаа хороог сайжруулах асуудал гэдэг нь мал аж ахуйн салбарын өвөлжилт, хаваржилтын эрсдэлийг бууруулах хүрээнд дэмжлэг үзүүлэхээр төсөлд тусгасан. Дэмжлэг үзүүлнэ гэдэг нь малчдын өвөлжөө, хаваржаанд зохицуулалтын арга хэмжээ авч, тодорхой хэмжээний мөнгөн дэмжлэг үзүүлж, хашаа хороо барихад нь аймаг, орон нутагтай гэрээний үндсэн дээр зохицуулалт хийхээр тусгасан.
ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан: Хашаа хороо барина гэдэг нь мөнгөн дэмжлэг үзүүлэх юм билээ. Бэлчээрийн нөөц газрыг шинээр байгуулна. Тэнд хашаа хороо шинээр байгуулахад зориулж, сум, орон нутагт нь дэмжлэг үзүүлнэ.
ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн: Сүүлийн гурван жилд ган, зудын давтамж өндөртэй байсан дөрвөн аймгийн, хоёр суманд төсөл хэрэгжүүлэхээр сонгосон. Эдгээр бүс нутагт малын нягтшил хэт өндөр, бэлчээрийн маргаан их байдаг. Хашаа хороо барина гэдэг нь төслийн танилцуулгын хүрээнд төлөвлөсөн зүйл болохоос төслийг хэрэгжүүлэхэд эргэн харж, бага зэргийн өөрчлөлт хийх боломжтой.
Төслийн хүрээнд ХХААХҮЯ-нд Бэлчээр, тэжээлийн хэлтэс байгуулах юм уу. Гадаадын зээлээр төрийн захиргааны төв байгууллагад бүтцийн нэгж байгуулдаг болсон уу? гэх асуултад ажлын хэсгийнхэн хэрхэн хариулсныг танилцуулъя.
ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан: Яам, тамгын газарт хэлтэс, нэгж байгуулах ойлголт байхгүй. Өмнө нь ямар нэгэн төслийг хэрэгжүүлэхэд төслийн нэгж гэж байгуулдаг байсан. Харин энэ төслийн онцлог бол тухайн төсөлд хамрагдаж байгаа малчид, хоршоологчид өөрсдөө хэрэгжүүлэгч нь байна. Үүнийг ингээд орчуулчихсан юм уу, хаашаа юм. Би ингэж л ойлгож байна. Сангийн яамнаас танилцуулгыг нь бэлтгэж оруулж ирсэн. Алдаатай юм их байна. Орчуулгын алдаанаас болоод материал нь янз бүр тараагдаж, буруу ойлгогдоод байх шиг байна.
Сангийн сайд Б.Жавхлан: Орчуулга энэ тэр яриагүй байлгүй дээ, би хоцроод ирлээ, уучлаарай. (Хэн нэгэн цаанаас нь ярьсан ярьсан. Сангийн яам бүр уучлал гуй гэж ярьсан гэв.) Пөөх баларсан байна шүү дээ. Төслийн хүрэх үр дүн гэсэн хэсэг дотор “rangeland and further division” гэж байгаа шүү. Тэгээд яамны чинь нэрийг тавьчихсан. “Project unit” нь тусдаа. Энийг Сангийн яам орчуулж оруулдаггүй. Төслийн бичиг баримтыг төсөл хэрэгжүүлэгч яам, санхүүжүүлэгч олон талт хөгжлийн институцынхантай цуг сууж байгаад англи, монгол хэл дээр бэлддэг. Түүнийгээ манайд ирүүлдэг, бид орчуулдаггүй.
Сайд З.Мэндсайхан хамгийн их малтай дөрвөн аймгийг худал нэрлэв
УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өнөөдрийн хуралдааны үеэр ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан “Тухайн дөрвөн аймгийг (Архангай, Өвөрхангай, Булган, Баянхонгор) малынх нь даацаар сонгож авсан. Өмнөговь аймаг бол 2.8 сая малтай. Харин эдгээр аймаг дунджаар зургаан сая малтай. Энэ дөрвөн аймаг дөрвүүлээ хамгийн их малтай нь” гэж хэллээ.
Түүний хэлсэн мэдээллийг нягтлахад худал, төөрөлдүүлсэн шинжтэй байна. Тодруулбал, доорх график I-ээс үзэхэд хамгийн их малтай дөрвөн аймагт Хэнтий, Төв, Архангай, Хөвсгөл багтаж буй юм. Харин Булган, Өвөрхангай, Баянхонгор нь малынхаа тоогоор дунджид хамаарч байна. Мөн Архангай, Өвөрхангай, Булган, Баянхонгор аймгийн малын тоо зургаан саяд хүрэхгүй. Архангай 5.5, Өвөрхангай дөрөв, Булган 3.6, Баянхонгор 3.1 сая малтай байна.
График I
График II-т малынхаа тоогоор дээгүүр жагсдаг сумдын мэдээллийг багтаав. Төсөл хэрэгжүүлэхээр сонгогдсон 20 сумтай харьцуулж харна уу. Төсөл хэрэгжүүлэхээр сонгосон талбайд дараах аймаг, сумд багтсан.
График II
Нэмэлт мэдээлэл.